sonin.mn
Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгссөн сонсогчдод цол, энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний 350 дугаар ангид боллоо. Энэ ажиллагаанд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Сонсогчид 8,5 сарын хугацаанд нийт 35 багц цагийн хичээлийг судлан мэргэжлийн ахлагч болохын зэрэгцээ инженерийн дугуйт машины механик жолооч мэргэжлийг эзэмшиж байгаагаараа онцлог аж. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат “Монгол Улсын Зэвсэгт хүчин үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна хуулиар хүлээсэн бусад үүргийнхээ хүрээнд эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн бахдам түүхтэй. Уг үйлсийн улбааг цааш үргэлжлүүлэхэд та бүхэн түүчээ болж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм. 
Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн дарга, тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн “Өнөөдөр манай төвийг 51 сонсогч төгсөж, Зэвсэгт хүчний ахлагч нарын эгнээнд нэгдэж байна. Цэргийн анхан шатны бэлтгэл, ерөнхий бэлтгэл, тусгай бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл хичээлийг үзэж, үйлдвэрлэлийн дадлагаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хийлээ. Бид Налайх дүүргийн МСҮТ-тэй хамтран сонсогчиддоо инженерийн дугуйт машины механик жолооч мэргэжлийг эзэмшүүллээ. Зэвсэгт хүчний хөгжилд нэн хэрэгцээтэй мэргэжлээр ийн давхар суралцан төгсөж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн онцлов.
 
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин