sonin.mn
Зураг дээр энэ 2 цэргийн алба хаагчийг АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын 207 дугаар ашиглалтын инженерийн бүлгийн ахлагч Жек Карлсон, 297 дугаар бүсийн дэмжлэгийн ангийн ажиллагааны ахлагч, тэргүүн ахлагч Мийхан Маурийн гэдэг. Ажил, амьдралаа армитай холбосон эгэл жирийн цэргийн гэр бүл болох тэднийг онцолж ярилцлагынхаа хойморт урьсан юм.
 
Монгол оронд хөл тавьсан анхны сэтгэгдлээс тань эхлээд хуваалцья... 
 
Мийхан Маурийн: 
-Танай цэргийн сонинд ярилцлага өгч байгаадаа манай гэр бүл туйлаас баяртай байна. Миний хувьд 2016 онд монголд анхлан хөл тавьж, тэр жилдээ 3 удаа ирсэн. Эхлээд “Хааны эрэлд” олон улсын сургуулийн сургагч багшийн дамжаанд суралцсан. Түүний дараа удалгүй “Хааны эрэлд” сургуульд оролцож, энгийн иргэдийг хамгаалах цэг дээр сургагч багшаар ажилласан. Мөн намар нь буюу 8 дугаар сард ирж “Аюулгүй байдлын секторт эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хуралд оролцож байлаа. Монголын тал нутагт анх ирэхэд маш дотно, гүн сэтгэгдэл төрсөн. Цаг агаарын хувьд яг л Алясктай адилхан. Хүмүүс нь элэгсэг дотно, найрсаг, гайхалтай ард түмэн. 
 
Жек Карлсон: 
-Баярлалаа. Миний хувьд өнгөрсөн 3 дугаар сард анх ирж “Хааны эрэлд” олон улсын сургуулийн сургагч багшийн дамжаанд суралцсан. Энэ удаад иргэдийн үймээнийг хянах цэг дээр багшаар ажиллаж байна. Яг л Мийханы хэлсний адил Алясктай адил санагдаж байсан. Хүмүүс нь их уриалгахан, зочломтгой гэдэгтэй санал нэг байна.
 
Мөр зэрэгцэн цэргийн алба хааж буй танай гэр бүлээр бахархаж байна...
 
Мийхан Маурийн: 
-Баярлалаа. Миний хувьд Аляскийн Үндэсний гвардад хамт алба хаадаг хүнтэй гэрлэсэндээ баярладаг, бас гэр бүлээрээ бахархдаг. 
 
Жек Карлсон: 
-Би ч мөн адил гэр бүлээрээ бахархдаг. Нэг газар ажилладаг гэр бүлд давуу тал олон бий. Тухайлбал, бие биеийнхээ ажлын онцлогийг ойлгох, бие биедээ туслаж дэмжихээс эхлээд цагийг хамтдаа өнгөрүүлэх боломж бүрддэг. Бид хүү, охинтой. Хүү маань 10, охин 13 настай. Тэд цэргийн албаны талаар маш сайн ойлголттой байдаг төдийгүй биднээр ямагт бахархаж, цэргийн амьдралын талаар найз нөхөддөө байнга ярьдаг.
 
Тэд магадгүй аав, ээж шигээ цэргийн хүн болох хүсэлтэй байгааг үгүйсгэхгүй. Харин та хоёр хүүхдүүдээ ямар мэргэжил сонгоосой гэж хүсдэг вэ?
 
Мийхан Маурийн: 
-Одоогоор хүүхдүүд маань харьцангуй жаахан байгаа болохоор тэдэнтэй ирээдүйн ажил, мэргэжлийнх нь тухай ярилцаагүй. Гэхдээ би ээж хүний хувьд тэднийг цэргийн амьдрал сонгож, цэргийн сургуульд суралцах бодолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 
Жек Карлсон: 
-Цэргийн гэр бүлд төрж өссөн, цэргийн алба хаагч байхын давуу талыг харж байгаа болохоор тэд энэ чиглэлээр академи, коллежид суралцах хүсэлтэй байгааг үгүйсгэхгүй. Цэргийнхэнд дэлхийн олон орноор аялах боломж байдгийг хүүхдүүд маань харж байна шүү дээ.
 
Тийм болохоор тэд бидний мэргэжлийг сонгох сонирхолтой байгаа байх аа. 
 
Цэргийн алба тийм ч хялбар, зав чөлөөтэй ажил биш шүү дээ. Та хоёр ар гэрийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ? 
 
Мийхан Маурийн: -Бидний хувьд ямар нэгэн ажиллагаанд цуг явж байгаагүй. Тийм болохоор хэн үлдсэн нь ар гэрийнхээ бүхий л асуудлыг хариуцдаг. Азаар аав, ээжүүд, ах дүү нарын маань дэмжлэг туслалцаа их байдаг болохоор төдийлөн хүндрэл гардаггүй.
 
Танай Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдынхаа тэр тусмаа ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийнхээ ар гэрт чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар тодруулахгүй юу? 
 
Мийхан Маурийн: 
-Аляскийн Үндэсний гвардад олон төрлийн хөтөлбөр байдаг. Түүн дотор цэргийн алба хаагчдын ар гэрт чиглэсэн үйлчилгээ цөөнгүй бий. Тухайлбал, ажиллагаанд явсан цэргийн алба хаагчдын хүүхдүүдэд сургууль дээр нь очиж зөвлөгөө өгдөг, тэднийг нэг зусланд амрааж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг нь хангах талаар анхаардаг.
 
Жек Карлсон: 
 
-Сүүлийн 20 жилийн туршид ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдынхаа ар гэрт анхаарах тал дээр маш санаачилгатай ажиллаж, энэ бол чухал гэдгийг ойлгож байгаа. Биднийг олон удаа, урт хугацаагаар гэрээсээ хол байх үед гэр бүлийг маань баяр баясгалантай, санаа зовох зүйлгүй байлгахад онцгой анхаардаг.
 
Үүрэг гүйцэтгэсэн ажиллагааныхаа тухай тодруулбал...
 
Мийхан Маурийн: 
-2016, 2017 онд Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан. Тэнд монголын цэргийн багийн 4, 5 дугаар ээлжтэй хамт үүрэг гүйцэтгэсэн. 
 
Жек Карлсон: -2011, 2012 онд мөн Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн.
 
Монгол цэргүүдийг Та бүхэн хэрхэн дүгнэдэг вэ? 
 
Жек Карлсон: 
-Би хэзээ ч монгол цэргүүд шиг хариуцлагатай, тэсвэр хатуужил, сахилга баттай цэргүүдтэй ажиллаж байгаагүй. Тэднийг төрөлхийн дайчид гэж хоёрхон үгээр илэрхийлмээр байна.
Мийхан Маурийн: -Монголын цэргүүд Афганистанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд ямар ч алдаа гаргалгүй, мэргэжлийн түвшинд ажиллаж чаддаг нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн.
 
“Хааны эрэлд-2018” сургууль өндөрлөж байна. Энэ сургуулийн тухайд санал бодлоо хуваалцахүй юу?
 
Мийхан Маурийн: 
-“Хааны эрэлд” олон улсын сургуульд гэр бүлийн хүнтэйгээ хамт оролцсондоо баяртай байна. Олон орны цэргийн алба хаагчдын мэргэжлийн арга барил, дадлага, туршлагаас суралцаж, өөрсдийнхөө мэдлэг чадварыг нэмэгдүүллээ. Миний харж байгаагаар энэ удаагийн сургуульд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн нь ажиглагдлаа. Цаашид эмэгтэйчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэхэд сургуульд оролцогч орон бүр анхаараасай гэж уриалмаар байна. Дашрамд 2 талын хамтарсан сургуулийг олон улсын чанартай сургууль болгон өргөжүүлж, зохион байгуулалтын өндөр түвшинд хамтран ажилладаг хоёр улсын Зэвсэгт хүчинд, цэрэг дайчдад талархал илэрхийлье. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, монгол цэргүүдийг Аляскад олноор суралцуулахад анхаараасай гэж хүсч байна. 
 
Жек Карлсон: 
-“Хааны эрэлд” олон улсын сургууль маш амжилттай, үр дүнтэй явагдлаа. Бусад орны цэргийн алба хаагчдаас их зүйл сурч, чамлахааргүй дадлага, туршлага хуримтлууллаа. Ажил албандаа ч тусгах олон шинэлэг санаа өвөртлөн буцаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Мөн олон сайхан найз нөхөдтэй боллоо. Ирэх жилийн сургуулиар эргэн уулзахдаа баяртай байх болно.
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин