sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок попын ертөнцөд анхдагч хамтлагуудын нэгд зүй ёсоор ордог “Хурд” хамтлагийн 25 жилийн ой энэ наадмаар монгол түмнийхээ хамт өргөн дэлгэр тэмдэглэнэ.
"Хурд" хамтлагийн олон түмнийхээ сэтгэлд хоногшсон  “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” дуугаараа хайрлан хүндлэгдсэн билээ. "Хурд" хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо Сүхбаатарын талбайд нийслэлчүүдтэйгээ хамтдаа тэмдэглэхээр зэхэж байна. 
Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ.
"Хурд" хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлжээ. Тус пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм.
Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ны 20:00 цагт “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг