sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нийтийн тээвэрт 99 чиглэлд том оврын 638 автобус үйлчилнэ.
 Үүнд, эхний чиглэл нь “Мишээл экспо” болон Дүнжингарав худалдааны төвөөс 3 минут тутамд том оврын автобус Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд явж байна. Энэ чиглэлийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэх бөгөөд бор өнгийн зөвшөөрлийн таних тэмдгээр ялгагдана. Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, нийслэлийн гудамжийг дамжин өнгөрөх чиглэлийн автобусуудыг зөвшөөрлийн улаан өнгөөр тэмдэглэжүүлжээ. Баяр наадмын энэ өдрүүдэд иргэдийг нийтийн тээврээр чирэгдэлгүй үйлчлэхээр төлөвлөн зохицуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газрын хэлтсийн дарга Б.Галбадрах хэлж байна. 11-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд наадамчин олонд зориулаад “Мишээл экспо” төвөөс 13 чиглэлд 101, Дүнжингарав худалдааны төвөөс 24 чиглэлийн 176 автобус гарч байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн-“Мишээл экспо”, Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав чиглэлд их багтаамжийн 20 автобус гурван минут тутамд үйлчилж байхаар зохицуулжээ. 
 
 
 
Хоёр дахь чиглэл нь Нарны замын урдах Дундголын рэйлбус зогсох буудлаас Төв цэнгэлдэх хүртэл 3 автобус 10 минут тутамд зорчино. Гурав дахь чиглэл нь рэйлбусын Амгалан-Давааны зөрлөг чиглэлд 1500 төгрөгөөр үйлчилж, Давааны зөрлөгөөс цааш Хүй долоон худаг буюу морь барианы газар хүртэл 5 автобус 4 минут тутамд 1000 төгрөгөөр зорчих юм.  Энэ чиглэлийн буюу богино эргэлтээр явах автобус нь зөвшөөрлийн хөх өнгөөр ялгагдана. 
Хүй долоон худаг руу рэйлбусаас гадна 10 минут тутамд том оврын автобус үйлчлэх юм байна. Энэ чиглэлийн автобусыг цэнхэр өнгөөр тэмдэглэжүүлсэн гэж байна. Мөн Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт автобусны карт цэнэглэх цэгүүдийг байршуулсан гэв. Нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт, мэдээллийг 7004-4040 болон 11-323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах юм. 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг