sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн 6 дугаар сарын 14-нөөс энэ сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдсан “ДАШТ-2018”-ын ялагчаар Хорватын шигшээ багийг 4:2-оор хожсон Францын шигшээ баг тодорсон билээ. Францчууд дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм.
Харин энэ тэмцээний мөнгөн медалийн эзнээр тодорсон Хорватын шигшээ баг түүхэндээ хамгийн сайн үр дүнг харуулсан юм. Хорватын шигшээ багийн хувьд өмнө нь гаргаж байсан хамгийн өндөр амжилт нь 1998 онд хүртэж байсан хүрэл медаль юм. Харин энэ тэмцээнд англичуудыг 2:0-оор хожсон Бельгийн шигшээ баг анх удаа хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн ОХУ, Иран, Исланд болон Панамын шигшээ багууд тэмцээний шигшээ тоглолтуудад тунаж үлдэх болзлыг анх удаа хангаж чадснаараа, түүхэндээ хамгийн өндөр амжилтуудыг гаргаж чадсан юм.
 
 
Зөвлөлт Холбоот улс задран унаснаас хойш ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ний шигшээ тоглолтын шатанд 3 удаа оролцож байсан бөгөөд нэг ч удаа хэсгээсээ гарч байгаагүй юм. Харин Зөвлөлт Холбоот улсын үеийн Оросын шигшээ баг 1966 онд болсон ДАШТ-д 4 дүгээр байр эзэлж, хамгийн өндөр амжилтыг үзүүлж байсан юм.
 
 
Дээд амжилтууд
 
“ДАШТ-2018” торгуулийн цохилтын тоогоор дээд амжилт тогтоосон юм. Тэмцээний туршид 11 метрийн торгуулийн цохилт заасан тохиолдол 29 удаа бүртгэгдсэн байна. Үүнээс 22 тохиолдолд нь тоглогчид гоол оруулжээ. Өмнө нь 1998 болон 2002 онуудад болсон ДАШТ-үүд 11 метрийн торгуулийн цохилтын тоогоор дээд амжилт тогтоож байжээ.
 
 
Түүнчлэн “ДАШТ-2018” өөрийн хаалганд оруулсан гоолийн тоогоор дээд амжилт тогтоожээ. Мөн Хорватын тоглогч Марио Манджукич ДАШТ-ний шигшээ тоглолтод өөрийн хаалга руу гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч болсон байна. ОХУ-ын шигшээ баг өөрийн хаалга руу 2 удаа гоол оруулснаар энэ үзүүлэлтээр тэргүүлжээ. Өөрийн хаалга руу гоол оруулсан тохиолдлын тоогоор 1998 оны ДАШТ тэргүүлж, дээд амжилт тогтоож байсан бол энэ жилийн ДАШТ-д өөрийн хаалганд гоол оруулсан 12 тохиолдол бүртгэгдсэнээр шинэ дээд амжилт тогтоосон байна.
 
 
Египетийн шигшээ багийн хаалгач 45 настай Эссам Эль-Хадари ДАШТ-ний түүхэн дэх хамгийн ахмад настай тоглогч болсон нь энэ тэмцээний бас нэгэн онцлох үйл явдал болсон юм. Өмнө нь ДАШТ-ний хамгийн ахмад настай тоглогчоор  Колумбийн хөлбөмбөгчин Фарид Мондрагон тодорч байжээ. 2014 онд болсон тоглолтод тэрбээр 43 настай байсан аж.
Түүнчлэн Португалийн довтлогч Криштиану Роналду 3 гоол оруулсан хамгийн ахмад настай тоглогч болсон юм. Өдгөө 33 настай тамирчин К.Роналду Испанийн шигшээ багтай хийсэн тоглолтод 3 гоол оруулсан юм.
Мөн Мексикийн тоглогч Рафаэль Маркес 5 ДАШТ-д багийн ахлагчаар ажилласан түүхэн дэх анхны тоглогч болсон байна.
 
Статистик үзүүлэлтүүд
 
Энэ жилийн ДАШТ-ний 64 тоглолтод багууд нийт 169 гоол оруулжээ. Үүнээс Бельгийн шигшээ баг хамгийн өндөр үзүүлэлтийг харуулж чадсан бөгөөд 7 тоглолтод 16 гоол оруулсан байна. Харин Английн шигшээ баг дүрмийн хүрээнд стандарт байрлалаас гүйцэтгэсэн цохилтоор гоол оруулсан хамгийн шилдэг баг болжээ.
Энэ тэмцээнд Хорватын шигшээ баг хамгийн их дүрэм зөрчсөн баг болжээ. Хорватын хөл бөмбөгчид 114 удаа алдаа гаргаж, 15 удаа шар картаар торгуулсан байна. Тэмцээний туршид шүүгчид нийт 219 шар, 4 улаан карт үзүүлжээ. Түүнчлэн хамгаалалтаараа болон өрсөлдөгчийнхөө хаалга руу цохилт хийсэн тоогоороо Хорватууд хамгийн шилдэг нь болсон байна.
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын шилдэг довтлогчоор Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн, хамгийн сайн үр дүн гаргасан тоглогчоор Оросын шигшээ багийн тоглогч Денис Черышев, Бельгийн хөл бөмбөгчин Ромелу Лукаку, Португалийн тамирчин Криштиану Роналду, Францын тамирчин Антуана Гризманна болон Килиана Мбаппе нар тодорсон байна. Энэ тэмцээнд толгойгоороо гоол оруулсан тоогоор Колумбийн хамгаалагч Ерри Мина тэргүүлжээ.
 
 
Мөн Бельгийн хаалгач Тибо Куртуа шилдэг хаалгачаар тодорсон бол Францын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам ерөнхий дасгалжуулагч болон тоглогчийн хувиар ДАШТ-д ялалт байгуулсан түүхэн дэх 3 дахь хүнээр тодорсон байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг