sonin.mn
ХАВАЙ. /Би-Би-Си/. Хавай арал дээр оршдог Килауэа галт уулын дэлбэрэлтээс цацагдсан хайлмагт аяллын усан онгоц өртсөний улмаас зорчиж явсан аялагчид дундаас 23 хүн бэртэж гэмтсэн тухай тус муж улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэнийг телевизийн “Би-Би-Си” суваг уламжлав.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас агаарт хүчтэй шидэгдсэн чулуу болон чулуулгийн хэлтэрхийнүүд аялагчдын сууж явсан завины дээврийг цөмөлсөн байна. Нэг зорчигчийн хөл хугарсан бол бусад зорчигч түлэгдсэн ажээ. Тэднийг эмнэлэгт яаралтай хүргэн эмчилж байна. Муж улсын эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Килауэа уул нь өнгөрсөн тавдугаар сард дэлбэрсэн бөгөөд түүнээс хойш утаа, хайлсан чулуулаг цацсаар байсан аж. Уг галт уул нь дэлхийн ихээхэн идэвхтэй галт уулуудын нэгд тооцогддог бөгөөд өмнөх дэлбэрэлтийн үеэр олон зуун байшин, орон сууцыг сүйтгэж, мянга мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын геологийн судалгааны төвийн судлаачид уг галт уулын хайлмагийн урсгал нь бяцхан арал үүсгээд байгаа тухай мэдээлсэн байна.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг