sonin.mn
ТОКИО. /Киодо/. Япон улс энэ оны эхний хагасын байдлаар 15.89 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар өссөн бөгөөд энэхүү үзүүлэлт нь дээд амжилт тогтоогоод байгаа тухай тус улсын аялал жуулчлалын агентлагаас лхагва гарагт мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
Энэхүү өсөлт нь үргэлжилсээр байх аваас энэ онд Япон улс 30 сая жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа ба энэ нь түүхэнд байгаагүй хамгийн олон тооны жуулчин татсан жил болох ажээ. Ирэх 2020 онд Токио хотод болох зуны олимпийн наадмын үеэр 40 сая жуулчин татна хэмээн тус улсын засгийн газраас төлөвлөөд байгаа юм байна.
Энэ оны эхний хагаст Япон улсаар аялсан жуулчдын дундаас хятад аялагчид хамгийн олон буюу 4.05 сая байсан бол Өмнөд Солонгос улсаас 4.02 сая аялагч ирсэн гэсэн тооцоо гарсан байна. Зөвхөн зургадугаар сард л гэхэд гадаадын 2.7 сая жуулчин тус улсыг сонгон аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг