sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Соёлын биет бус өвийн их наадам”,  “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган энэ сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулахаар боллоо.
Тус наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өв /СББӨ/-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд II шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан нэгдүгээр байр 20 сая, хоёрдугаар байр 15 сая, гуравдугаар байр 10 сая төгрөг, тус бүр цом, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм.
Мөн СББӨ-ийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон СББӨ-ийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын Зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал олгох аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг