sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор хорио цээр тогтоосон  Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван сумын  1904 өрхийн 1.1 сая толгой малыг вакцинд хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу тээвэрлэж, тууж, унаж, эдэлж яваа мал, амьтныг хяналтын цэгт үзлэг хийлгэх, лабораторийн шинжилгээнд хамруулах зэрэг үйл ажиллагаанаас гарах зардлыг иргэн, хуулийн этгээд хариуцдаг юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр зааснаас бусад зардлыг иргэн, хуулийн этгээд гаргадаг. Хэрэв мал, амьтнаа тогтоосон хугацаанд дархлаажуулалтад хамруулаагүйгээс бусдад хохирол учирсан бол, уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал өмчлөгч хариуцдаг. Тиймээс малаа вакцинжуулахад малчид идэвхтэй, хариуцлагатай оролцохыг анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг