sonin.mn
Зуны дэлгэр цаг гэхээр олон хүнд хот газрын хэмнэлээс зугатаж,  гэр бүл, найз нөхдөөрөө  хөдөө явж,  амарч зугаалахсан гэж боддог. Тиймдээ ч улсын баяр наадмаас хойш нийслэл хот бараг эзгүйрч, хөдөө хээрийн аглагт найр наадам хэсч, ах дүүгээрээ нутаг усаа зорих нийслэлчүүдийн цуваа хөвөрдөг билээ. Иймд бид энэ удаа жуулчдын хамгийн тав тухтай улирал гэгддэг долдугаар сард аль аймгийн ямар суманд очвол аялал жуулчлалын сонирхолтой эвент  зохион байгуулагдахыг хэлж өгье.
 
ГОВЬ АЛТАЙ АЙМАГТ ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ СОНИРХООРОЙ
 
 
Зарим жуулчид  аялалын төлөвлөгөөгөө их эртнээс гаргаж, очих газраа эрт захиалгаа өгдөг.  Ялангуяа, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ихээр очдог  байгалийн үзэсгэлэнтэй газар, хотуудад очихдоо энэ зарчмыг баримталдаг. Харин Монголд бол зун, намрын зургаан сард жуулчид ихээр ирдэг. Тэдний үзэх дуртай зүйл бол мэдээж, монгол наадам. “Чингисийн Монгол”-ыг  тодотгох нүүдэлчин монголчуудын амьдрал ахуй, байгалийн үзэсгэлэнт газрууд, уламжлалт ёс заншил, шашин соёлыг гайхуулсан арга хэмжээнүүд гээд тоочих зүйлс олон бий. Тэгвэл зуны дэлгэр долоо, наймдугаар сард хот, хөдөөд жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тухайлбал, сарлагийн баяр, элсний фестиваль, сумдын тэгш ой давхацсан баяр наадмууд, байгалийн үзэсгэлэнт газрууд гээд жуулчдын сонирхлыг татах зүйлс олон.
Говь Алтай аймагт жил бүр долдугаар сарын гурав дахь долоо хоногт тус аймгийн Жаргалан сум, Эрээн нуур жуулчны баазад  болдог “Элсний фестиваль”-ыг сонирхож болох юм байна. Уг  арга хэмжээг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг бөгөөд эхний өдөр наадамд оролцогчдыг бүртгэнэ. Хоёр дахь өдөр нь, элсний фестиваль наадмын нээлт , адуучин тэмцээн, сумдын урлагийн тоглолтыг сонирхож болох ажээ. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн сонирхолтой хэсэг буюу элсний спортын тэмцээнүүд, элсний волейбол, элсний цана буюу чөлөөт гулгалт, элсэн уулын оргил булаалдах тэмцээн, элсэн дээрх морин поло,  элсний шоу үзүүлбэр, хүндэтгэлийн хүлээн авалт, элсний фестивалийн хаалт, галын наадам, оролцогч сумдын хамтарсан урлагийн тоглолт гээд энэ үеэр хамгийн доргио шоу тэнд болох юм байна.
 
ИХ УУЛ СУМАНД ЭРИЙН ГУРВАН НААДАМТАЙ
 
 
Монгол наадам сонирхож буй жуулчид хөдөөг зориход зарим аймгийн наадмууд бас таарна. Учир нь улсын баяр наадмаас хойш наадмаа хийж буй аймаг, сумд цөөнгүй байна. Тухайлбал, байгалийн тогтоц сайтай  Завхан аймгаар очиж аялангаа зарим сумдын баяр наадмыг сонирхож болох юм байна.  Завханыхан энэ жил Их-Уул сумынхаа 95 жилийн ойг долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.  Энэ үеэр уламжлалт эрийн гурван наадмаас гадна хос морьтон шалгаруулах, 45-55 насны ахмад бөхчүүдийн барилдаан, сумын цол олгох барилдаан, хүүхдийн барилдааныг дөрвөн насны ангиллаар зохион байгуулах юм байна. Мөн ахмад бөхчүүдийн барилдаан болно. Түүнчлэн Улаанбаатар, Эрдэнэт хотуудад суугаа нутгийн уугуул, суугуул иргэддээ зориулж, тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна гэж байв. Тоглолтыг УДЭТ-ын  жүжигчин, Монгол Улсын гавьяат хүжигчин Л.Дэмидбаатар найруулж байгаа аж.
 
ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЖУУЛЧДЫН ХӨЛД ДАРАГДЖЭЭ
 
 
Зуны улиралд Монголд ирсэн жуулчид гэлтгүй улсын баяр наадмаас хойш дотоодын аялагчдын хөлд  дарагддаг газар бол Хөвсгөл нуур. Энэ жил далай  үзэхээр ирсэн гадаад, дотоодын жуулчдын тоо өмнөх жилийнхээс илүү байна гэдгийг саяхан яваад ирсэн хүмүүс ам уралдан ярьж байна. Тухайлбал, энэ сарын 15-ны байдлаар Хөвсгөл нуурын эргэн тойронд 24000 жуулчин ирээд байна гэдгийг жуулчны компаниуд хэлж байв. Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал  нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч одоогоор ачаалал нь 5-6 дахин нэмэгдсэн байгаа ажээ. Хэрэв та Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа бол зам зууртаа  үзэсгэлэнт сайхан Хөвсгөл  аймгийн нутаг дахь түүхийн дурсгалт үзмэр газрууд, жуулчдад зориулсан аялал жуулчлалын цогцолборуудтай танилцаж болох юм. Тухайлбал,  “Уушгийн өврийн буган хөшөө”, “Аялал жуулчлалын цогцолбор”-ыг үзэж сонирхвол аялагчдад зориулсан олон хөтөлбөрүүд таныг угтах болно. Мөн далай ээжийг тойрсон жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалалтай ажиллаж байгаа  учраас зарим иргэд өөрсдийн майхантайгаа нуурын эргээр олноороо бууж байгаа аж. Хэрэв та хөвсгөл явахаар шийдсэн бол буудаллах газартаа захиалгаа эртхэн өгөөрэй.
 
АРХАНГАЙ АЙМГИЙН НААДАМ 21, 22-НД БОЛНО
 
Аялал жуулчлалын түнш аймаг гэгдэх Архангай аймагт жуулчдын нүдийг баясгах үзэсгэлэнт газар олон бий. Бид энд долдугаар сард болох арга хэмжээнүүдийг онцолж байгаа учраас наадамтай аймгуудын талаарх мэдээллийг бас дурдаж байна. Архангай  аймагт энэ жил шүлхий өвчин гарсантай холбоотойгоор баяр наадмаа долдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэхээр товложээ. Мөн  бусад сумдын баяр наадмыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Харин зарим  байгууллагын ойн баяруудын товыг тогтоолгохоор албан бичиг хүргүүлээд байгаа аж.  Архангай аймаг нь түүх, дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт есөн гайхамшигт газартай гэдэг. Эдгээрээс гадаад, дотоодын жуулчдын хамгийн их зорьж аялах дуртай газар бол Тэрхийн цагаан нуур юм. Нуур хүрэх нийт 190 гаруй км замд Ихтамир сумын “Тайхар чулуу”, Өндөр-Улаан сумын “Чулуут голын хавцал”, “Чойдогийн боргио”, “Хоргын тогоо”, тэгш тал дүүрэн хүрмэн чулуу, ой мод, ганц хүний агуй, шар нохойн там, долоон гэр гэх зэрэг түүх, домог агуулж байдаг олон сонирхолтой газруудыг үзэх боломжтой.
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин