sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд  бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг бол монгол уран бичлэг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм.  Монгол уран бичлэг нь монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг билээ. Энэхүү уран бичлэгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа “Бичиг соёл” төвийн багш Д.Ганбаатартай уулзаж ярилцав.
 
-Улс орон бүр өөр өөрийн гэсэн уран бичлэгтэй. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас, нийлүүрийг ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг. Харин тэднээс монгол уран бичлэгийн ялгарах онцлог нь юу вэ?
 
-Уран бичлэг буюу калиграф гэдэг нь эртний Грекээс гаралтай гоё сайхан бичиг гэсэн утгатай үг юм.  Бичиг үсэгтэй улс орон бүрт уран бичлэг хөгжсөн. Азийн орнуудаас Хятад, Япон, Солонгос, өрнө дахины орноос Арабд хөгжсөн урлаг юм. Манай орон Ази Европ тивийн дунд байрладаг учир үзгэн болон бийрэн бичлэг хоёул хөгжсөн. Европ, Арабд ихэвчлэн хатуу үзэг, дүрдэг үзэг, график үзгээр бичдэг.  Харин Азид бийрээр бичдэг. Монгол бичгийг үзгээр ч , бийрээр ч бичиж болдог өвөрмөц онцлогтой. Монгол бичгийг дээрээс доош бичдэгээрээ  бусад орны бичгээс ялгаатай. Үндэсний бичгээ дагаад Монгол бичгийн олон төрөл зүйл хөгжиж ирсэн. Үүнд эвхмэл, бийрэн, үзгэн бичлэг зэрэг уламжлалт бичлэг хөгжсөн. Энэ уран бичлэг нь нэг талаасаа бичиг боловч нөгөө талаасаа дүрслэх урлагийн зохиомж, гэрэл сүүдэр, яруу найргийн мэдрэмж юм. Уран бичлэгт үг сонголт их чухал байдаг. Үг гэдэг маань өөрөө хүч гэсэн үг л дээ.
 
-Калиграф нь уран нарийн бичлэгээрээ нүд баясгахаас гадна нарийн далд санаа, философи сэтгэлгээг давхар агуулсан байдаг. Уран бичлэгийн санаагаа хэрхэн олдог вэ?
 
-Уран бүтээлч болно гэдэг нэлээн замыг туулна. Өөрөө эхлээд бичнэ, үзнэ, судална, их олон үзэсгэлэнд оролцоно, бусад орны уламжлалт калиграфийг сонирхож судална.
 
-Хүмүүс калиграф гэхээр их амархан биччих юм шиг ойлгодог. Залуу үеийнхэн уран бичлэгийг хэр их сонирхож хичээллэж байна вэ?
 
-Насны хувьд дунд сургуулийн хүүхдээс эхлээд ахмад настнууд хүртэл уран бичлэг сонирхон суралцаж байна. Ерөнхийдөө бүхий л насныхан гэж хэлж болно. Хоёр долоо хоногийн сургалтад суурь мэдлэг олгодог. Бийр барих, цаас наах, ерөнхий зохиомж, үсгийн тийгийг бийрийн арга барилыг заана. Энэ сургалтаар цаашдаа бие дааж хөгжих боломжийг нээж өгч байгаа юм. Тиймээс сонирхогч, эхлэн суралцагчдад тодорхой хэмжээний ахиц гарна, өөрөө цааш хөгжүүлэх боломжтой болно.
 
 
-“Бичиг соёл” төвөөс уран бичлэгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар сургалт хэр зохион байгуулж байна вэ?
 
-Манай төв сүүлийн 10-аад жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, ОХУ-ын Улаан-Үд, Халимаг, Буриадад сургалт явуулсан. Мөн Хүүхдийн Урлан бүтээх төвд Монгол уран бичлэгийн анги нээгдсэн. Энэ нь бүтэн жилийн хөтөлбөрөөр хүүхдүүдэд үнэ төлбөргүй заадаг. Энэ жил дунд сургуулийн багш, сурагчдад зориулсан зуны сургалтыг “Хүүхдийн номын ордон”-той хамтран зохион байгуулж байна. Уран бичлэгийн үзэсгэлэн жилдээ хэд хэд тогтмол гардаг.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын “Мөнх тэнгэрийн бичиг”, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан үзэсгэлэн, 2006 оноос “Бичиг соёл төв” монгол уран бичлэгийн “Бичиг соёл” хэмээх үзэсгэлэнг залуу уран бичээчдийн дунд жил бүр гаргаж байна.  Томоохон уралдаанаас эхлээд олимпиад гэхчлэн маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна.  2017 оны зун “Монгол туургатан хүүхдийн уран бичлэгийн наадам”-ыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан. Энэ жил 2 дахь удаагаа ирэх наймдугаар сард зохион байгуулна. Тиймээс хүүхдүүдийг зуны сургалтад хамруулж бэлдэж байна. Энэ наадамд БНХАУ-ын  ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимагаас уран бичээчид ирж оролцоно. Хамгийн гол нь монгол бичгээр дамжуулаад Монгол туургатан хүүхдүүдийг хооронд нь танилцуулах, уран бүтээлээрээ хамтран  үзэсгэлэн гаргах зорилготой.
 
-Танай сургалтаас харахад уран бичлэг сонирхогчдын тоо өсч байгаа нь харагдлаа. Ер нь ямар түвшинд хөгжиж байна вэ?
 
-Монголд 1990-ээд оноос МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин уншигчдад хүрч эхэлсэн. Мөн их, дээд сургуулиуд монгол бичиг зааж эхэлсэн. 2000 оноос хүүхэд залуучууд уран бичлэгийг эрчимтэй сонирхож эхэлсэн.  Аж ахуйн нэгж, байгууллагууд, компаниуд реклам сурталчилгаа, албан бичиг зэрэг бүхий л зүйлдээ монгол бичиг хэрэглэж  байна. Үүгээр монгол бичгийн шинэ үеийн хөгжил эрчимтэй явж байна гэж үзэж болно. Мөн залуучууд өөрсдийнхөөрөө сэтгэж байна. Техник технологи хөгжихийн хэрээр уран бүтээлчид монгол бичгээр график хийж, зураачид бүтээлдээ ашиглаж байна. Мөн хүүхдүүд, багш нар гээд бүгд л өөрсдийн хэмжээндээ ашиглаж, судалж байна. 
 
-Уран бичлэгийг бүтээл болгохын тулд юу хийх шаардлагатай вэ?
 
-Манайд уран бичлэгээр дагнасан уран бичээчид байна. Ер нь 10-20-иод жил уран бичлэгээр хичээллэсэн хүмүүс бий. Тэд бүтээлээ туурвихдаа маш их замыг туулсан. Монгол бичиг сурна, судалгааны ажил хийнэ. Түүнээс л уран бүтээл төрнө дөө.
 
 
-Таны хувьд уран бичлэгийг хэзээнээс сонгон бүтээлээ туурвих болов?
 
-Миний хувьд 1998 онд оюутан байхдаа уран бичлэгийг сонирхож эхэлсэн. Чой.Лувсанжав багшийн Хэл иргэншлийн дээд сургууль монгол бичгийг  маш сайн заадаг. Бид лекцээ хүртэл монгол бичгээр бичдэг байлаа. Би 2006 оноос бие даасан чөлөөт уран бүтээлч, 2009 оноос албан ёсоор үзэсгэлэнг тогтмол зохион байгуулаад, монгол бичгийн сургалт, судалгааны чиглэлээр, зөвхөн монголд төдийгүй гадаадад үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. 
-Уран бичлэгийг гадныхан хэр хүлээн авдаг вэ. Уран бүтээлчдийг хэрхэн дүгнэдэг бол?
-Урлагийн түвшинд бүтээж чадвал уншиж чадахгүй ч гэсэн урлаг учраас уран бичлэгийг хэн ч сонирхож хүлээж авна. Гадныхан монгол бичиг мэдэхгүй ч гэсэн урлагийн түвшинд туурвисан бүтээл учир орчуулгагүй ойлгоно. Тухайлбал, сэтгэл гэдэг үг байлаа гэхэд уран бүтээлчийн чадвар бүтээлд нь шингэсэн учир ямар ч хүн ойлгож чадна.  Гадныхан уран бичлэгийг харагдац, бүтээлийн үүднээс сонирхдог.
 
-Уран бичлэгийн шилдэг бүтээлүүдээс онцлон дурдвал?
 
-Монгол уран бичлэгт даацтай уран бүтээл цөөн. Жил бүрийн үзэсгэлэнгээс уран бичлэгийн шилдэг бүтээл төрдөг. Үүнээс онцлоод хэлэхэд Т.Жамъянсүрэн багшийн “Тэнгэр”, Д.Батбаяр багшийн “Эрдэм”, Дүрслэх урлагийн дээд сургуулийн Ц.Наранмандах багшийн “Монгол гэр” зэрэг шилдэг бүтээлүүд Уран зургийн галерейн сан хөмрөгт бий.
 
-Бичиг үсэг, урлаг хоёрын нэгдэл бүтээл болж уран бичлэг болдог нь гайхамшигтай. Уран бүтээлчид зөвхөн цаасан дээр гэлтгүй янз бүрийн материал дээр уран нарийн бичих болж?
 
-Сүүлийн үед залуучуудын бүтээл чанаржиж байна. Ц.Тамир гээд зураачийн уран бичлэгийн бүтээл орон зай их шаардсан, орчин үеийн хэв маягтай хөгжүүлж байгаа. Үзэсгэлэнгийн заал дүүргэх том даавуун дээр  янз бүрийн зохиомжоор бичдэг. Мөн төмөр, мод, арьс, шир, сур зэргийг ашиглан монгол ахуйгаа харуулсан бүтээл их хийдэг болсон. Энэ бол зураач хүний өөрийнх нь зохиомж юм. Уран бичлэгийг зарим хүмүүс бичиг гээд, зарим нь зураг гэж нэрлээд байгаа. Энэ ойлголт нэг байх ёстой. Жишээ нь, эрдэмтэн мэргэд бичиг талаас нь хүлээж авдаг. Харин зураачид зураас талаас нь орон зайд яаж бичих вэ зэргээс хардаг.
 
-Та хичнээн шавьтай вэ. Монгол уран бичлэгийг өвлөн уламжлуулахын тулд ямар ажил хийж байна вэ?
 
-Яг жинхэнэ уран бүтээл талдаа мэргэшсэн хүн бол цөөхөн. Хот, хөдөө орон нутагт надаар уран бичлэг заалгаж байсан хүн бол маш олон бий. Тэднийг уран бичлэгийн мэргэжлийн багш гэх боломжгүй, зарим нь ажлынхаа хажуугаар бие биенээсээ үргэлж суралцдаг. Уран бичлэг 10 жилийн дараа гэхэд Монгол Улсад мэргэжлийн хэмжээнд хөгжсөн урлаг болно гэж боддог. Үүний төлөө л ажиллаж байна.  Мөн Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимагийн уран бичээчид Олон улсын монгол уран бичлэгийн холбоог байгуулаад жил гаруй болж байна. Улаанбаатар болон хөдөө орон нутагт уран бичлэгийн сургалт явуулж байгаа. Цаашид Европ, АНУ-д үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Монголд эрдэм шинжилгээний ажил хийх, ном бүтээл гаргах гэхчлэн төлөвлөсөн ажлууд олон байна.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг