sonin.mn
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Сангийн яам болон Онцгой байдлын яамнаас үерт нэрвэгдээд байгаа Сичуань болон Гансу мужуудад тусламж үзүүлэхээр 170 сая юань буюу 25 сая ам.долларыг хуваарилаад байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Дээрх мөнгөн тусламж нь үерт нэрвэгдсэн хүмүүсийг шилжүүлэн байрлуулах, сүйдсэн байшин барилгыг сэргээн засварлах, үерийн улмаас хохирол амссан хүмүүст санхүүгийн тусламж үзүүлэх зэрэгт зориулагдана гэж дээрх яамнаас мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хоёр мужид орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерийн гамшигтай холбогдуулан Хятадын Гамшигтай тэмцэх албаны удирдлагууд 4-р түвшний онцгой байдал зарлажээ.
Сичуань мужид орсон хүчтэй аадар борооноос үүдсэн уг үерт тус мужийн 932 мянган хүн өртөж, 3 хүн амиа алдсан байна. Одоогийн байдлаар 101 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Мөн 600 гаруй байшин барилга сүйдэж, 36900 га тариалангийн талбай усанд автжээ. Үүссэн хохирлыг мөнгөн дүнд шилжүүлбэл 2.4 тэрбум юаньтай тэнцэж байгаа юм.
Харин Гансу мужид 1.08 сая хүн үерт өртөж, 12 хүн амиа алдсан бол 4 хүн сураггүй болжээ. Нийт 27000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үүний зэрэгцээ 1200 гаруй байшин барилга сүйдсэн нь нийт 1.47 тэрбум юанийн өртөг бүхий болж байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг