sonin.mn

Хятадын Соёлын яамнаас зохион байгуулсан паалан урлалын олон улсын үзэсгэлэнгийн нээлт Бээжин хотноо энэ сарын 20-нд болжээ. Эртний Грект үүссэн энэхүү онцгой урлалыг Монголын байлдан дагуулагчид дорно дахинд дэлгэрүүлсэн гэж үздэг. Энэ удаагийн үзэсгэлэнд Ши Жиньпин даргын гадаад орнуудын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нарт бэлэглэсэн паалан урлалын бүтээл, монгол эмээлийн иж бүрдэл, археологийн малтлагаар гарч ирсэн Хятадын эртний паалан эдлэлийн дуураймлууд, Япон, Өмнөд Солонгос, Английн паалан бүтээлээс дэлгэн тавьжээ. Хятадын төрийн дархан, Өвөрмонголын паалан урлаач У.Бүргэд "Бидний өвөг дээдэс их эзэн Чингис хааны дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн энэхүү содон урлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байдаг. Монголчууд морин дэл дээр дэлхийг эзэлж явахдаа паалан урлалыг Европоос Азид авчирсан. Тиймээс би энэ бэлгэдлийг бодож паалан эмээл бүтээсэн юм" хэмээн ССТV-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Техник технологийн хөгжлийн энэ цаг үед мартагдаж асан паалан урлалыг Хятадын Засгийн газраас сэргээн хөгжүүлсэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад орны төр засгийн тэргүүнүүдэд өгөх гарын бэлгээрээ паалан эдлэлийг сонгосон аж. 

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин