sonin.mn
“Монгол цэргийн өдөр”-Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяраар Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгаас төрсөн гавьяатуудын нэг нь тус чуулгын гоцлол хөгжимчин асан, ахмад уран бүтээлч Дэмбэрэлийн Дорлиг бөлгөө. Тэрбээр Увс аймгийн Тэс сумын нутагт төрж, өссөн бөгөөд өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Ардын Армийн дуу, бүжгийн ансамблийн болон өнөө цагийн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын үндэсний найрал хөгжмийн цор ганц “зогсоо хөгжимчин” гэдгээрээ олны танил болжээ. 
Үүний хамтаар нутаг усандаа дархан хэмээн хүндлэгдсэн түүний аав Дэмбэрэлийн гарын ур дүйг магтах хүмүүн Увс аймагт цөөнгүй бөгөөд энэ л дарханы сэтгэлээ шингээн байж мод, төмрөөр хийсэн гоёмсог хийцтэй бүтээл нь өдгөө ч зарим айлд хэрэглэгдсээр байдаг нь юутай бахархал билээ. Д.Дорлигийн ээж Н.Удвал нь хоршоо, худалдааны байгуулагад олон жил тасралтгүй ажиллаж, шударга, ажилсаг зан чанараараа өнөө ч нутгийн зон олондоо магтагдан мөнхөрч яваа нь чухамдаа ариун цагаан хөдөлмөрийн үр шим юм даа гэх дурсамж бодролыг өөрийн эрхгүй төрүүлж буй. Түүний зэрэгцээгээр эрхэм гавьяатын маань ээжийн талын удмаас 10 гаруй баян хуурч төрж, тэрхүү хөгжмийг чадварлаг тоглохын зэрэгцээ нутгийн найр наадмыг хөгжөөж, ахан дүүсээрээ цуглан сонгодог болон зохиолын аялгууг хөгжимддөг байсан нь Д.Дорлигийн чихэнд хоногшиж, түүний сонирхлыг ихэд татсан гэдэг. Ийм цаг үед бяцхан хүү Д.Дорлигт авга ах “солгой” хэмээх Л.Баяр нь баян хуур хөгжмийг зааж сургаснаар хожмоо гавьяат хэмээн ард түмэндээ хүндлэгдэх их замын үүд нээгдсэн гэлтэй.
Түүнийг Увс аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд суралцаж байхад тус аймгийн соёлын ордны багш нар ерөнхий боловсролын сургуулиудаар явж, хөгжимчин элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. 1966 онд зохион байгуулсан энэхүү сонгон шалгаруулалтад 6 дугаар ангийн бяцхан хүүг шалгарна гэж аав, ээж нь бодоогүй явсан хэрэг. Багаасаа баян хуур, гармон хөгжим тоглож, төрөлхийн авьяас билэг нь тодорсон Д.Дорлиг хүү өөрийн сонирхол, хүсэлтээр сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр Увс аймгийн соёлын ордонд дагалдан хөгжимчин болсон түүхтэй. Тухайн үед тус аймгийн Соёлын ордны ардын найрал хөгжмийн бүрэлдэхүүний 10-ыг нь Ерөнхий боловсролын сургуулиас сонгон шалгаруулж авсан хүүхдүүд бүрдүүлжээ. Түүнийг аймгийн соёлын ордонд анхлан ирэхэд тус ордны хөгжмийн удирдаач асан, хожим нь урлагийн гавьяат зүтгэлтэн болсон Э.Цэрэв багш хүлээн авч, хөгжмийн онолыг сайтар заасан гэдэг. Харин нэг өдөр тус ордны хөгжмийн багш Б.Нацагдорж түүнийг дуудаж, “Чи энэхүү контрбасс буюу их хуур хөгжмийг тогло. Хожмын хоол чинь энэ шүү” гэснээр тэрээр хөгжимтэй 50 орчим жил нөхөрлөсөн. Ингэж л сургуулийнхаа концертод баян хуур болон гармон хөгжмөөр цөөн тооны аялгуу тоглодог байсан хүү тухайн үеийн Соёлын ордон, одоогийн Хөгжимт драмын театрын алтан тайзан дээр их хуур хөгжмөө тоглож, ардын найрал хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж эхэлсэн хэрэг. Энэ үед дагалдан хөгжимчний цалин 250 төгрөг байсан ба Д.Дорлиг хүү үндсэндээ ар гэрийнхнээ тэжээх чадвартай болж билээ хэмээн бахархал дүүрэн өгүүлсэн.
Ийнхүү 14-хөн настай хүү Соёлын ордны хөгжимчнөөр тодорч, их урлагт хөл тавьсан он жилүүд түүний хувьд хэзээ ч үл мартагдах дурсамж, дурдатгалаар дүүрэн байсан нь мэдээж. Түүний дотор 1968 онд улсын хэмжээнд зохион байгуулсан “Залуучууд, оюутны III их наадам”-д амжилттай оролцож, тус ордны ардын найрал хөгжимчид мөнгөн медаль хүртэхэд түүний оруулсан хувь нэмэр ихээхэн жин дарсан нь тодорхой биз. Түүхэн тэр жилүүдэд тус ордны нийт уран бүтээлчид баруун аймаг, сумдад аялан тоглолтыг тогтмол зохион байгуулдаг, тухайн орон нутагт явагдсан бүхий л ажил, арга хэмжээнд ардын найрал хөгжмөөр үйлчлэх үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж явсан нь түүний амьдрал, уран бүтээлийн нэгээхэн хэсэг юм.
Тэрээр эрийн цээнд хүрмэгц 1971 онд өөрийн сонирхлоор цэргийн албанд татагдан, Улаанбаатар хотноо Хар Усан тохой дахь сургалтын нэгдсэн төвд цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж байхад нь тус сургалтын төвд Ардын Армийн Дуу, бүжгийн ансамблийн хөгжмийн удирдаач, дэслэгч Ш.Гун-Аажав зочилж, шинэ дайчдын дунд сонгон шалгаруулалт явуулснаар Д.Дорлигийг ансамблийн хөгжимчнөөр авахаар сонгожээ. Тэр үед ансамбльд сонгон шалгаруулсан цэргийн алба хаагчийг шууд авахыг урьтал болгодоггүй, цэргийн хэрэгт илүүтэй суралцуулах бодлого барьдаг байсан тул байлдагч Д.Дорлиг химийн буюу Ардын Армийн 119 дүгээр ангид нэг жил орчим хугацаанд алба хаасан гэдэг. 
Улмаар дараа жилийн зуны нэгэн өдөр ангийн захирагч, хошууч Ч.Самбуу (хожмоо хошууч генерал болсон) түүнийг дуудаж, Ардын Армийн Дуу, бүжгийн ансамбльд биечлэн хүргэснээр тус ансамблийн бүтээлч хамт олны дунд ажиллаж, их урлагт өөрийгөө сорих он жилүүд үргэлжлүүлжээ. 
Тэрбээр цэргийн чуулгад ажиллах хугацаандаа үндэсний найрал хөгжмийн гол зэмсэг болсон контрбасс, баян хуур хөгжмийг эзэмшсэн чадварлаг хөгжимчдийн нэг байж, цэргийн алба хаагчид, нийт ард түмэндээ урлагаар үйлчлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн авьяаслаг уран бүтээлч юм. Энэ хугацаанд тэрбээр үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүн, найрал болон гоцлол дуучдын хамтаар эх орныхоо бүхий л аймаг, сум, Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн нэгтгэл, ангиуд, отряд, заставт очиж үйлчилснийг мэдэх хүн тун олон билээ. Д.Дорлиг энэ тухай хуучлахдаа “Бид эх орныхоо өнцөг булан бүрт хүрч үйлчилсэн ба Монгол орноо хэд дахин тойрчихсон.Ер нь цэрэг хаана байна, тэнд хүрч үйлчилнэ. Зөвхөн цэргийн алба хаагчдаар хязгаарлахгүй, тухайн орон нутгийн иргэдэд ч байнга үйлчилнэ. Миний хувьд өнөөх том хөгжмөө амь шигээ хайрлаж, өөрөөсөө огт салгахгүйгээр өргөж дүүрээд л авч явна. Хажууд нь баян хуур хөгжмөө ч бас тэвэрсээр явдаг. Миний хувьд үндэсний найрал хөгжмийн бүхий л тоглолтод их хуураараа тоглохын зэрэгцээ гоцлол дуучдын аялгууг баян хуур хөгжмөөр гоцлон хөгжимдөнө. Жинхэнэ амьд тоглолт байж дээ. Мөн өнөөгийн Ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин Д.Дашням, Ч.Туул, Б.Отгон, Ж.Одмаа зэрэг олон арван алдартны дууны аялгууг тоглож, өөрөө ч гоцлол үзүүлбэрээ үзүүлж, цэргийн алба хаагчид, иргэдийн талархлыг ихэд хүлээж, тэднийхээ сэтгэл хөдлөлт, алга ташилтыг мэдэрч, ядралыг умартаж явсан даа” хэмээсэн юм. Ямартаа л хөгжим ангийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажав “Чи сууж болохгүй шүү, угаасаа л босоо заяатай хүн. Хөгжмийн найралд чи л ганцаараа зогсч байдаг, хөдөө явсан ч чи л зогсоо хөгжимдөж байдаг” хэмээн хошигнодог байсан нь өдгөө ч сэтгэлд нь уяатай ажээ.
Тэрчлэн ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Герман, Польш, Чех, Словак, Унгар зэрэг 10 гаруй оронд чуулгын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд багтан айлчлан тоглолтоо хийж, гадаад, дотоодын зочид, иргэдэд өөрийн эх орны түүх, ард түмний зан заншил, өв соёлыг сурталчлан урлагийн гайхамшгийг мэдрүүлж, үзэгчдийн талархлыг хүлээж явсан аж.
Тэрбээр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, Ардын жүжигчин П.Хаянхярваа, Д.Мяасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажав, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарч нарын нэрт мастеруудаар хичээл, номыг заалган дууны ая зохиох, найруулгын эрдэм ухаанд уйгагүй суралцсанаар цэрэг-эх орны сэдэвтэй олон арван шилдэг бүтээл туурвисан чадварлаг уран бүтээлч болсон юм. Тодруулбал, 2012 оноос эхлэн хөгжмийн зохиол бичиж, өдгөө Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн гишүүн болж, нэр хүнд бүхий зохиолч, яруу найрагч, дуучидтай хамтран цэрэг-эх орны сэдэвт 50 гаруй дууны уран бүтээлийг хийж, үзэгч, сонсогчдынхоо алтан сонорыг мялаасаар явна.
Д.Дорлиг шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд сүүлийн жилүүдэд амжилт дүүрэн оролцож, 4 жил дараалан шилдэг 20-д шалгарч, гала концертод дуулагдсан нь уран бүтээлчийн хувьд олз омог ихтэй байгааг гэрчилсэн хэрэг. Түүнчлэн уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдын хүртээл болгох үүднээс 10 гаруй шилдэг дуугаа дүрсжүүлж, радио, телевиз болон Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын урын санг баяжуулж, алтан фондод хадгалуулсан нь бахдалтай.
Нийтлэлийн баатар маань яруу найрагч Н.Наадайн шүлэг “Арван баядын нутаг”, “Дууны сайхан намар”, “Дурсамж вальс”, “Ээждээ дуулъя”, яруу найрагч У.Баярсайханы “Монголын өглөө”, “Аав, нутаг хоёр”, “Болзоо”, СТА, бэлтгэл хурандаа Г.Ганбатын “Хайрын хүлээлт”, “Ээж, хүү хоёр хамтдаа шүү”, “Дуурсах гавьяаг хүү нь дуулгана”, ЦДБЭЧ-ын албаны дарга, СТА, хошууч Р.Өнөржаргалын шүлэг “Санаж үгүйлэх нутаг” зэрэг олон арван дууны аяыг зохиосон нь өдгөө төрийн хүндэтгэлийн болон бусад концертод аялгуу түрж эгшиглэсээр байна.
Мөн ахмад уран бүтээлчдийн 2017 оны уралдаанд яруу найрагч У.Баярсайхантай хамтран бүтээсэн “Монголын өглөө” дуу нь тэргүүн байрыг эзэлж, хүндэт өргөмжлөлийн эзэн болсон ба энэ онд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид БНАСАУ-д болсон олон улсын хөгжмийн наадамд оролцох үеэр тус чуулгын гоцлол дуучин Д.Мөнхбат энэ дууг нь дуулж, “Гран при” шагналыг хүртжээ.
Түүний зохиосон дуунуудыг нийтийн болон дуурийн нэрт дуучид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, түүний дотор Ардын жүжигчин Ө.Баярмагнай, Чингисийн одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин С.Жавхлан, Ч.Баярмаа, Б.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, Д.Намсрайноров, М.Отгонгэрэл, Л.Болдбаатар, Б.Нарантунгалаг нар дуулж, олны хүртээл болгожээ.
Тэрээр Увс аймгийн Соёлын ордон, ЦДБЭЧ-д тасралтгүй 30 жил ажиллаад тухайн үеийн чуулгын дарга асан Соёлын тэргүүний ажилтан, хурандаа Г.Ганбатын хамтаар алтан тайзандаа мөргөөд л цэргийн алба хаасны тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарсан эхний жилүүдэд ансамблийнхаа хамт олныг зүүдлэн контрбасс болон баян хуур хөгжмийн аялгуу чихэнд нь байнга сонсогдож, тун хэцүү байснаа ярьсан юм. 
Түүний хувьд тэтгэвэрт гарсан жилээ зах зээлийн хүнд нөхцөлд хэрхэн амьдрах, амьдрал ахуйгаа яаж өөд нь татах билээ гэсэн бодолд хөтлөгдөн ганзагын наймаанд явснаар ашиг орлого арвин байсны зэрэгцээ хэд хэдэн удаа “шатаж”, сэтгэл санаагаар унаж явсан үе ч олон байжээ. Тэр бүхнийг амжилттай давж, өнөөгийн сайн сайханд хүрэхэд цэргийн албаны хугацаанд олж авсан хатуужил, эр зориг ихэд нөлөөлсний дээр хань Д.Цэцэгдулам, түүний дүүгийн хувь нэмэр, оролцоо их байсныг дурссан. Эрхэм гавьяатыг маань ийнхүү ажил, амьдралын оргилд хүрэх их замд ариун цагаанаар хөтөлсөн түүний хань Дашвандангийн Цэцэгдулам нь Увс аймгийн Сагил сумын харьяат бөгөөд Анагаах ухааны дээд сургуулийг их эмчийн мэргэжлээр төгсч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн их эмчээс ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр Цэргийн төв госпитальд нойрсуулагч их эмчээр тасралтгүй ажиллаж, олон арван эрдэнэт хүмүүний амь насыг аварч, эмчилж явсан нь бас л нэгэн бахархал юм.
Ахмад уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлиг дууны уран бүтээл туурвихын зэрэгцээ хувийн аж ахуй эрхлэн орон нутгийн байгууллага, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, хүүхэд залуус, ахмад настнуудыг дэмжин туслахад хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дэм туслалцаа үзүүлж явдаг буянтан болсныг олон хүн гэрчлэх юм билээ.
Тэрчлэн ЦДБЭЧ-ын Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж, тус зөвлөлөөс зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагааг дэмжихийн хамт өөрийн туршлагаа залуу хойч үеийнхэнд өвлүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгааг тус чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан, хурандаа Г.Золзаяа өндрөөр үнэлсэн юм.
Унаган багын авьяас, урлагийн салбарт гаргасан болон гаргаж байгаа амжилтаараа гавьяатын эрхэм алдрыг хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлигийн талаар товч өгүүлэхэд ийм буюу.
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, СТА, Батжаргалын ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин