sonin.mn
Хаврын чуулганаар улсын бүртгэлтэй холбоотой багц хуулиудыг баталж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болов.  Энэ удаад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэл, онцлох заалтуудыг хүргэж байна.  Шинэ хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгажээ. Мөн улсын бүртгэлийн бүхий л шат дамжлагыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгох бол газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд оруулсны үндсэн дээр цахимаар мэдүүлэг гаргах юм. Үүний дараа улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын сан руу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар иргэд төрөөс чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин