sonin.mn
-Сурагчдын даалгаврыг фэйсбүүкт биш самбар дээр зарлая-
 
Ер нь л утасгүй бол амьдрал зогсох янзтай. Бүр мэдлэг боловсрол ч олж авах эрхгүй болох нь. Товчхондоо, ухаалаг утас, интернэтгүй бол хэн ч биш болсон нийгэм юмсанж. Өдөр, цаг, минут тутмыг цахилгаан соронзон долгион дор өнгөрүүлснийхээ гороор хамгийн наад зах нь толгой өвдөхөөс эхлээд төрөл бүрийн өвчний үүр уурхай болж байгаа томчууд нэг үеийг бодоход ухаалаг утасны хор хөнөөлийг ухаарч басхүү биеэрээ мэдэрч байна. Хүн л болсон хойно үр хүүхдээ хайрлана. Ядаж л эрүүл мэндээс нь эхлээд унтах нойр, мэдлэгээ тэлэх цаг хугацааг нь хэмнэх гэж  амьхандаа ухаалаг утасны хэрэглээг нь хязгаарлах гэсэн санаархал, зүтгэл хүн бүрт бий. Гэтэл дунд сургууль, оюутнуудын ухаалаг утасны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шалтгаан гарч ирсэн нь гэрийн даалгавраас эхлээд анги, сургуулийн орчинд болж буй бүхий л үйл ажиллагаа цахимаар дамжиж байгаатай холбоотой.
 
“БАГШ НЬ ХИЧЭЭЛ ТАРСНЫ ДАРАА ДААЛГАВАР, ШАЛГАЛТЫН ХУВААРИА АНГИЙН ЦАХИМ ГРУППТ НЬ ЗАРЛАНА” ГЭДЭГ
 
 
 
 Саяхан л багш нар гэрийн даалгаврыг самбар дээр бичиж, сурагчид дэвтэр дээрээ тэмдэглэж байсан бол өнөө цагт сургуулийн, ангийн фэйсбүүк группт зарладаг болжээ. Сургууль, цэцэрлэгийн багш нар сүүлийн ганц хоёр жилд л ажлаа ингэж хөнгөвчилж амжив. Угтаа хичээлээсээ тарж ирээд ном дэвтэр эргүүлж, чөлөөт цагаараа шатар даам, дээс, чирта тоглодог байсан сурагч нас өнөө үед ухаалаг утас, чихэвчний хөгжимнөөс салахаа больсон нь нэг талаар дэвшил байж мэдэх ч хүчтэй соронзон долгион хүүхдийн оюун ухааныг  саармагжуулж, нүд чихнээс эхлээд эрүүл мэндээрээ ноцтой хохирч буйг эрдэмтэд аль хэдийнэ судалж сануулсаар ирсэн. Гэтэл их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулиуд нэгдүгээр ангиас эхлээд л оюутан, сурагчидтай холбоотой шийдвэр, сургуулийн олон нийтийн ажил болоод, гэрийн даалгавар, шалгалтын хуваарь гээд бүгдийг цахимаар зарладаг болсон нь ухаалаг утасны хэрэглээг улам нэмэгдүүлж байна. Мөн нөгөө талаас тэр бүр ухаалаг утас барьж, өдөр бүр, цаг тутам интернэтэд орж гэрийн даалгавар, шалгалтын хуваарь, сургуулийн бусад шийдвэрийг цаг алдахгүй авах амьдралын боломж хүүхэд бүрт адилгүй. Хоногийн хоолоо залгуулж яваа ч гэр бүл бий.  Энэ талаар цахим орчинд олон эцэг, эхчүүд санал уралдуулж, шүүмжлэл өрнүүлсний дотор нэгэн ээж “Цайны газарт шөнө хугаслан угаагч хийж олсон “хэд” маань сардаа  ч хүрэлцэхгүй. Ажлаасаа харьж ирэхэд нэг оюутан, дунд сургуулийн хоёр хүүхэд  нүүрс, хоолны мөнгөгүй сууж байх үе бишгүй. Гэтэл хэдэн хүүхдээ гэдэс цатгалан, хөл дүүжлэх унааны мөнгөтэй явуулья гэхнээ ямар ч үр ашиггүй зардал их гарч байна. Гэртээ заавал компьютер юм уу, үнэтэй том дэлгэцтэй гар утасгүй бол хүүхдүүд гэрийн даалгавраа хийх, суралцах боломжгүй болжээ. Гуравдугаар ангийн хүү маань гэрийн даалгавраа фэйсбүүкээс хардаг гэнэ. Интернэтийн сарын төлбөр, гар утасны датаны мөнгө сарын орлогоос багадаа 20-30 мянгыг нь авчихна. Хамгийн хортой нь даалгавар хийж байна гээд хүүхдүүд шөнөжин гар утаснаас салахгүй. Өглөө сэрэхээ үзэхгүй. Нүд нүүр, тархи толгой нь юу болж байдаг бол гэж бодох юм. Хүүхэд маань эхэндээ мэдэхгүй, манайх интернэтгүй байхад хэд хэдэн удаа гэрийн даалгавраа хийж чадахгүй очсон гэсэн. Багш нь самбар дээрээ гэрийн даалгавраа бичиж болдоггүй юм уу, гэхээр хичээл тарсны дараа оройхон даалгавар, шалгалтын хуваариа ангийн цахим группт нь зарлана гээд тараадаг гэсэн” гэж бичсэн байв.
Харин энэ талаар есдүгээр ангийн сурагчаас асуухад “Гэрийн даалгавраа ангийнхаа фэйсбүүк чатад бичдэг. Гэхдээ хичээл тарахаас өмнө тэмдэглэж авах юм уу, интернэт ордог нэгнээсээ утсаар асуучихаж болдог. Ирэх намраас шинэ апплейкэшн нэгдсэн журмаар суулгах юм шиг байна лээ. Түүн дээр багш, сурагчидтай холбоотой бүх мэдээлэл гарч ирэх юм гэсэн” гэлээ.  Харин оюутнуудын хувьд “Заримдаа хичээл орох багш нарын хуваарь өөрчлөгддөг. Өглөө эрт орох байсан бол хойшлох ч тохиолдол гардаг. Түүнийг нь ангийн дарга фэйсбүүк группт бичиж зарладаг. Ялангуяа бие даалт хийхэд интернэтээс харах, хамтарч байгаа хүүхдүүдтэйгээ харьцах шаардлага маш их гардаг” гэлээ.
БСШУС-ын яамнаас жил бүр л хичээл дээр ухаалаг утас хэрэглэхийг хориглох албан бичгийг сургуулиуд руу явуулдаг. Цөөн тооны сургууль ухаалаг утас хориглосон гэдэг боловч дээр дурдсанчлан багш нар нь “цахим даалгавар” өгсөөр байгаа цагт сурагчдын ухаалаг утасны хэрэглээг улам л өөгшүүлсээр байх болно. Тиймээс зөвхөн сургууль дээр нь ухаалаг утас хэрэглүүлэхгүй гэж хэлбэрдэх төдий биш багш нарын гэрийн даалгавар, сургуулийн шийдвэр, олон нийтийн ажлыг сурагчдын дэвтэр дээр нь тэмдэглүүлээд явуулж байя. Ядахнээ хүүхдүүдийг ч амьдралын боломжоор нь ялгаварлаж, эцэг эхчүүдийг санхүүгийн дарамтад оруулахгүй шүү дээ. Мэдээж хамгийн том дэвшил бол хүүхдүүдийг ухаалаг утасны аюулаас бага ч гэсэн хамгаалж буй явдал юм.
 
 
СУРГУУЛИЙН НАСНЫХАН ЯДАРГААНД ОРЖ ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРЭХ НЬ ИХЭСЧЭЭ
 
Бид ухаалаг утасны хор хөнөөл, сөрөг үр дагаврыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Давтсаар байгаад улиг болж байгаа ч ухаалаг утас, компютерийн тоглоомонд донтож эмчлүүлэх хүртлээ доройтож буй тоо баримт хурдацтай өсч байна. Эхэндээ нөгөө л гэрийн даалгавраа харж, бие даалтаа хийх гэсэн хүүхдүүд  утас, компьютерийн тоглоом, фэйсбүүкт донтож эцэстээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очихоос өөр аргагүйд хүрч байгааг эмч нар байнга л хэлж анхааруулдаг.Зурагт удаан хугацаагаар үзэх, гар утас оролдох, компьютерийн тоглоом хэт их тоглохыг дэлгэцийн донтолт гэдэг аж. Сэтгэцийн эрүүл мэндийн  төвийн эмчийн хэлж буйгаар дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус ихээр өртөж байгаа бөгөөд сургуулийн насны хүүхдүүд гар утасны тоглоомд ихээр донтож, ядаргаанд орж эмчлүүлэхээр ирэх нь ихэссэн гэлээ.
Өнгөрсөн онд 2100 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлснээс 357 хүүхэд РС тоглоом, дэлгэцийн донтолтоос хамааралтай гэсэн оноштой байжээ. Энэ үед хүүхдэд уур уцаартай болох,  орчин тойрноосоо тасрах, зожгирох, гар нь чичрэх, нойр нь муудах шинж тэмдгүүд илэрдэг аж.
Харин ухаалаг утасны хор хөнөөлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар өдөрт 10-60 минутын хугацаатай утсаар ярихад эргээд бие организмыг нөхөн сэргээж, хэвийн байдалд оруулахад 8-14 цаг шаардагддаг аж. Мөн утас интернэттэй холбогдох үед туяаны хэмжээ огцом нэмэгддэг гэнэ. Хоёр минутаас дээш хугацаагаар гар утсаар ярихад л хүний тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг, гар утсаар ярихаас гадна сэрүүлэг тавих, FM радио сонсох, тоглоом тоглох зэрэг нэмэлт үйлдэл хийхгүй байх хэрэгтэй бөгөөд гар утас нь  гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулж, анхаарлын систем, дархлааг сулруулж, генетикийн зохион байгуулалтыг өөрчилдөг зэргээр маш их хор хохиролтой. Гар утсыг  гадаадын орнуудад цахилгаан соронзон тоормосны системтэй тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх газар, эмнэлэгт хэрэглэхийг хориглодог бол манайд харин эсрэгээрээ гэдгийг хүн бүхэн мэднэ.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин