sonin.mn
Зэвсэгт хүчиндээ төдийгүй Монгол Улсдаа нэн ховор үйл ажиллагаа эрхэлдэг хамт олон бол Зэвсэгт хүчний 303 дугаар ангийнхан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас эхлээд ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ гээд Төрийн цэргийн болон бусад бүхий л байгууллагуудаас ирсэн захиалгыг тус ангийнхан дангаараа нугалдаг. Цас, шороо, мөндөр, аадар, аянгатай байсан ч тогтсон цагт, тогтоосон хугацаанд тэд бэлэн байх ёстой. Монгол шарын даваанаас , Орвог гашууны бор толгой, Алтай таван богдоос Соёлз уулын модтой хамар гээд Монгол орны өнцөг булан бүрд тэд хүрч, ажиллаж байсан туршлагатай. Байгалийн гамшиг, элдэв ослын үед яаралтай татан гаргалт хийх шаардлага тулгардаг. Тэр бүхний цаана Зэвсэгт хүчний 303 дугаар ангийнхан байдаг гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Тус ангид монголдоо 4-хөн байдаг “Ми171-Е” хэмээх орчин үеийн нисдэг тэрэгний 2 нь байдаг. Нөгөө 2 нь хувийн хэвшлийн “МАК” корпорацийн мэдэлд байдаг учир захиалга авч нисээд бусдад үйлчлээд байх нь ховор.
2008 онд манай улс эрэн хайх, авран туслах зориулалтын ОХУ-д 2008 онд үйлдвэрлэгдсэн 2 нэгж “Ми171-Е”-г худалдан авч байжээ. Тэр цагаас өнөөдрийг хүртэл уг нисдэг тэрэгнүүдийг өлгийтэй хүүхэд адил бөөцийлөн өдөр бүр арчилж, хамгаалж, хөх тэнгэрт дүүлэн нисгэдэг нь тус ангийн инженер техникийн ажилчид болон нисгэгчид. Ангийн захирагч, хурандаа С.Эрдэнмөнх “Манай анги онцгой болон тусгай үүргийн нислэг үйлддэг. Онцгой нислэгт Төрийн 3 өндөрлөг, түүнтэй дүйцэхүйц гадаадын улс орны зочид төлөөлөгчид багтана. Харин тусгай үүргийн нислэгт Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга бусад тодорхой албан тушаалтнууд болон байгалийн гамшиг, ослын үед хийх яаралтай нислэгүүд ордог. Ер нь Монгол Улсын “Чөдрийн 2 морь” манайд байдаг гээд хэлчихэж болно” гэж надад ангийнхаа онцлогоос дурдсан юм. 
Тус ангийн нисгэгчдийн унаанд багтаад үүр цайхтай зэрэгцэн ангийн байрлалд ирэхэд хэдийнэ инженер, техникийн ажилчид, нисгэгчид ирчихсэн нислэгийн өмнөх бэлтгэл байдлаа хангаж байлаа. Учир нь тус өдөр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын бүрэлдэхүүн шүхрийн буулттай тул захиалга өгсөн байв. Зөвхөн нэг нисдэг тэргийг хөөргөх гэж хичнээн хүний хичээл зүтгэл, гар бие оролцдогийг би тэндээс харсан юм. Аливаа нислэг хийгдэхээс 4-5 цагийн өмнө шаардлагатай бүрэлдэхүүн заавал ирсэн байх ёстой. Үйлчилгээнд их бие ашиглалт, цахилгаан тусгай тоноглол, радио электрон тоноглол гэсэн 3 бүлэг ажилладаг. Тэд нислэгийн урдчилсан бэлтгэл, нислэгийн өмнөх бэлтгэл, нислэгийн дараах бэлтгэлийг ямар ч алдаа, мадаггүйгээр хийх ёстой. Их бие, хөдөлгүүрийн инженер, багш, борт инженер, хошууч Ж.Цогтдорж “Би нисэх хүчинд 24 жил зүтгэж байна. Манай улсад орчин үеийн гэж хэлэгдэх нисдэг тэргүүд бий. Тэр нь Зэвсэгт хүчинд харьяалагддагт би баярлаж явдаг. Механик инженер хүн нисгэгч адил алдаа гаргах эрхгүй. Нэг л боолтыг дутуу эргүүлэх, буруу чангалах аваас нисдэг тэрэг осолдоно. Тийм учраас ажлын хариуцлага маш өндөр” гэж хэлсэн юм. 
Нисдэг тэргийг нисэхээс өмнө механикчид бүх эд ангийг нэг бүрчлэн шалгаж, шаардлагатай үйлчилгээг хийнэ. Тэдний хийсэн ажлыг техникч шалгана. Техникчийн хийсэн ажлыг төрөл мэргэжлийн инженерүүд шалгана. Төрөл мэргэжлийн инженерийн хийсэн ажлыг ерөнхий инженер шалгаснаар нисдэг тэрэг хөөрөх зөвшөөрөлтэй болдог. Хэрвээ энэ дамжлаг дунд нэг л алдаа гарвал цусаар бичигдсэн дүрэмтэй учир хэн ч уучлахгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм л өндөр хариуцлага, бэлэн байдлын дор тэд ажлаа хийдэг.
Нисдэг тэргийг календарь болон үйлчилгээний цаг гэсэн хоёр төрлөөр засварт оруулдаг аж. Ингэхдээ 25, 50, 100, 300, 500, 1000 цагийн засварыг эх орондоо 1500, 3000 цагийн засварыг үйлдвэрлэгч оронд заавал хийх ёстой байдаг гэнэ. Энэ жишгээр 2016 онд тус “Чөдрийн хоёр морь” маань ОХУ-ын Улаан Үд хотод урсгал засварт оржээ. Тэр үед орос инженерүүд “Монголчууд нисдэг тэргээ маш цэвэрхэн, сайхан эдэлж, хэрэглэсэн байна. Үнэхээр өөлөх ч зүйл алга. Ийм тохиолдолтой бид хоёрантаа учирлаа. Өмнө нь Хойд Солонгосчууд мөн ийм нисдэг тэрэг авчирж байсан” гэж хошууч Ж.Цогтдоржод хэлж байсан гэнэ. Тэрбээр “Энэ бол тухайн үед надад төрийн шагналтай дүйцэхүйц маш сайхан урмын үг байлаа” хэмээн тухайн үеийн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа. Даан ч иженерүүдэд тулгардаг нэг зовлон нь ангар байхгүйгээс гадаа засварын ажил хийхэд хүндрэл учирдаг гэнэ. Өөрөөр хэлбэл өвлийн -40 хэмийн хүйтэнд хуруу, гараа хайруулан байж, нисдэг тэргээ арчилдаг. Байгалийн элдэв үзэгдэлд хүчин мөхөсдөж, зарим үед арчилж, засварлах цагтаа ажлаа гүйцэтгэж чадахгүй байдалд орох нь элбэг байдаг аж. Хэрвээ ангартай болчихвол энэ бүх асуудал арилж, нисдэг тэргээ тухтайхан арчлах боломж бүрдэнэ. Тэгээд ч даарч, бээрч, халууцаж, яарсан хүний алдаа гаргах магадлал төдий чиний ихэснэ шүү дээ. 
“Чөдрийн хоёр морь” гэж хэлээд байсан учрыг би хурандаа С.Эрдэнэмөнхийн ярианаас ойлгосон юм. Энэ хоёр нисдэг тэрэг маш олон үйлчилгээнд явж байсан бөгөөд тэдний заримаас дурдах нь зүйтэй гэж бодлоо. Тухайлбал 2013 онд Ерөнхий сайд асан А.Алтанхуяг албаны хүмүүстэйгээ Бурхан халдун ууланд төөрсөн хэрэг явдал гарч, Монгол даяараа шуугиад өнгөрч байсныг та санах буй за. Тэр цаг дор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх бүрэлдэхүүнийг Засгийн газраас томилж, тэд Бурхан халдун уулнаа эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг цаг агаарын маш хүнд цасан шуургатай үед гүйцэтгэж, 72 хүний алтан амийг 3 удаагийн татан гаргалтаар аварч байжээ. “Тухайн үед цаг агаар үнэхээр хүнд байсан. Цас маш их хэмжээгээр шуурч орчны харагдах нөхцлийг хязгаарлаж цасан дор ямар ч хэлтгий, эсвэл хад асгатай газар байж болох учир бид нисдэг тэрэгнийхээ дугуйг уулын цасанд шүргэх төдий л газартай ойртуулж, хүмүүсийг татан гаргаж байлаа” хэмээн Монгол Улсын гавьяат нисгэгч, хурандаа Б.Дашаахүү хэлсэн юм. Мөн жил бүрийн ой хээр, талын түймэр, элдэв баяр ёслолын нээлт, хаалтын ажиллагаа, Зэвсэгт хүчний томоохон хээрийн сургуулиуд, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхрийн дадлага, сургууль гээд тэдний үйлчилгээг нэрлээд байвал тун их. Ер нь уншигч та үүнээс хойш тэнгэрт нисдэг тэрэг харах аваас “чөдрийн хоёр морь”-ний нэг нь нисч байнаа гэж бодоход буруутахгүй. Нисдэг тэрэгний хувьд ийм. Харин нисгэгч хүний тухайд хурандаа С.Эрдэнэмөнх ийн ярьсан юм. 
-Би 1988 онд “МиГ-21” сөнөөгч онгоцны нисгэгчээр ЗХУ-д төгсөж байлаа. Тэр цагаас өнөөдрийг хүртэл цэргийн нисэхийн салбартаа хүчин зүтгэж байна. Саяхныг хүртэл би салбартаа отгон төгсөгчдийн нэг гэж нэрлэгдэж явлаа. Ер нь надаас хойш улс орны хэмжээнд цэргийн нисгэгч бэлтгэх бодлого тасалдаж явсаар 23 жилийн дараа 2011 онд дараа үеийн шинэ нисгэгчид бэлтгэгдэж эхэлсэн. Одоо цаг сайхан болж, жилд тодорхой тооны цэргийн нисгэгчид ОХУ-д төгсөөд, мэргэжлээ эзэмшээд ирж байна. Энэ байдал 2020-2021 он хүртэл үргэлжлэх болов уу гэж бодож байна. За яахав мэргэжилтэй боловсон хүчнээ бид боломжийн тоонд хүртэл бэлтгээд авчихлаа. Одоо онгоцоор нь хангаж өгөх асуудал маш чухал. Мэдээж улс орны төсөв, эдийн засгийн хүндрэл зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа ч энэ асуудлыг шийдвэрлэх нь дан ганц цэргийн нисгэгчдийн ч бус улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой. Ер нь нисгэгч хүнийг маш олон шалгуураар сонгож, нарийн шинжилгээнд хамруулж байж сая мэргэжлээрээ суралцах эрх олгодог. Олон даваа давж сая нисгэгч болдог гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй гэв.
Орчин үеийн бүх дайн, байлдааны ажиллагаа нисэх хүчиндээ тулгуурлан явагдаж байгааг бид өдөр бүхэн харж байна. Тиймээс аль ч улсад цэргийн нисгэгчид нь цалин, хангамжаараа бусад төрөл мэргэжлийн цэргүүдээсээ илүү байдаг. Энэ жишиг манай улсад өөр байдаг тухай тус ангийн нислэг эрхэлсэн орлогч, нисэх багийн дарга, дэд хурандаа Б.Баясгалан ингэж ярьсан юм. 
-1984 онд “Ми-24” нисдэг тэрэгий нисгэгчээр ЗХУ-д бэлтгэгдэн төгсөж байлаа. 1991 оноос хойш нисгэгч бэлтгэх бодлого тасарч, 2008 онд тус хоёр нисдэг тэргийг хүлээж авахад үндсэндээ манайд залуу нисгэгч гэж байхгүй болсон байв. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хоёрхон цэргийн нисэхийн анги байна. ОХУ-д нисэхийн сургууль төгссөн хүүхдүүд тус хоёр ангид хуваарилагдана. Гэтэл нисгэгчийн орон тооны цолны түвшинг маш доогуур батласнаар олон төрлийн асуудлууд үүсч байна. ОХУ-д 6 жил суралцаад цэргийн нисгэгч гэсэн мэргэжил эзэмшээд ирсэн хүн насаараа дэслэгч, ахлах дэслэгч цолтой Зэвсэгт хүчинд алба хаана гэдэг хэнд гэсэн эмгэнэлтэй санагдана. Гэтэл бусад төрөл мэргэжлийн цэргүүд өөр анги руу дэвшин томилогдоод дараагийн цолоо аваад ажиллах боломжтой. Харин цэргийн нисгэгч хүнд энэ нь хязгаарлагдмал. ОХУ-ын хувьд инженер, нисгэгч нарыг ротын захирагч болон түүнээс дээш албан тушаалтай тэгшитгэж боддог. Гэтэл манайд салааны захирагчтай дүйцүүлэн тооцож байна. Мөн нисгэгч хэмээх мэргэжлийг маш их хөрөнгө, мөнгө, цаг хугацаа зарж байж эзэмшдэг учир иргэний нисэхийн байгууллагууд манай шинэ төгссөн хүүхдүүдийг олноор сонирхох болсон. Одоо иргэний агаарын тээвэрт нисч байсан нисгэгч нарын ихэнх нь надтай хамт 1984 онд ЗХУ-д төгссөн хүмүүс байдаг. Тийм учир хувийн компаниудын манай залуу нисгэгчдийг авч ажиллуулах сонирхол нь жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Гэтэл өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ өвлүүлэн үлдээж, зааж сургаж, бэлдсэн залуусаа бид алдаад явуулах даан ч харамсалтай шүү дээ. Магадгүй бид явуулахгүйн тулд “Тэгвэл сургалтын төлбөрөө төл” гэж нэхэх байх. Гэтэл хувийн мөнгөтэй компаниуд түүнийг төлөөд л авчихна. Залуу боловсон хүчнээ энэ салбарт тогтоон барих бодлого бидэнд ус агаар мэт дутагдаж байна хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Үнэхээр цэргийн нисгэгчдийн хувьд өөр анги, байгууллагууд руу томилогдон ажиллах боломжгүйн дээр цалин хөлсний хувьд ч тэр хэтэрхий доогуур байдаг тухай шинэ төгссөн зарим залуус хэлснийг нуух юун. За яахав цалингийн хувьд тийм байж болох ч цолны хувьд бодоод үзэхэд үнэхээр бодит байдлаас хэт зөрүүтэй санагдсан. “Цэргийн хүн мөр, энгэр хоёроо харж явдаг” гэдэг үг ерөнхий цэргийн мэргэжлийн офицер байна уу, цэргийн нисэхийн офицер байна уу бүгдэд нь адилхан уншигдаж, адилхан сонсогдоно. Иймд залуу нисгэгчдийнхээ урмыг хугалсан ийм бодлогоо эргэн харах хэрэгтэй болов уу. Надад мөн хачирхалтай санагдсан зүйл нь тэдэнд тусгай хувцасны хангалт байдаггүй аж. Нисгэгч нартай уулзаад зогсож байхдаа би тэд нараас “Яагаад ийм өөр, өөр өнгийн хувцастай байгаа юм бэ?” гэж асуухад “2008 оноос хойш тусгай хувцасны хангалт зогссон. Иймд нисгэгчид маань нэг бол ОХУ-аас эсвэл өөрсдөө цалингаасаа төлж, оёулж өмсөхөөс өөр аргагүйд хүрдэг. Цэргийн нисэхийн салбартай өөр ямар ч оронд ийм зүйл байдаггүй” гэж хариулсан. Үүнийг сонсоод би маш их гайхсан юм. Энэ асуудлаар тус ангийн үе, үеийн захирагч, дарга нар дээд удирдлага, командлалд удаа дараа хүсэлт гаргаж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадахгүй байгаа аж. Нисгэгч хүний хувцас хэрэглэл бүгд цаанаасаа олон жилийн туршилт, судалгаанд үндэслэгдэж хийддэг гэнэ. Тухайлбал нисгэгч товчтой хувцас, хатуу ултай гутал өмсөж болдоггүй. 1980-аад оны дундуур нисэх онгоцны удирдлагын өрөөнд шинельтэйгээ орсноос болж, товч нь тасарч, эд ангиуд дунд гацаж, хохирол учирч байсан гашуун түүх ч бидэнд байдаг гэдгийг тэд ярьж байлаа. Хатуу ултай, шаардлага хангахгүй гутал өмсвөл онгоцондоо суух, буухдаа гадна будаг, арьсыг гэмтээх, хальтирч унах зэрэг эрсдэлтэй аж. Энэ мэт тэднийг тойрсон зайлшгүй шийдвэрлэх олон асуудал байсны заримаас би энд сийрүүллээ. Энэ үеэр зарим залуу нисгэгчдийн сэтгэгдлээс сонссон юм. 
 
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми171-Е” нисдэг тэрэгний нисэх багийн захирагч, ахлах дэслэгч Ч.Лхагвасүрэн:
 
-Би 2008 онд дунд сургуулиа төгсөөд сонгон шалгаруулалтад орж, ОХУ-ын Сызрань хотод цэргийн мэргэжлийн сургуульд суралцсан. 2012 онд тус ангид нисэх багийн захирагчаар ажиллаж байна. Би тухайн үед мэдээгүй. ОХУ-д суралцаж байхдаа нисдэг тэрэгний нисгэгчээр 23 жилийн дараа эх орондоо бэлтгэгдэн ирж байгаа хүмүүс та нар шүү гэж хэлж байсан. Манай гэр бүлийн хувьд өвөө маань нисгэгч болох гээд залуу ер чадаагүй. Тэгээд аавыг минь бас нисгэгч болгох гээд чадаагүй. Тэгээд би өвөө, аавынхаа хүслийг биелүүлсэн. Магнай хагартлаа надад баярладаг. Би тус ангид нисгэгч болсноороо Монгол орныхоо дөрвөн зүгт хүрч, хилийн соёмбот багана босгох хүндтэй үүргийг гүйцэтгэж байлаа. Мөн ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийг тээвэрлэн хүргэхээс эхлээд бэртэж, гэмтэж, осгосон хүмүүсийг хүртэл тээвэрлэнэ.
 
Нисгэгч хүнд багш хүн бурхан шиг шүтэж явах хэрэгтэй.
 
-Тус ангид 4 дэхь жилдээ алба хааж байна. Би АНУ-ын Калифорни мужийн Карлсбэд хотын “Цивик хэликоптерс” нисдэг тэрэгний сургуулийг 2015 онд төгссөн. Иргэний нисэхийн тэтгэлгээр анх 6 хүүхэд тус сургуулийн хуваарийг авч байсны нэг нь би. Одоо бусад маань бүгд иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа. Миний хувьд цэргийн нисгэгч болох туйлын хүсэлтэй байсан. Биднийг АНУ-д очоод ганцаараа амьдарч, бие даах учир сэтгэл зүйн болоод бие бялдрын бэлтгэл олгох зорилгоор богино хугацаанд Зэвсэгт хүчний Сургалты нэгдсэн төвд сургалтад хамруулсан. Тухайн үед цэргийн анхан шатны бэлтгэлийн захаас мэдэрч, цаашдаа Зэвсэгт хүчинд алба хаах нь маш бахархам үйлс юм гэдгийг ойлгосон. Нисгэгч хүн байнга суралцаж байх ёстой. Тиймээс өдөр бүр өөрийгөө дайчилж, ахмад туршлагатай нисгэгч нараасаа олон зүйлийг сурч, мэдэж байна. Тэднийхээ итгэлийг алдахгүй цаашдаа салбартаа ажиллана гэж боддог. 
 
 
М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо сонин"