sonin.mn
Монголын кино урлаг 1936 онд анхлан гал голомтоо асаасан түүхтэй. Тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трхуберг тэргүүтэй хэсэг уран бүтээлчид манай улсад ирж “Монгол хүү” киног хийсэн нь Монголын кино урлагийн түүхэнд анхны хар цагаан уран сайхны кино гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэж л үзэгчид кино гэх шинэхэн урлагийг өлгийдсөнөөс хойш өдгөө 80 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын кино урлаг сэргэсэн, мандсан, зогссон, унасан олон шалгуурыг давж өнөө бидний үед ирээд байна. Өнөөдөр өдөр бүр Монголын, Холливудын шинэ кино нээлтээ хийдэг. Үзэгчид ч ямар бүтээлийг нь үзэх вэ гэдгээ мэддэг болчихсон цаг үе. Харин 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тийм байсангүй. Улаанбаатартаа л номер нэг “Ард” кино театрт ямар бүтээл гарна түүн рүү л хошуурдаг байсан үе. Билет авах гэж дугаарлана. Хэд хоног хүлээж байж өнөөх киногоо үзнэ. Тэр үед л кино театрт кино үзэхийн гайхамшгийг мэдэрдэг байсан гэж тухайн үеийн үзэгчид, уран бүтээлчид одоо ч дурсдаг. Тэгвэл өнөөдөр дугаарлаж зогсох шаардлага алга. Улаанбаатар битгий хэл аймаг бүр кино театртай болж, дэлхийд нээлтээ хийж буй шинэ бүтээлийг цаг алдахгүй үздэг болсон нэг бодлын сайхан үед бид амьдарч байна. Үзээгүй нэвтрүүлгээ нөхнө, ухраана, алгасна гээд технологийн эрин үе бидэнд  олон дэвшилттэй зүйлийг авчирсан. Киноныхонд ч ялгаагүй. Өнөөдөр бид гар утсан дээрээ хүссэн киногоо үзэж  байна. Энэ гайхамшиг биш гэж үү. Тэгвэл энэ байдал Монголын кино урлагт заналхийлсэн нэг алхмыг өөгшүүлж буй нь оюуны өмчийн хулгай юм. Манай улс дахь фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1.7 сая байсан бол 2018 оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 саяд хүрчээ. Тэдний 66 хувь нь 18-34 насныхан байна. Тэгэхээр хүн амын талаас илүү хувь нь ашигладаг энэхүү цахим сүлжээг зохицуулахгүй л бол цаашид оюуны өмчийн хулгай гарсаар л байх болно.
 
ЦАХИМ ЕРТӨНЦИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ
 
Кино урлаг хамтын бүтээл. Нэг бүтээл хийхийн тулд ард нь дор хаяж 30-50, бүр 50-100 хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн баг ажилладаг. Харин түүхэн кино, олон ангит кинонд 200-250 хүн ажиллах нь энүүхэнд. Тэд хэдэн сар, жилийн хугацаанд оюун ухаан, хүч хөдөлмөрөө шавхаж, гэрээсээ хол, хүйтэнд хөрч, халуунд халж, хөрөнгө мөнгөөрөө дэнчин тавьж байж зорьсондоо хүрдэг. Улаан хивс дэвсч, сүр дуулиантайгаар нээлтээ хийгээд л. Гэтэл хэн нэгэн ашиг хайгчийн гайгаар оюуны бүтээлээ алдаж байгаа нь харамсалтай. Хэрэв та анзаардаг бол цахим сүлжээгээ нээх бүрт “аdd” явуул хүссэн киног чинь өгье,  кино группт нэгдээрэй гэсэн пост, сэтгэгдэл тоймгүй олон. Тэр ч бүү хэл сэтгэл зүрхээ шингээн бүтээсэн оюуны бүтээлийг нь хэдэн зуун “share” хийгээд нийтийн сүлжээнд тавьчихдаг явдал энгийн үзэгдэл мэт болж. Нэг бүтээл хэдэн төгрөгөөр бүтдэг вэ. Манай киночид өр, зээл тавьж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа нь бодит үнэн. Ихэнх нь эхэлж хийсэн киноныхоо багахан ашгаа дараагийн бүтээлдээ зориулж байна. Бид кино театрт нэг киног 5000-7000 төгрөгийн ханштай үздэг. Гэхдээ үнэндээ тохирсон соёлтой үйлчилгээ, боловсон харилцаанаас гадна дуу, дүрсний гайхамшгийг гагцхүү тэнд л мэдэрнэ. Харин энэ таашаалыг өгснийхөө хариуд кино театр нь ихэнх орлогыг нь “залгичихдаг”. Харамсалтай нь оюуны өмчөө хулгайд алдлаа гэхэд хохирлыг нь барагдуулах, арга хэмжээ авах хуулийн заалт нь тун ядмаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Маск” продакшныхан “Баярлалаа ээжээ” баярын хөтөлбөрөө хулгайд алдсан юм. Үүнтэй холбогдуулан тус продакшнаас мэдэгдэл гаргасан. Түүндээ “Монголын хошин урлагийн Маск продакшны уран бүтээлчид үзэгч олондоо бэлэг барихаар дэлгэцийн уран бүтээлээ хийж, 20 гаруй хоног ямар ч амралтгүй, өдөр, шөнийг умартан зүтгэсэн. Гэтэл манай бүтээлийг олон нийтэд цацаж, Оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлээ. Тэдгээр хүмүүсийг унтаж байхад бид ажиллаж л байсан. Бид та бүхэнд бүтээлээ 5500 төгрөгөөр үзүүлэх гэж улайрсандаа бус өөрсдийн хөдөлмөр хөлс шингэсэн уран бүтээлээ үнэлсэн хэрэг” гэжээ. Харин хамтлагийн жүжигчин М.Баярмагнай өөрийн цахим хуудастаа “Монголд хууль дүрэм, оюуны өмч байхгүй. “Баярлалаа ээжээ” кинонд маань олон хүн хүч хөдөлмөрөө зориулсан. Энэ мэт бэлэнчлээд, хулгайлах юм бол цаашид бүтээл хийгээд яадаг юм” хэмээн бухимдлаа илэрхийлж байв. Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Монголд оюуны өмчийн хулгай газар авч байна. Энэ нь уран бүтээлчид бидний хөдөлмөрийг уландаа гишгэж байгаа явдал. Тиймээс цахим сүлжээнд хяналт тавих, киноны бие даасан хуулийг яаралтай боловсруулах цаг болсон” гэсэн юм.
 
“ФЭЙСБҮҮКЭЭР ЦАЦАГДСАН ТОХИОЛДОЛД ХУЛГАЙЧИЙГ БАРИХ БОЛОМЖ ХЯЗГААРЛАГДМАЛ”
 
Уран бүтээлчид өөрсдийн хөрөнгө, хүч хөдөлмөрөө хулгайд алдсан бол хэнд хандах вэ. Хохирлыг нь хэн барагдуулах вэ гэсэн асуудал цахим хэрэглээ хөгжсөн энэ үед ярихаас өөр аргагүй сэдвийн нэг юм. Энэ нь цаашлаад Монголын кино урлагийн ирээдүйн хөгжилд нөлөөтэй том асуудал. Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж “Зөрчлийн тухай хуульд зааснаар зохиогчийн эрхийн зөрчил гарсан тохиолдолд торгох, үйл ажиллагааг зогсоох, хохирол барагдуулах, зөрчил гаргахад ашигласан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураах гэх мэт хариуцлагын заалтыг зохицуулж өгсөн. Зохиогчийн эрх эзэмшигч буруутай этгээдийг олж, хохирлын хэмжээгээ тогтоож мэдэгдсэн тохиолдолд бүх учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Харин хувийн цахим сүлжээ буюу Фэйсбүүкээр нийтэд хүрсэн тохиолдолд хулгайчийг барих боломж хязгаарлагдмал. Зохиогчийн эрхэд халдсан хүн хэн бэ гэдгийг тогтооход төвөгтэй. Тухайн иргэн зөвхөн регистрийн дугаараараа нэг удаа фэйсбүүк хаяг нээдэг бол өөр хэрэг. Гэтэл нэг хүн хичнээн ч хаягтай байх боломжтой. Тэгэхээр энэ асуудал зөвхөн Монголын бус олон улсын хэмжээнд яригдах асуудал болж байна” гэж хариулж байв.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин