sonin.mn
Нүүдэлчдийн амьдарч ирсэн монгол гэрийг дэлхий нийт “Хамгийн эко орон сууц”-аар тодруулсан байдаг. Халуунд хаяаг нь шууж, үүдээ сөхчихдөг, хэт халвал өрхөө бүтээж, салхи шуурч бороо орвол өрхөө татах зэргээр монгол гэр  олон үйлдэлтэй, амьд сууц. Тэгвэл орчин үеийн хөгжлийг даган олон талаар шинэчлэгдэж ирэв. Монгол гэрт 20 гаруй  удаа шинэчлэл хийсэн  СХД-ийн есдүгээр сургуулийн Дизайн технологийн багш Б.Төмөрбаттай ярилцлаа.
 
–Монгол гэрийг хөгжүүлэх, өөрчлөх санаа хэзээ төрөв?
 
-Би 1978  оны үед  Баянхонгор аймгийн ТМС-ийн мужааны ангийг дүүргэж, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр сурахын зэрэгцээ ажилласан. Монгол  гэрийн  үйлдвэрлэл, технологийн чадварыг  тэнд анх  эзэмшсэн.Дараа нь орчин үеийн нөхцөлд монгол гэр ямар байж болох вэ гэдгийг судалж, хөгжүүлэхийг зорьсон. Өнөөдөр хүмүүс яагаад байшинг илүүд үзэх болов гэвэл монгол гэр ямар нэг хэмжээгээр оршин тогтнох, амьдрахад шаардлага хангахгүй байгаа гэсэн үг. Гэвч хөдөө орон нутгийнхан, мал аж ахуй эрхэлж буй иргэдийн хувьд монгол гэр зайлшгүй шаардлагатай байна. Монгол гэрийн хийц, технологийг монголчууд өөрсдөө л өөрчилж, хөгжүүлж чадна. Энэ үүднээс 2005 онд нийс­лэлийн 33 дугаар сургууль дээр  анхны шинэчилсэн загварын гэрийг хийж,  Москва хотын даргыг айлчлах үеэр үзэсгэлэн гаргаж байлаа.
 
–Гэрийн хийц, загварт ямар шинэчлэлүүд хийв?
 
-Монгол гэрт амьдарч буй хүн  бороо цас орвол өрхөө татах, салхи шуурвал даруулах гээд бэрхшээлтэй тулдаг. Энэ бүхнийг орчин үеийн аргаар шийдсэн 20 гаруй шинэчлэл хийсэн. Тухайлбал, гэрийн тооныг өндөрсгөн салхивчтай болгосон, хаалгыг өндөрсгөж, найдвартай хамгаалалттай болгосон, цоожийг өөрчилсөн. Ингэснээр европ стандартын тавилгаар тохижуулах бүрэн боломжтой. Мөн өрөөний зохион байгуулалттай хийж ч болох юм.
 
–Та багш хүн болохоор монгол гэрээр өрдөг  тоглоом хийж,  сургалтын чиглэлд шинэлэг санаачилга гаргажээ? 
 
-Сүүлийн хоёр жил монгол гэрийг хүнд ойртуулж, хүүхдүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн болгоход анхаарч байна. Таван ханатай том гэрийг сургуулийн хүүхэд байтугай манай залуучууд зарим нь барьж чадахгүй, мэдэхгүй байгаа шүү дээ. Иймд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон жижиг гэрийн загвар, хэмжээг гаргалаа. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд энэ маш чухал.
Жижиг гэрийг цэцэрлэгийн насныхан ширээн дээр өрөөд тоглох боломжтой. Тоглоомын аргаар гэрийн бүтэцтэй танилцана, нөгөөтэйгүүр яаж барихыг мэдэж авна. Бага насанд нь монгол гэрийн тухай ойлголт өгсний дараа дунд ангид нь    барьчихаад дотор нь орж гарч тоглож болохуйц болгож  гэрийн  хэмжээг томруулсан. Мэдрэх, хүрэх, хүртэхүйгээр нь дамжуулан өв соёлоо мэдрүүлж, гэр барих дадлага суулгаж  байгаа юм. 2-3 ханатай гэрийг бага ангийнхан бариад, дотор нь орж үзэх зэргээр ойлголт авдаг. Дунд, ахлах ангид ороод авдар, ширээ, сандал зэрэг  гэрийн эд хогшлыг хийж, хаалга, унь харуулдаж сурдаг. Хичээлээр дамжуулан үндэсний өв соёлоо мэдэх нь  нэгдүгээрт боловсролын талаас, нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлийн технологиудыг сурч дадлагажих боломжтой.Иймд хичээлийнхээ хөтөлбөрт оруулаад явж байна.
 
–Нээрээ л хүүхдэдээ чихмэл бамбарууш   авч өгснөөс гэр аваад өгчихөд бариад тоглож болох олон үйлдэлт тоглоом  юм байна шүү?
 
-Түүнээс гадна арай том хэмжээтэйг нь аваад өгчихвөл хүүхдүүд зуслан дээрээ очоод гаднаа барьчихад орж гарч тоглох боломжтой. Хүүхдийнхээ өрөөнд ч гэсэн барьчихад болно. Сүүлийн үед цэцэрлэгүүд эцэг, эхчүүдийн дэмжлэгтэй авч байгаа. Улсын хэмжээнд ажил болгоход БСШУСЯ, Засгийн газар анхаараасай гэж боддог. Монгол гэр гэлтгүй үндэсний өв соёл, уяа зангилаанаас эхлээд  үйлдвэрлэлийн технолгиудыг хүүхдүүддээ зааж сургаж байвал хэрэгтэй байна.
 
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин