sonin.mn
БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайханаас дараах тодруулгыг авлаа.
 
-Та БХЯ-ны дэргэд байгуулагдаж буй “Цоглог” цэцэрлэгийн талаар тодруулга өгнө үү?
 
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БХЯ-наас нийгмийн хариуцлагаа дээдлэн хийж байгаа томоохон ажил нь яах аргагүй тус цэцэрлэг. Урьд нь ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан барилгад мэргэжлийн байгууллагаар зураг, төсөв гаргуулж, Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлуулан зориулалтыг нь өөрчилж, цэцэрлэг болгон засварлаж, тохижуулаад байна. БХЯ-ны дэргэд байгуулагдаж байгаа энэхүү цэцэрлэг 4 бүлэгтэй, 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төдийгүй 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон гэж ойлгож болно.
 
-Цэцэрлэгийн онцлогийн тухайд...
 
-Бид БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК болон харьяа аж ахуйн нэгж, байгууллагууд, анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл хоёрдохгүй, тав тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү цэцэрлэгийг байгуулж байгаа юм. Тус цэцэрлэгийн онцлог болгон дараах зүйлийг дурдах нь зүйтэй. Юуны өмнө бид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийг чухалчиллаа. Тэр утгаараа бүхий л орчныг камержуулсан. Ингэснээр гадаад, дотоодод үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид хүүхдийнхээ хэрхэн сурч, хүмүүжиж байгааг харах боломж бүрдсэн. Түүнчлэн гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбайг бий болгосон, бүх төрлийн тоглоомоор хангасан, өрөө, тасалгаа бүрт агаар шүүгчийг байрлуулсан. Урлаг, соёл, спортын заалыг тохижуулсан. Цаашлаад хүүхдүүд насныхаа онцлогоос хамаарч өдөрт ямар хэмжээний хоол хүнсээр хангагдах, хэрхэн эрүүл өсч бойжих вэ гэдэг дээр анхаарч, хоол хүнсний асуудлыг шийдэхээс эхлээд гал тогоог нь иж бүрэн тохижуулсан гээд цэцэрлэгт байх ёстой бүхнийг 100 хувь шийдсэн. Мөн БХЯ-ны харьяа мэргэжлийн олон байгууллага бий. Энэ байгууллагуудын оролцоотойгоор хүүхдүүдэд нэмэлтээр ямар сургалт явуулах талаар ч ярьж байна. Тухайлбал, ЦДБЭЧ, “Алдар” спорт хорооноос багш нар очоод морин хуур, төгөлдөр хуур, шатар, даам зэрэг төрлүүдээр урлаг, спортын дугуйланг хичээллүүлэх боломжтой. Түүнчлэн Оюун ухааны академийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар ч ярилцаж, тэндээс багш нар урьж хичээл оруулах төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй багш хөлсөлж, нэмэлт зардал гаргахгүйгээр хүүхдүүдээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Товчхон хэлэхэд, “Цоглог” цэцэрлэг нь бүхэлдээ эко бөгөөд хүүхдийн хөгжлийн орчин байх төдийгүй “Хүүхэд бүрт баяр баясгалан, багш бүрт урам зориг, эцэг эх бүрт итгэл найдвар” гэсэн уриатайгаар ажил үйлсээ эхлүүлэх гэж байна.
 
-Багшлах боловсон хүчин, ажилтан албан хаагчдыг ямар шалгуураар бүрдүүлэх вэ?
 
-БСШУСЯ, Нийслэлийн болон БЗД-ийн Боловсролын газар, хэлтэстэй зөвшилцөөд Нийслэлийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэг байдлаар зохион байгуулж байна. Энэхүү 115 дугаар цэцэрлэг өмнө нь 14 бүлэгтэй байсан бол манайхтай нийлээд 18 бүлэгтэй, 800 гаруй хүүхэдтэй болж байгаа юм. Бид БЗД-ийн Засаг дарга, Боловсролын болон Нийгмийн хэлтэст нь хүсэлт гаргаад 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусдаа орон тоо батлуулахаар төлөвлөсөн. Мэдээж арга зүйч багш-1, үндсэн багш-4, туслах багш-4 байна. Дээр нь өдрийн жижүүр-1, 24 цагийн харуул-3, тогооч-1, туслах тогооч-2, эмч-1, үйлчлэгч-1 зэрэг орон тоотой байна. Эдгээр ажлын байруудад Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу аль болох цэргийн алба хаагчдынхаа гэр бүлд дээрх мэргэжлийн хүн байгаа бол судалж ажиллуулах зорилготойгоор харьяа бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад санал хүргүүлсэн. 115 дугаар цэцэрлэг нь нийслэлийн тэргүүний цэцэрлэг төдийгүй улсын тэргүүний цэцэрлэг болох шалгаруулалтад орсон юм билээ. Тийм учраас ажиллах бүрэлдэхүүнд нэлээд өндөр шалгуур тавигдах байх.
 
-Хүүхэд элсүүлэх журам, үнэ төлбөрийн талаар эцэг, эхчүүд сонирхох байх. Энэ талаар тодотгоно уу?
 
-Ямар ч төлбөр мөнгө байхгүй. Боловсролын сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу тухайн хүүхдийн ахуйн хэрэглээний зүйлсийг л эцэг, эхчүүд өөрсдөө бэлтгэнэ. Элсэлтийн хувьд мөн л харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Мэдээж хэн түрүүлж бүртгүүлнэ, тэдний хүүхэд л 120-д багтана шүү дээ. Энд мөн нэг зүйлийг тодруулах нь зүйтэй байх. Дөрвөн анги тус бүр 30 хүүхэдтэй байна. Үүний 5-ыг нь заавал цэргийн алба хаагчдын гэхгүйгээр дүүргийн аль болох эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн. Бидэнтэй хамтарч ажилласан БСШУСЯ, Нийслэлийн ЗДТГ, Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Боловсрол, нийгмийн хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.
 
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин