sonin.mn
Монгол Улсын баруун хязгаарт 20 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт тулгаралт болох Байтаг богдын тулалдааны 70 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн ажиллагааг Ховд аймгийн Үенч суманд Хилийн цэргийн 0130 дугаар ангил ирэх сарын 6-8-нд зохион байгуулах юм.
Ойг угтаж Баруун хилийн тулгаралтын талаар Хилийн түүхийн музейд очиж, тус музейн эрхлэгч, дэд хурандаа Т.Ганболдтой уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Түүхийн музейд Монгол Улсын хилийн түүхийг эрт дээр цагаас харуулсан үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. Дэд хурандаа Т.Ганболд 70 жилийн тэртээ баруун хязгаарт болж байсан тулалдаан, тулгаралтын талаар “Монголд нийт 15 баатар байдгаас ес нь баруун хилийн тулгаралтаас төрсөн.
1933-1952 оны хүртэл үргэлжилж түүхэнд “ Баруун хилийн тулгаралт” гэж тэмдэглэгдэн үлдсэн энэ үйл явдал нь Хятадын гоминдаан болон Оспаны дээрэмчид Монгол Улсын хилийг олон удаа зөрчиж, хил орчмын айлуудыг түйвээн дээрэмдэх болсноос үүдэн гарсан юм” гэв. Харин 1940 оноос тэдний энэ үйл ажиллагаа идэвхжиж хүчээ авч эхэлсэн байна.
Тухайлбал,1940 оны гуравдугаар сараас гоминдаан,Оспаны дээрэмчид Бага хавтгай уулын “Зээгийн ус” хэмээх газраар хил зөрчиж V отрядын 24 хилчинтэй байлдсанаар эхэлсэн байдаг. Дараа нь 1943 оны долоодугаар сард мөн отрядын I сумангийн тасгийн дарга дөрвөн хилчин тэдэнтэй тулалдаж гурав нь амь үрэгджээ. Харин үүний дараа Мэргэн уулын тэнд болсон тулгаралтын үеэр Оспаны талаас 22 хүнээ алдсан байдаг байна.
Энэ тулаанд оролцсон н.Нэхийт, Лхагвадорж нарыг Монгол Улсын баатар цолоор шагнасан байна. Мөн тэр тулалдаанаар багагүй хүн хүчээ алдсан Оспаны дээрэмчид хариугаа авахаар 1948 оны долоодугаар сарын 7-нд хил зөрчсөн нь “Байтаг богдын тулаан” юм. Заставын орлогч болон хилчид тэднийг тосож байлдах тушаал авсан байна. Тэд “Бүдүүн харгайтын гол” хэмээх газарт 200 гаруй дайсны цэрэгтэй тулалдаж зургаа нь амь үрэгдэж дөрвөн нь амьд үлдсэн юм. Ер нь баруун хязгаарт нийтдээ 62 удаагийн тулгаралт болж байжээ.
Байтаг богдын тулаанаас сэдэвлэсэн “Маш нууц 2” киноны талаар музейн эрхлэгч Т.Ганболд “Маш нууц 2 кино бол алс баруун хязгаарт 70 жилийн өмнө Монголын хилчид Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн төлөө олон удаагийн зэвсэгт тулгаралтыг хийж, эрэлхгээр тулалдаж явсныг харуулсан түүхийн олон баримтан дээр үндэслэн хийсэн сайн кино болсон. Мэдээж урлагийн бүтээл болохоор уран сайхны зарим хэтрүүлэг орсон байхыг үгүйсгэхгүй. Бид киногоо хүлээж аваад хилчиддээ үзүүлэхээр болсон” гэв.
Түүний ярьснаар дээрх тулгаралтад Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг, тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25,000 хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг аж. Тэднээс өнөөдөр 50 гаруй хүн амьд сэрүүн байгаа гэсэн мэдээлэл бий. Харин энэ түүхэн тулгаралтын ойг тэмдэглэх санаачилгыг 1986-1990 онд хилийн 0130 дугаар ангид Улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, МЗЭ-ийн гишүүн, хурандаа Ч.Алтангэрэл анх гаргаж 40 жилийнх нь ойг тэмдэглэж байжээ. Энэ хүн уг үйл явдлыг “Баруун хилийн тулгаралт биш баруун хилийн дайн” гэж үздэг байна. Мөн баруун хил дээр хамгийн сүүлийн буун дууг 1962 оны тавдугаар сард Б.Бааст хэмээх хүн гаргасан тухай ярьсан байдаг.
Мөн бид Хилийн түүхийн музейд хадгалагдаж байгаа “Байтаг богдын тулалдаан”-ыг харуулсан үзмэрүүдтэй танилцсан юм. Тухайлбал, 1948 оны хоёрдугаар сард VII,VIII заставын хилчдийн хүнсийг бэлдэхээр явахдаа 70 гаруй дайсантай тулалдаж амь үрэгдсэн Хөхийн Даржаа хэмээх хилчний шинель болон түүний илрүүлсэн гадаадын тагнуулч Монгол Улсын хилийг зөрчихдөө нөмөрч байсан чонын арьсан өмсгөл зэрэг олон сонирхолтой үзмэр тус музейд байлаа.
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хадгалахын төлөө амь биеэ үл хайхран эрэлхгээр амь эрсэдсэн баатруудын хэрэглэж байсан зүйлс, өмсөж байсан хувцас, авч байсан шагналууд музейн үзмэр болон хадгалагдаж байна. Харин Монгол Улсын баатрууд, хилчдийн бие эх орныхоо газар шороонд үүрд нойрсож байгаа. Баруун хилийн тулгаралт, байлдаан дагуулсан Байтаг богдын түүх төгссөн ч тэдний байгуулсан гавьяа, бүтээсэн түүхийг бид хэрхэвч мартаж болохгүй билээ.
 
Э.Ариунжаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин