sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Үерт нэрвэгдээд байгаа Энэтхэгийн Керала мужийн 22 мянга орчим иргэнийг үер усны аюулаас авраад байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний хүчин болон цэргийн албан хаагчид, орон нутгийн загасчид үерт хамгийн их өртсөн газруудад хүрч, аврах ажиллагааг явуулжээ.
Үүний зэрэгцээ байнгын бороотой байгаа орон нутгуудад эн тэргүүнд шаардлагатай байгаа хэрэглээний зүйлсийг хүргэхэд нисдэг тэрэг ашиглаж байна гэж мэдэгдэлд дурдав.
Одоогийн байдлаар зургадугаар сард эхэлсэн энэ үерийн улмаас 350 гаруй хүн амиа алдаад байгаагийн зэрэгцээ олон байшин барилга сүйдээд байгаа юм.
Керала мужийн тэргүүн сайд Пинарайи Вижаяны мэдээлснээр, одоогийн байдлаар тус мужийн 725 мянга орчим иргэнийг тусламжийн 5645 баазад хуваан байршуулаад байгаа ажээ.
Үүний зэрэгцээ ус болон агаарын замаар тархсан өвчин тусламжийн баазуудад тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж Керала мужийн Гамшгийн менежментийн багийн тэргүүн Анил Васудеван мэдэгдэв.
Мөн тэрбээр, мужийн нийслэл Тривандрум хотоос 250 км зайд орших тусламжийн баазаас салхин цэцэгтсэн гурван хүн илэрснийг тусгаарлаад байна гэж мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг