sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын айл өрх, ААН-үүд 2020 он гэхэд хог хаягдлаа анхан шатанд ангилан ялгадаг болно. Тухайн хогийг тээвэрлэж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг 2017-2020 онд сайжруулах дунд хугацааны бодлогын баримт бичгийг НИТХ-аар батлуулаад байна. Уг хөтөлбөрт хогийг эх үүсвэр дээр нь ангилж, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг кластерийн хэлбэрээр хөгжүүлж дэмжих гол бодлогын зорилтыг тусгаад байна. Үүгээр 2020 он гэхэд эх үүсвэрээс үүсч буй хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг болох юм. Мөн хог хаягдыг эх үүсвэрээс нь цуглуулж тээвэрлэж хүргэх механизмыг боловсронгуй болгох юм. Эх үүсвэр дээр хог хаягдлаа ангилан ялгаагүй нөхцөлд Хог хаягдал болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээс гадна иргэдийг хогоо ангилан ялгах талаар сургаж төлөвшүүлж дадлагажуулах тал дээр сургалт, танин мэдэхүйн сурталчилгааг түлхүү явуулна гэж байна. Энэ ажил нийслэлд Хан-Уул дүүргийн хороодоос эхлээд байна.
Тодруулга: Хог хаягдлын тухай хуульд хогоо ангилан ялгаж, хогын сав болон тогтоосон цэгээс бусад газар хаяж шатаахыг хориглож, зөрчсөн иргэнийг 50 мянга, ААН, байгууллагыг 400 мянган төгрөгөөр, ААН, байгууллагууд хог хаягдлаа цуглуулж зориулалтаар тээвэрлээгүй бол иргэнийг 200 мянга, ААН, байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгохоор заасан.
 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг