sonin.mn
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Уул уурхай сэргэхтэй зэрэгцэн манай улсыг гадны хөрөнгө оруулагчид сонирхож эхлэх байх гэсэн хүлээлт байсан. Гэвч...?
 
-Манай улсын хувьд хөрөнгө оруулагчдын хамгийн сонирхолтой цэг байсан. Харин одоо бол өөр. Яагаад гэвэл, лиценз олгохгүй байгаа учраас тэдний сонирхлыг татах зүйл байхгүй гэсэн үг л дээ. Лиценз гэдэг нь газрыг зарж байгаа зүйл огт биш гэдгийг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн газарт хайгуул хийхийн тулд лиценз олгож байгаа. Ингээд ашиглах боломжтой болбол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй. Үнэн хэрэгтээ лицензийн тоо олон байгаа боловч нийт нутаг дэвсгэрийн долоон хувьтай тэнцэх хэмжээтэй талбайг эзэлдэг.
 
-Уул уурхайн компаниуд гадаад, дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэн ажиллах боломжтой. Гэхдээ манай улсын хувьд үүнийг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл учирсаар байгаа гэх юм?
 
-Хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа компани тийм ч олон биш. “Эрдэнэ ресурс”, “Занаду майнз”, “Кинкоро Коппер”, “Аспайр Майнин”, “Степ голд” зэргийг нэрлэж болно. Хувьцааны ханшийн уналт нь дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнээс хамаарч байгаа. Мөн манай улсын улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлдөг.
Түүнчлэн уул уурхайн компанийн хувьцааны үнэ нэлээд буурсан тухай ярих байх. Үнэндээ манай улсын тогтворгүй байдал хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл. Нөгөөтээгүүр хайгуулын төвшинд үйл ажиллагаа явуулж байх үед хувьцааны ханш төдийлөн өндөр өсөлттэй байдаггүй. Гэхдээ манай улсын хувьд давхар бүртгэл хийлгэх боломжийг бүрдүүлсэн нь сайн жишиг. Түүнээс гадна Канад, Монголын хооронд хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг хийж дуусгасан.
Мөн давхар татварын асуудлаа шийдвэрлэсэн зэргээс харвал макро төвшиндөө бид нээлттэй болж чадсан гэж болно. Харин одоо юуг анхаарах ёстой вэ гэвэл, микро түвшнийхээ асуудлыг шийдвэрлэх учиртай. Хэрэв бид гадны хөрөнгө оруулагчдыг татахыг хүсч байгаа бол улс төрийн болон бодлогын тогтворгүй орчинтой гэдэг ойлголтыг халах ёстой. Ингэхдээ 3-5 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.
 
-“Степ голд” компани орон нутгийн газрыг талхлах гэж байна гэдэг асуудал үүсч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хандсан ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тухай мэдээлэл байсан?
 
-Орон нутгийн нэрийг барьж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг шантаажлах байдал газар авч байгааг хэлэх хэрэгтэй. Үүнийг нь Засгийн газрын төвшиндөө хүлээн зөвшөөрч байгаа мэт үйлдэл гаргах юм. Алтны хайгуул хийхээр ажиллаж байгаа компаниудын ажлыг саатуулдаг хэсэг бүлэг нөхдүүд бий болжээ. Дам сургаар сонсоход хайгуулын ажил эхлүүлэх гэж байгаа компани дээр очоод “Юуны хайгуул ю” гэж асуудаг юм байна. “Алт биш” гэхээр зүгээр орхидог юм байна, харамсалтай байгаа биз.
 
-Энэ удаагийн “Дисковери Монголия”-гийн онцлог юу вэ?
 
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам “Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын Уул уурхайн ассоциаци” хамтран зохион байгуулж байгаа. 2016 оны дөрөвдүгээр улирлаас уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Нүүрс, зэсийн үнийн өсөлттэй зэрэгцэн түүхий эдийн тэсрэлтийг хүлээсэн хөрөнгө оруулагчид бодит олборлолтыг сонирхож байгаа цаг үе давхцаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ямар нэг боломжийг хайж эхэлсэн гэсэн үг.
Тэгэхээр энэ удаад манай улсын зүгээс ямар бодлого чиглэл баримтлах, цаашилбал, дунд, урт хугацаандаа хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөлийг бүрдүүлж байгаа талаарх мэдээллээ хүргэх юм. Түүнчлэн Монгол Улсын геологийн техникийн нөхцөл байдлыг танилцуулах болно. Түүнээс гадна манайд хайгуул хийж байгаа томоохон компаниуд төслөө танилцуулна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгамдсан асуудал, арга замын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэнэ. 
Бүр тодруулбал, “Эрдэнэ ресурс”, “Занаду майнз”, “Бороо гоулд” зэрэг хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд манай улсыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад бодит мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хөрөнгийн биржид бүртгүүлэх ажлын явцыг танилцуулахын зэрэгцээ энэ компанийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дагалдах төслүүдийн талаарх мэдээлэл өгнө.
 
-Манай улсын хувьд уул уурхайгаас олсон орлогоо хуримтлуулж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий. Энэ асуудлыг хөндөх үү?
 
-Тэгэлгүй яахав, энэ талаар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн. Эрдэнэс Монгол  компанийн зүгээс эрдсийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтын үед санд төвлөрүүлэх асуудлыг нэлээд хэдэн жил ярьсан. Түүнийгээ Эрдэнэсийн сан гэнэ үү, хуримтлалын гэнэ үү, баялгийн гэнэ үү хамаагүй. Хамгийн гол нь ажил хэрэг болгох нь чухал. Мөн тус компаниас нүүрсний борлуулалтын үнийн зөрүүг хэрхэн цэгцлэх талаарх төлөвлөгөөгөө танилцуулах юм.
Үүнээс гадна Засгийн газрын цаг бий. Энэ цагт Уул уурхайн яамаар эхлүүлсэн яамд, агентлагийн төлөөллийг оролцуулахаар бэлтгэж байна. Энэ үеэр Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргэх учиртай.
 
-Энэ удаагийн чуулганаар хөрөнгө оруулагчдад санхүүжилт босгох боломжийн талаар Европын сэргээн босголт хөгжлийн банк мэдээлэл хийнэ гэж сонссон юм байна?
 
-Энэ жил Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран ажиллаж байгаа. Тус банкнаас эрэлт, хэрэгцээ талын мэдээлэл өгөхөөс гадна санхүүжилт хэрхэн босгох вэ гэдгийг хэлэлцэх юм. Аливаа салбарын санхүүжилтийг зөвхөн банкнаас босгоно гэдэг ойлголт байж болохгүй. Ямар ч төсөлд санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж байдаг. Монголын хөрөнгийн бирж болон гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд энэ үеэр мэдээлэл өгнө.
 
-Худалдааны дайнаас үүдэн дэлхий даяар түүхий эдийн үнийн уналт огцом байдлаар явж байна гэж шинжээчид хэлсэн байна лээ. Тэгэхээр манай улсын хувьд сөрөг нөлөөллийг сааруулж, ашигтайгаар эргүүлэх боломж бий юу?
 
-Макро төвшний асуудал нь дэлхий даяар нөлөөлнө. Тэр дундаа эрдэс баялгийн зах зээлийн үнийн уналтад манайх ч хамаарна шүү дээ. Гэхдээ худалдааны дайн үргэлжлэх тохиолдолд үнийн уналт үргэлжлэх хандлага бий. Тэгэхээр дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт ажиллаж байгаа уурхайнуудын 30-40 хувь нь хаалгаа барих нь тодорхой. Тэгэхээр эрэлт, нийлүүлэлтийн баланс алдагдаж үнэ өсөх тал руугаа эргэдэг цикл үргэлжилнэ. Энэ орон зайг бид ашиглаж боломж бүрдэх юм.
Нөгөөтээгүүр, худалдааны дайн намжиж голдрилдоо орох боломж бий. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж үзэн Элчин сайдуудыг оролцохыг урьсан. Бүс нутгийн хөгжил, дэд бүтэц сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ер нь манай улс төдийгүй дэлхий даяарх худалдааны 50 хувийг Хятад эзэлдэг. Эндээс харвал урд хөршийн эдийн засгийн өсөлт шууд нөлөөлнө.
Хятадаас санаачилсан “Нэг зам, нэг бүс” хөтөлбөрт манай улс ямар байр суурьтай, хэрхэн оролцох вэ гэдэг талаар хэлэлцэнэ. Бодит үнэн гэвэл манай улс энэ хөтөлбөрийн гол цөм байх боломжийг алдсан гэж болно. Хэрэв бид бодит боломжийг цаг алдалгүй ашигласан бол өнөөдрийн нөхцөл байдлаас ч илүү давуу талыг бий болгож эдийн засгийн өсөлтийг дэмжих бүрэн боломжтой байсан гэж хардаг.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин