sonin.mn
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Гурван тулга” группийн захирал, эдийн засагч Б.Отгонзулыг урилаа.
 
–Аливаа бизнесийн эхлэл, өрнөл, цаашид хэрхэх гэсэн зарчмаар явагддаг. Танай маркетингийн компани хэрхэн үүсэн байгуулагдаж ямар замналаар явж ирсэн бэ?
 
-Маркетингийн харилцааны компани үүсгэн байгуулаад энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын зах зээлд үйл ажиллагаа явуулж  өөрсдийн мэргэжлийн ур чадвараа ашиглан зохион байгуулалттайгаар бизнесээ явуулсан. Маркетинг идэвхи­жүүлэлт, борлуулалт, брэндинг эдгээрийн байршуулалтыг хэрхэн эерэг нааштай байдлаар хийх вэ гэдэгт санаа тавьж багагүй туршлага хуримтлуулсан. Алдсан оносон баяртай, гунигтай олон үйл явдлыг туулж иржээ. Энэ бүгд бидэнд сургамж, сургалт, мэдлэг, туршлага болсон. Товчхондоо  микро эдийн засгийн төвшинд судалгаа, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх, идэвхижүүлэлт, борлуулалт зэрэг салбарт маркетинг хэрхэн хийх чиглэлээр 20 жил ажиллаа. Ирэх 20 жилд Монголын эдийн засаг макро төвшинд хэрхэн хөгжих, алсын хараа боломжийг судалж ажиллах зорилго тавьж байна.
 
– Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь “ сургалтад хамрагдсаны давуу тал юу байв?
 
-Экспорт олон улсын худалдааны төвөөс Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан сургалт үр дүнтэй болж байна. Экспортыг дэмжих бизнесийн тогтолцооны сургалт бизнесээ томруулах хүсэлтэй хэн бүхэнд үр дүнгээ өгөх байх. Энэ сургалтыг Дэлхийн банк дэмжиж, ач холбогдол өгч байгаа нь чухал юм. Хувийн хэвшил, ТББ-ынхан зохион байгуулж сургалтын  үр дүн сайн байдаг.Онцолж хэлэхэд, төр, хувийн хэвшлийнхэн эдийн засгийн бодлого чиглэлийн  хүрээнд хамтарч ажиллах тогтолцоо үгүйлэгддэг.
 
–Манай жижиг дунд бизнесийнхэн олон улсын зах зээлд  амжилттай нэвтрэхэд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ. Тухайлбал, Япон улс шиг хаягдал хог болон бусад түүхий эдээ хэрхэн инноваци буюу нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох вэ?
 
-Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш макро төвшний үндсэн зорилго чиглэлээ дутуу тодорхойлсон юм уу гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн харилцаанд шилжихдээ бүс нутгийн эдийн засагт нэгдэх, олон улсын  стандарт шаардлагад нийцүүлэх зэргээр экспортын чиг хандлагатай бодлогоо орхигдуулалгүй авч явсан бол өнгөрсөн хугацаанд олон дэвшилтэд үр дүнг үзсэн байх байлаа. Гэхдээ зах зээлд шилжээд 30 жил болж буй залуу улс гэдэг талаасаа хүн төрөлхтөнд өөрсдийнхөө сайн сайхан зүйл, ур чадваруудаа эхнээс нь  харуулж чадлаа. Жишээлбэл, уул уурхайн салбарт олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн бол барилга, зам гүүрээ өөрсдөө барьж чаддаг болов. Ноос ноолуур, хөнгөн үйлдвэр,хөдөө аж ахуйн салбарт мөн амжилттай явж байгаа зэргийг дурьдаж болно. Гэхдээ л ирэх 50 жилд бид хаана хүрсэн байх вэ гэдэг гарцаа тодорхойлох хэрэгтэй.Зөвхөн өөрсдийнхөө хэрэглээний зах зээлд суурилсан бодлогоор яваад байна гэвэл энэ чигээрээ байгаад л байна. Бүтээмж нь нэмэгдэхгүй, шинэ технологи нь инноваци нь нэвтрэх боломжгүй, эдийн засаг тэлэхгүй, суурин дээрээсээ өндийхгүй. Дэлхий даярчлагдаж нэг хэрэглээтэй болж байгаа энэ цаг үед Монгол Улс цэвэр технологи, инновацийн тогтол­цоогоор өндөр хэмжээнд өр­сөл­дөх оюуны чадамжтай. Тиймээс эх орныхоо суурин дээр бий болсон оюуны болон байгаль, физик,химийн түүхий эдүүдэд суурилсан технологиудыг бүрдүүлж гадаад хэрэглээний тогтол­цоонд нийлүүлдэг болох ёстой. Манай компани ч бас ийм  хандлагаар  судалгаагаа хийж байна.
 
–Тэгэхээр манай улс ноос, ноолууран болон байгалийн цэвэр түүхий эд болох самар, зөгийн бал, чацаргана зэрэг экологийн бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн байна. Хамгийн гол нь эдгээр компаниуд гадаад зах зээлд тогтвортой байхын тулд юуг анхаарах ёстой вэ?
 
-Уул уурхай, экологийн бүтээгдэхүүн зэрэг бүхий л тогтолцоонд  хамгийн тулгамдсан асуудал бол бараа үйлдвэрлэлийн дэд бүтцийн асуудал юм. Эрчим хүч, зам тээвэр, агаарын тээвэр бүс нутгийн давуу талуудыг гаргаж, дамжин өнгөрөх тээвэрлэлт ХААБ тогтолцоог бий болгох талд манай улс үндэсний хэмжээний шийдвэр гаргах шаардлагатай. Ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр өндөр технологитой,нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хичнээнийг ч үйлдвэрлээд нэмэргүй. Юугаар тээвэрлэж олон улсын зах зээлд хүргэх вэ. Одоогийн дэд бүтцээр бол асар их өртөг шингэж, олон ч улсын тээвэр зуучлалаар дамжиж байж хүрнэ. Өндөр үнэтэй бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар мэдээж суларна. Манайх хэдийгээр  ноос, ноолуур, кашмер, эм ханган нийлүүлэх  зах зээлд өрсөлдөх чадвар ололттой явж буй ч урт хугацаандаа тогтвортой юу гэдэг эргэлзээтэй. Цаашид электрон барааны бүтээгдэхүүн ихээр орж ирэх төлөв ажиглагдаж байна. Эдгээрийг эс тооцоод нийтлэг утгаар нь хэлэхэд эдийн засгийн хөгжлийн дэд бүтцээ барих, бодлогоо тодорхой болгож, хөтөлбөрүүдээ батлах, бүтээн байгуулалтын асуудлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай.
 
–Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхэлсээр 20 гаруй жилийг ардаа үдсэн захиралууд өнөөдөр гадаад зах зээлд өрсөлдөхөд уламжлалт бизнесийн туршлага мэдээж бий. Харин шинэ технологи, инноваци шингээсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх гадаад зах зээлд нэвтрэхэд онол болоод бусад олон хүчин зүйл дутагдаж байна гэдэг. Үүнд танай компани хэрхэн анхаарлаа хандуулж ажилладаг вэ?
 
-Монгол Улс бүхэлдээ түүхий эдийн улс орон болж хувирсан. Түүхий эдийн улс орноос бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орон руу шилжих нь төлөвтэй байна. Мэдээж уламжлалт аж ахуй, эдийн засгийн хөгжилд  суурилсан тогтолцоог түлхүү барьж хөгжих нь зөв. Тухайн улсын ёс заншил, зан үйл дадалд нийцээгүй, хэрэглээний дадал суугаагүй, шинж чанрыг нь мэдрээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд бусад улс орны зах зээлд өрсөлдөж амжилт гаргах боломжгүй. Гэхдээ суурь түүхий эдийн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний  үйлдвэрлэлээр манайх дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөнө гэсэн чиг хандлага ажиглагддаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргая гэхэд яг ямар улсад гаргах вэ гэдгээс судалгаа эхэлнэ. Тухайлбал, Япон, Хятад, ОХУ, Дундад азийн орны ёс зан заншил, хэрэглээ, дадал зуршил  тус бүрдээ ялгаатай. Манай хүмүүсийн хэрэглэдэг ноолууран оймс Япон хүнд тохирохгүй байх жишээтэй. Тэгэхээр Япон хүнд ямар ноолууран оймс тохирох эсэхийг судлах шаардлагатай. Нөгөө талаар хөрөнгө оруулагч болон хамтрагч компанитайгаа  Монголын түүхий эдэд суурилсан инновацилаг бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл  илүү хурдан төлөвшиж  үр дүн нь харагдана. Манай ноолуурын нэг компани 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээс зөвхөн нэг бүтээгдэхүүнд л зургаан сая ширхэгийг нийлүүлэх захиалгын, гэрээ хийлээ гэхэд манай үйлдвэрлэх хүчин чадал, технологи шинэчлэл, ажиллах хүч  хүрэхгүй.  Урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, тооцоолол, эдийн засгийн үндэслэл, тогтвортой байдал үгүй. Энгийнээр хэлбэл, бизнес төлөвлөгөөнд суурилсан үйлдвэрлэл байхгүй. Үүнд зарцуулах хөрөнгө жижиг дунд бизнесийнхэнд байхгүй. Тиймээс нэгдмэл ашиг сонирхол бүрдүүлсэн төрийн болон төрийн бус байгууллагын тогтолцоог боловсруулж  хэрэгжүүлбэл хөгжинө. Ганц нэг компани дангаараа амжилт олно гэдэг хүнд. XXI зууны бизнес хандлагаар хандаж, тооцоотой судалгаа шинжилгээ, хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэл, чиг хандлага алсын харааг харах хэрэгтэй.
 
– Дээрх асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөх талаар танай судалгааны компаниас хийж байгаа ажил юу байна вэ?
 
-Манайх Монголынхоо дэд бүт­цийн хөгжлийн тогтол­цоонд судалгаа хийж байна. Сүүлийн үед “Транзит Монгол” хэмээх дамжин өнгөрөх тээврийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн жил Бээжин хотод  дамжин өнгөрөх тээврийн борлуулалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, манай төмөр зам дагуух зангилаа муж улсаар дамжуулж Европ руу хүрэх, хамгийн хямд коридор зам хэмээн үзэж сурталчилан таниулах бор­луулалтыг хийсэн гэсэн үг. Энэ жил Москва хотод хөрөнгө оруулалт технологи шинэчлэлтийн асуудлыг хөндөж “Trans Russian” томоохон арга хэмжээнд “Транзит Монгол”  хөтөлбөрөөр оролцсон. Түүнчлэн  авто зам, агаарын тээврийн хөгжлийн тогтолцоог сонирхож байна. Бид бүс нутагтаа геополитекийн давуу нөхцөл байдлаа харгалзаж, ХААБ улс болох Азийн цээжинд Европ руу дамжин өнгөрөх хамгийн том тогтолцоог бий болгохыг хүсч мөрөөддөг. Макро эдийн засгийн чиг баримжаа, тогтвортой бодлого, тууштай үзэл санааг, олон улсад өөрсдийгөө арилжих давуу чанар, чадварыг олон улсын зах зээл шаарддаг.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин