Вьетнам улс болон Тайландын  Засгийн газраас зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож,  “Дэлхийн аялал жуулчлалын элч мисс”-ээр тодорсон Б.Гүнзаяа хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.
 
–Олон улсын нэр хүндтэй тэмцээнд ам­жилттай оролцсонд баяр хүргэе. Өөрийгөө танил­цуулж, манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?
 
-Юуны өмнө танай сонины уншигчид болон намайг дэмжсэн хүмүүстээ, нийт монголчууддаа баярлалаа. Намайг Бат-Эрдэнийн Гүнзаяа гэдэг. Би эрх зүйч мэргэжилтэй. Гурван хүүхэдтэй айлын отгон охин. Дээрээ ах, эгчтэй. Улаанбаатар хотод төрж, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд өссөн. ЕБС төгсөөд “Их засаг” олон улсын их сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд нэг жил гаруй төрийн албанд ажилласан. Загвар өмсөөд нийтдээ долоон жил болж байгаа. Энэ хооронд олон улсын чанартай  найман том тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ удаа Вьетнам улс болон Тайландын Засгийн газраас санаачлан зохион байгуулж, нийт 57 орон оролцсон “The world miss tourism ambassador-2018” тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байр эзлэн “Дэлхийн аялал жуулчлалын элч мисс”-ийн титэмийг  авчирлаа. Эх орондоо ирээд анхны ярилцлагаа танай сонинд өгч, монголчуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна.
 
–Тэмцээн ямар хуга­цаанд хэдэн  шалгуураар явагдав?
 
-Тэмцээн өнгөрсөн тавдугаар сарын 26-наас энэ сарын 8-ныг хүртэл  олон шаттай зохион байгуулагдсан. Шалгаруулалт нь 14 хоногт багтаж явагдсан. Өдөрт гурван тэмцээний шалгаруулалт болж байсан. Бүх мэдээлэл цахим орчинд нээлттэй, дээр нь олон улсын телевизүүд шууд дамжуулалт хийж байв. Дээр нь хөндлөнгийн шүүгчид хяналт тавьсан. Энэ бүхнээс тэмцээний нэр хүнд ямар болох нь тодорхой харагдах байх. Үзүүлбэрүүд нь олон хэсгээс  бүрдсэн. Түүн дотроо тухайн улсын байгаль орчныг аялал жуулчлалаар хэрхэн сурталчлан таниулах вэ,  богино хэмжээний бичлэгт тал бүрээс нь хэрхэн багцалж харуулах вэ гэдгийг харуулсан  эко видео үзүүлбэр хамгийн чухал нь байлаа. Топ моделийн төрөлд биеэ авч явах байдал, алхаа, гишгээнээс эхлээд олон шалгуур тавигддаг. Мөн хувийн зохион байгуулалтыг их хардаг.  Тэсвэр хатуужлыг их шалгадаг. Аялал жуулчлалын элч гэдэг утгаараа өдөр бүхэн урт замыг туулж байсан. Тухайн нөхцөлд хэрхэн өөрийгөө авч явж илэрхийлж байгааг шүүгчид анзаарч харж байлаа. Авхаалж самбаа сорьсон шалгуурууд цөөнгүй орсон байсан.
 
–Эх орныхоо байгаль, Монголын аялал жуулчлалын онцлогийг харуулах эко видеод юуг нь чухалчлав?
 
-Монгол Улс өргөн уудам нутагтай, онгон дагшин байгальтай. Энэ бүхнийг өв соёл, уламжлалтайгаа хослуулан харуулахыг хичээсэн. Эрийн гурван наадмаа мөн оруулж өгсөн. Тэгээд өөрөө нум сум харвасан. Бичлэгт Монголын түүхийн гурван үеийг товч  харуулсан. Хүннүгийн үе, төр барьж байсан хатдын үе, орчин үеийн монголчууд, хөгжиж буй залуусын хотыг харуулсан нь бараг кино шиг болсон гэсэн үнэлгээг  шүүгчдээс авч хоёр ч номнацид  шагнал хүртэж, “Алтан цом”-ын эзэн болсон.
 
–Ер нь өөрийн чинь хувьд ямар төрлүүдэд нь илүү  амжилт гаргав?
 
-Усны хувцасны шоу тун өвөрмөц байдалд болсон. Усан дээр болон  усан дээрх  шилэн тавцан дээрх  үзүүлбэрээр топ 10-т багтсан. Мөн үндэсний хувцсаар топ 10-т орсон. Эко видеогоор хоёр өдөр “Алтан цом” хүртсэн. Сошиал медиа-д монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс оролцож  монголчууд цөөхүүлээ хэрнээ эвтэй хүчтэй  ард түмэн гэдгээ харуулж гуравдугаар байрт орсон. Ингээд нийт үзүүлбэрээр  гуравдугаар байр  эзэлж миссийн титэмийг эх орондоо авчирлаа. Хамгийн гол нь  тэнд Монгол Улсаа сурталчилж, миссийн  титэм  авч дэлхийн аялал жуулчлалын элчээр тодорхойлогдон  нэг жилийн гэрээ байгуулж ирсэн нь  чухал үзүүлэлт юм. Хийх ажлыг  хоёр тал ярьж байж  төлөвлөнө.
 
 
–Загвар өмсөгч болсноос хойш олон улсын найман том тэмцээнд оролцсон гэсэн. Ямар амжилт үзүүлэв?
 
-Энэ хугацаанд чамгүй олон тэмцээнд оролцож, амжилт гаргасан. Үүнийг жагсаавал:
 
“Photo model of the world -2016”-second runner up, elegant miss
“Miss leisure world -2016” наадмын сэтгэл татам мисс, авьяаслаг мисс, спорт мисс, шилдэг үндэсний хувцастай мисс.
“Miss city tourism 2016” наадмын шилдэг дүр төрх, winner 2016
“Mongol model agency” наадмын оны шилдэг модел өргөмжлөл
11th Asian film awards- улаан хивсний ёслол шинэ дүр төрх
Filmawards tv хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авч ажилласан.
2017 онд Олон улсын Вьетнамын загварын долоо хоног – model болон улаан хивсний ёслолд оролцов.
The silk road international fashion forum- Монгол дахь төлөөлөгч
The 2017 china,s model and beauty industry forum Монгол дахь төлөөлөгч
Дэлхийн бяцхан мисс 2017- Олон улсын шүүгч
Дэлхийн фотомодел 2017-Олон улсын шүүгч
Mongol model agency 2017 наадмын оны шилдэг модел өргөмжлөл
Royal the beatuty– 2017-2018 наадмын face model 2017 /нүүр царай болж хамтран ажиллаж байгаа/
Effes supermarket-face model 2017
Christian ontani bag brand- face 2017 – 2018/ нүүр царай болж хамтран ажиллав/
Jack rustang brand-2018 face model / нүүр царай болж ажиллаж байна/. Оролцсон тэмцээн болгоноос  маш их туршлага хуримтлуулдаг. Мөн монголчууд маань дэмжсэн учраас энэ амжилтыг үзүүлсэн гэж бодож байна.
 
–Загварын ямар агент­лагт харъяалагдаж байгаа вэ? 
 
-“Монгол модель” агент­лагт ажилладаг. Гэхдээ Монголдоо гэхээс илүү гадаадын компаниудтай хамтран  ажиллаж байна. Хамгийн сүүлд Франц Christian ontani bag brand- face гэрээ байгуулж,  2017-2018 онд хамтран ажиллаж байна.  Мөн БНСУ-ын Jack rustang  brand-2018 face model хамтын гэрээ байгуулан  ажиллаж байгаа. Энэ бүхэн цаашид тэмцээн уралдаанд оролцох гүүр болно гэж  үздэг. Загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, гар бие оролцдог. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дам­жуу­лан хүүхдүүдийн сай­хан сайхан ирээдүй, бо­ловс­ролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулдаг. Сүүлийн үед ЦЕГ-тай хамтран ажиллаж байна.
 
 
–Тэмцээн уралдаанд оролцож явахад ямар улсын мисс хүчтэй өрсөлдөгч байв. Улс орнууд миссүүдээ хэр дэмждэг юм бол?
 
-Би олон тэмцээнд оролцсон. Түүнээс энэ жилийн тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Холливудын жүжигчин, томоохон шоу тэмцээний  хөтлөгч, загварын болон миссийн тэмцээний ялагчид, 14 жилийн турш уран гулгалтаар хичээллэсэн  гээд ямар нэг байдлаар тухайн улсдаа танигдсан чадварлаг охидтой өрсөлдсөн. Иймд  богино хугацаанд маш их зүйлийг  тэднээс суралцахад нөлөөлсөн. Өрсөлдөгч гэж харахаас илүүтэй найз нөхдийн сайхан холбоотой болсон. Гэхдээ хэн нь түрүүлэх вэ, хэн эх орондоо титэмтэй харих вэ гэдэг маш том хариуцлагатай байв. Тиймээс өдөр бүхэн тактиктай ажиллаж байсан. Тийм учраас эцсийн дүн гарахад амжилт үзүүллээ. Вьетнам, Тайландын миссүүд маш хүчтэй өрсөлдөгч байсан. Чили, Германы мисс тун чадварлаг байсан. Тэд бүгд дор хаяж 5-6 хүнтэй  баг, бүрэлдэхүүнээр ажил­ласан. 70-80 хувь нь ингэж оролцсон. Тайландыг аялал жуулчлалаар хөгж­сөн улс гэдгийг дэлхий нийт мэднэ. Охид, бүсгүйчүүдээ маш их дэмжиж, дэлхийн аялал жуулчлалын нүүр царай гэдэгт ач холбогдол өгч, дэмжиж  байгаа нь бүх талаар анзаарагдаж байлаа. Гэсэн хэдий ч тэднээс дутахгүй оролцож, монгол бүсгүйчүүдийн тэсвэр хатуужлыг харуулж, амжилттай оролцсондоо  баяртай байна. Монголчууд минь сэтгэл харамгүй дэмжсэн. Иймээс тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тусгайлан баяр хүргэснийг энэ дамшрамд хэлэх нь зүйтэй байх.  Бидний хувьд ч гэсэн  хөгжил ирж байгааг энэ тэмцээн бас харуулж байна. Бид хөгжлийг хүлээж суух биш  гар бие оролцож бүтээлцэх нь зүйтэй юм  гэдгийг залуустаа уриалмаар байна.
 
–Монголчууддаа, залуу­чууд­даа хандаж юу хэлэх вэ?
 
-Мэдээж хувь хувьдаа,  өөрсдийн салбарт тодорхой үзэл бодол, зорилготойгоор ажиллаж яваа. Боловсролын салбарт бид дахин дахин сурах ёстой юм байна. Болсон гэж ханаж болохгүй. Иймд цаашид сурч, тухайн салбартаа амжилт гаргаж, Монголдоо соёлыг авчиръя. Сурсанаа эх орондоо ямар хэлбэрээр авч­рах вэ гэдэг маш чу­хал юм. Бидэнд боломж байгаа, зөвхөн мэргэжлээрээ ажиллаад явахад том боломжууд байна. Гадаадын олон сая хүн амтай улс орнуудад ажиллах боломж бий. Түүнийгээ хэрхэн буцааж эх орондоо авчрах вэ гээд бодох зүйл их байна. Иймд боломжийг хүлээлгүй хайж олоод, өөртөө эерэгээр хэрэгжүүлэх нь чухал шүү. Та бүгдэд амжилт хүсье.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин