sonin.mn
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитекторын ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Баттөмөртэй ярилцлаа.
 
-Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Яармаг руу шилжүүлэн байршуулах талаар яриад нэлээд хугацаа өнгөрлөө. Ажлын явц ямар байна вэ. Нүүлгэсэн байгууллага бий юү?
 
 -Нүүлгэн шилжүүлэх ажлыг одоогоор эхлүүлээгүй байна. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг"-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг найман бүсэд хувааж, нэг төвөөс олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий одоогийн "Их тойруу" хотын төв, Яармаг хотын шинэ төв гэсэн хотын чанартай хоёр төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн дүүргийн чанартай зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Энэ ажлын хүрээнд дэд төвүүдийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төвшинд нарийвчлан боловсруулах ажлыг хийж байна. Тухайлбал, хотын шинэ төвийг "Яармаг" шинэ төвд байгуулахаар төлөвлөсөн.
Энэхүү төлөвлөлтийн дагуу нийслэлийн ИТХ, ЗДТГ-ын болон бусад харьяа байгууллагыг нүүлгэн байршуулахаар төсөл боловсруулж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 22-ны хуралдаанаар нийслэлийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа агентлагуудыг Хан-Уул дүүргийн IV, VIII хорооны нутаг дэвсгэр буюу Яармагт байрлах хотын шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн энэ онд багтаан зохион байгуулах үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн.
 
-Энэ онд багтаан нүүлгэн шижлүүлэх үүргийг өгсөн юм байна. Нүүлгэн шилжүүлэх ажил яг хаана гацаад байна вэ?
 
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тухайн асуудлыг судлан танилцуулах ажлын хэсэг байгуулсан. Тодруулбал, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс гадна газрын байршил тогтоож, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хяналт тавих, гэрээний төсөл боловсруулах, хөрөнгө, санхүүгийн тооцоо, судалгаа хийж, санал боловсруулах, нүүлгэн шилжүүлэх ажлын бэлтгэл хангах гэсэн дөрвөн дэд ажлын хэсгийг мөн байгуулсан. Эдгээр ажлын хэсгийнхэн төсөл боловсруулж, нийслэлийн ИТХ-д хоёр ч удаа танилцуулж, тухайн ажлыг үргэлжлүүлэх, ажлын явцын талаар эргэж танилцуулж байх үүрэг авсан. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор төв байгуулах асуудалд одоогоор гацсан асуудал үүсээгүй байна.
 
-Нүүлгэхээр төлөвлөсөн бүх байгууллагыг он гарахаас өмнө хотоос гаргах боломжтой юу?
 
-Боломжгүй. Гэхдээ Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын ажлын бэлтгэлийг нэлээд сайн хангаж байна. Ирэх аравдугаар сараас барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү ажлыг 2019 онд дуусгах үүргийг хотын удирдлагууд өгсөн. Тиймээс хариуцсан газрууд нэлээд шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой хууль, журмын дагуу зураг төслийг боловсруулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан. Үүнд “Арткон" ХХК шалгарч, Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу зураг төсөл боловсруулах гэрээ байгуулснаар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан хотын хөгжлийн тэнхлэг, олон нийтийн төвийн бүсэд хамрагдсан 103 га газар дахь иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж ашиглаж байгаа газрын хэмжээ, байршил, зөрчил, маргаантай эсэх талаарх холбогдох мэдээллийг БОАЖЯ-наас авсан. Тэдгээрээс таван га-гаас дээд болон шалгуур үзүүлэлт хангасан гурван нэгж талбарын эзэмшигчдэд урилга хүргүүлснээс хоёр нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин нэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгжийн шилжүүлсэн таван га газарт нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор төвийн барилгыг барих юм. Ирэх оны дөрөвдүгээр улиралд байгууллагуудыг нүүлгэн байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
-Зураг төслийн ажил хэдэн хувьтай байна вэ?
 
-"Арткон" ХХК зураг төслөө урьдчилсан байдлаар 80 орчим хувьтай боловсруулчихсан. Зураг төслийн дагуу гурван блок барилга барих юм. Нэгдүгээр блок нь нийслэлийн ЗДТГ, ИТХ-ын ажпын алба болон танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба байршихаас гадна доод давхарт нь Улаанбаатар хотын музей, иргэдийг хүлээн авах танхимтай байх юм. Хоёрдугаар блокд нийслэлийн төр, захиргааны бүх байгууллага, гуравдугаар блокод иргэдэд үйлчлэх төв, спорт танхим байхаар төлөвлөсөн. Барилгын нийт талбай 62212 ам метр байхаар төлөвлөсөн.
 
-Байгууллагуудыг нүүлгэх ажилд хэчнээн төгрөг зарцуулах вэ. Санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэж байна вэ?
 
-Барилгын зураг төслийг эцэслэж боловсруулсны дараа нарийвчилсан төсөв гаргана. Одоогоор хэчнээн төгрөгөөр барилга, байгууламж барих вэ гэдгийг эцэслэн шийдээгүй байна.
 
-Нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хэчнээн хүн ажилладаг, түүгээр өдөрт хэр олон иргэн үйлчлүүлдэг талаарх статистик тоон мэдээлэл байна уу. Үүнийг асуусан нь энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал багасах болов уу гэж харж байна л даа?
 
-Нийслэлийн ИТХ, ЗДТГ-ын болон бусад харьяа агентлаг нийтдээ 1491 албан хаагч ажиллаж 332 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Төрийн ямар нэгэн үйлчилгээ авах зорилгоор өдөрт 5700 иргэн, аж ахуйн нэгж тухайн байгууллагуудад ханддаг. Мэдээж энэ хэрээр түгжрэл үүсдэг.
 
-Эдгээр байгууллагыг нүүлгэн шилжүүлснээр түгжрэл, агаарын бохирдол хэдэн хувиар буурна гэж тооцсон бэ?
 
-Дээр дурдсан тоон үзүүлэлтээс харахад тодорхой хэмжээнд түгжрэл үүсэх нь ойлгомжтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын "Их тойруу" төв буюу их тойруу орчмыг өдөрт 200 мянган автомашин чиглэдэг гэсэн судалгаа бий. Энэ ачааллыг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзэж байгаа.
 
-Тухайн байгууллагуудыг хотын төвөөс гаргачихаар иргэдэд хүндрэл,чирэгдэл болохгүй байгаа. Тухайн газрын оршин суугчдад давуу тал байж болох ч зүүн болон зүүн хойд захын иргэдэд хүндрэлтэй байж магадгүй юм. Энэ талд хийсэн тооцоо,судалгаа бий юү?
 
-Нийслэлийн зарим үйлчилгээг нэгдсэн төвүүдээр дамжуулан иргэдэд үзүүлдэг болсон. Гэхдээ тухайн төвүүдийн нэгдсэн интернэт үйлчилгээнийн систем бүрэн ажиллахгүй байгаагаас нийслэлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд доголдол үүсдэг. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор төвийг бий болгосноор Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний дата төв бий болох юм. Үүнээс гадна Драгон, Мишээл, зургаан буудал дахь "Оргил" төв зэрэг нэг цонхны үйлчилгээ үзүүлж буй төвүүд иргэдэд мөн үйлчилнэ. Хотын шинэ төв бий болоход Улаанбаатар хотын дата төвийг ашиглалтад оруулчихсан байна. Тэгэхээр хаана оршин суугаагаас шалтгаалахгүйгээр иргэд төрийн үйлчилгээг харьяа байгууллагуудаараа дамжуулан түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах бүрэн боломжтой болно. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төр, захиргааны байгууллага Яармаг руу нүүснээр иргэдэд хүндрэл чирэгдэл болохгүй.
 
-Ер нь хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагыг хотын төвөөс гаргаж байсан тохиолдол олон улсад бий юү?
 
-Ийм тохиолдол олон бий. БНХАУ, Герман, Солонгос зэрэг олон улс орон хотын төвийг шилжүүлэн байршуулж, тулгамдаж байсан асуудлаа бүрэн шийдвэрлэсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг. Хотын захиргааг нүүлгэснээр тухайн орчинд суурьшлын бүс бий болох бололцоог хангаж, тухай орчинд орон зайн хувьд эерэг уур амьсгал бүрдэнэ гэж үзэж байгаа.
 
-Хотын захиргааг яагаад заавал Яармаг руу нүүлгэхээр болсон юм бэ. Өмнө нь Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх талаар ярьж байсан ч ажил хэрэг болоогүй шүү дээ?
 
-Дээр хэлсэнчлэн хотын чанартай дэд төв нь одоогийн "Их тойруу" хотын төв, Яармаг хотын шинэ төв байхаар төлөвлөсөн байгаа. Одоогийн "Их тойруу" хотын төвийн хувьд төр захиргааний ихэнх байгууллага байрлаж байгаагаас үүсэж байгаа авто зогсоолын асуудал, хэт төвлөрөл, зайдгай орон зайн хүрэлцээгүй байдлаас иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Өмнө нь төлөвлөж байсан ажлын хувьд Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд Хотын захиргааны шинэ цогцолборыг барих концессын гэрээг Засгийн газрын 2016 оны 37 дугаар тогтоолын дагуу цуцалсан. Одоогоор тухайн байршилд "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ орлогод нийцсэн турээсийн орон сууц барих төслийг хэрэгжүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна.
 
-Ер нь цаашид хот төлөвлөлтийг хэрхэн хийх ёстой гэж хардаг вэ?
 
-Улаанбаатар хотын тав дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусгавар болж байна. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн судалгааны ажлыг боловсруулсан. Мөн хот төлөвлөгчид, архитектор, инженерүүдийн бүтээлч санааг авах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцийн төслийн уралдааныг энэ онд багтаан зарлана. Шалгарсан бүтээлч санааг нэгтгэж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлыг хийнэ.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин