sonin.mn
Хайлааст, Долоон буудал, 100 айл, Дарь-Эхийн зам, 32-ийн тойргоос өглөө оройдоо хотын төв руу орох, гарах бүрт авто замын хөдөлгөөн түгжирч  иргэдийг бухимдуулсаар ирсэн. Тэгвэл энэ урсгалыг сааруулах, замын хөдөлгөөнийг сэлүүхэн болгох зорилгоор Хайлаастын уулзвараас зүүн тийш Дарь-Эхийн уулзвар хүртэл 1.4 км авто зам тавих ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлжээ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн асуудал удааширсанаас болж зам тавих ажил хоёр сараар хойшлоод байна гэж тус замын ажлыг гүйцэтгэж буй “Мотор сервис” компанийн ерөнхий инженер Б.Цэрэнбат ярьж байна. Тус компани хоёр сарын хугацаанд 240 метр зам буюу бетон гүүрийн ажлыг дуусгаад байгаа юм байна. Замаа цааш үргэлжлүүлэн тавихад айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаа нь асуудал дагуулсаар байгаа аж.
 
ЗАРИМ ИРГЭД ГАЗРАА ХЭТ ӨНДӨР ҮНЭЛСЭНЭЭС ЗАМЫН АЖИЛ ГАЦЖЭЭ
 
Бид өчигдөр Нийслэлийн газрын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийнхэнтэй газар дээр нь очиж танилцсан юм. Тус замын трасст Сүхбаатар дүүргийн Хашаатын VII, Баязүрх дүүргийн XXV гудамжны  100 нэгж талбай хамрагдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 63 өрхтэй газар чөлөөлүүлэх талаар зөвшилцөж дууссан. Гэрээ хийж, нөхөн олговор олгох шандаа явж байгаа бол үлдсэн 37 өрхтэй зөвшилцөж байгаа юм байна. 63 өрхөөс 43 нь газраа бүрэн чөлөөлжээ. Газар чөлөөлөлтийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас ийнхүү удаашралтай байгаа гэж Газрын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн газрын байцаагч М.Ууганбаатар хэлэв. Улсын үнэлгээг “Файр Валиушин” компани хийж байгаа хэмээв. Үнэлгээг зарим өрх зөвшөөрөхгүй хөндлөнгийн үнэлгээний компаниар хийлгэж буй ч зөрүү нэг их гардаггүй гэж байв. Газрын үнэлгээний нөхөн төлбөрт хоёр тэрбум орчим төгрөг төсөвлөжээ. Зам барих төсөв нь гурван тэрбум төгрөг. Иргэдийн өөрсдийн үнэлгээг  нэмж үзэхэд зам барих төсвөөс даваад байгаа юм байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Хашаатын VII гудамжны захын  байршил сайтай /дэлгүүртэй /хоёр айл, Баянзүрх дүүрэгт нэг өрх бий. Тус газрыг улс  77-130 сая төгрөгөөр үнэлсэн бол өөрсдөө 160-170 хүртэлх сая төгрөгөөр үнэлжээ. Эдгээр үнэлгээг Үнэлгээний нэгдсэн төвөөр хянуулж үзэхэд иргэдийн үнэлгээ зах зээлийн ханшаас дээгүүр байгааг мэргэжилтнүүд онцолж байв.Бусад өрхүүдийн байршил, газрын хэмжээ ойролцоо ч  үл хөдлөх хөрөнгө буюу амины сууцтай, сууцгүйгээс  шалтгаалан 10-50 хүртэл сая төгрөгөөр үнэлж, үнэлгээг хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийдөө  газар чөлөөлөлт 60 орчим хувьтай байна. Тиймээс газар чөлөөлөх асуудалд Нийслэлээс яаравчлах арга хэмжээг авах хэрэгтэйг замын гүйцэтгэх копаниас хүсч байлаа. Нөгөө талаар тус замын трассын зураг төслийн ажлыг 2013 онд баталсан юм байна. Уг зургаар бол Сүхбаатар дүүргийн Хашаатын VI гудамжыг дайруулж тавихаар байжээ. Гэвч тус гудамжны иргэд нэгдэж эсэргүүцсэн учраас арын гудамжаар нь дайруулж газрын тараасыг татсан байна. Замын ажил эхэлсний дундуур зураг төслийг өөрчлөх шаардлага хэд хэдэн удаа гарсан нь газар чөлөөлөх ажил удаашрахад нөлөөлсөн гэж газрын байцаагч нар тайлбарлаж байв.
 
Д.Энхтөр
 
Гүйцэтгэх компанийн зүгээс “ Бид хуучин замыг өргөтгөх ажил хийгээгүй. Шинээр зам тавьж байгаа учраас олон жил энэ газар дээр суурьшсан иргэд газраа хурдан чөлөөлөх тал дээр хойрго ханддаг юм байна. Зарим өрх хоёр давхар хаус барьсан бол мод үржүүлгийн суулгац тарьж борлуулдаг ч өрхүүд байна. Тэд хоёр өрөө байр улсаас нэхэж байна. Аль аль талдаа хүндрэлтэй юм. “Аман хуур” кинонд гардаг шиг л үйл явдал өрнөж байна” хэмээн хуучилж байв. Энэхүү 1.4 км зам зүүн тийш “Монел” хүртэл 8.3 км-ээр үргэлжилж байна. Тус замын ажил дуусч ашиглалтад орсон бол Хайлааст, Дарь-Эхийн зам ийнхүү гацжээ. Нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөртэй хамт Чингэлтэй дүүргийн XII хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар дээр  очиход бүх өрх газраа чөлөөлсөн байлаа. Нийтдээ 14 өрх  газраа чөлөөлсөн аж. Д.Энхтөр дарга ярихдаа “Сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөхөд иргэд нэг их асуудал гаргахгүй хурдан чөлөөлж байгаа бол зам тавихад нэлээн хүндрэлтэй байдаг юм байна. Хайлааст, Дарь-Эхийн чиглэлийн зам энэ жилийн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг. Зураг төслийг нь анхнаасаа газрын албатай зөвшилцөлгүй баталсанаас болж, хэд хэдэн удаа өөрчлөгдөж эцсийн байдлаар зураг төсөл батлагдахад хугацаа нэлээд алдсан. Нөгөө талдаа иргэд газар болоод эд хөрөнгөө хэт өндөр үнээр үнэлсэнтэй холбоотой удааширч байна” гэв.
 
СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ЗАМЫНХААС ХУРДАН БАЙНА
 
Нийслэлээс энэ жил газар төлөвлөлтийн 96 ажилд 15 тэрбум төгрөгний нөхөн олговорыг  төсөвлөжээ. 39 цэцэрлэг, сургуулийн цогцолбор баригдахаар төлөвлөгдөж газар чөлөөлөлтөд 349 өрх, буюу нэгж талбар өртсөн аж. Үүний 295-тай нь зөвшилцөж дууссан байна. Биднийг тэнд очиход Н гэгч чөлөөсөн газраас нэг метр орчим газар дуран мэдэн хашаагаа сунгаж байгаатай таарсан юм. Бусад иргэд нь газраа чөлөөлж улсын ажилд тусалж ирээдүй хойч үеийнхээ сайн сайханд эерэг сэтгэлээр хандаж байхад зарим нь шуналын сэтгэлээр хандаж байгаад харамсаж байлаа. Ичсэн нүүрэндээ газарт орсон хажуу айл манай газраас сунгаж авсан байсан. Тиймээс бид газраа авч байгаа хэмээн орилж, хашгирч төрийн ажилтнуудыг элдвээр доромжилж байв. Нийслэлд газар чөлөөлтийн ажил хэрхэн явагдаж байгаатай танилцахад ийм л дүр зураг харагдаж байна. Цаашид газрын хуульд, газар чөлөөлөлт 80 хувьтай байгаа тохиолдолд чөлөөлөхөөс татгалзаж, зөвшилцөлд хүрэхгүй байгаа өрхөд шууд чөлөөлж өгөх үүргийг ногдуулах талаар шинэ хуульд тусгуулахаар ажиллаж байгааг газрын албаныхан ярьсан юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар хүчээр чөлөө­лөх боломжгүй. Тий­мээс хэдхэн өрхөөс болж ний­тийн эрх ашиг зөрчиг­дөж төлөвлөгөөт зам тавих  ажил 2-3 сараар хойшлогдож буй аж. Уг замыг 11 сард ашиглалтад өгөх ёстой.
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин