Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын олон улсын боловсролын ассоциацийн захирал И Чун Ёл болон Гадаад харилцаа хариуцсан захирал Мэт Юү Ким нарыг хүлээн авч уулзан, Монгол-Солонгосын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоо, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар санал солилцлоо. 
Салбарын сайд “Хөрөнгө оруулалт дотроос хамгийн үнэтэй нь эрдэм мэдлэгийнх гэж ойлгодог. Хүнээ хөгжүүлж, боловсролтой, чадвартай болгоход анхаарснаар улс орон хөгждөгийн жишээгээр явах цаг болсон. Олон улсын боловсролын ассоциаци, Монголын АШУҮИС болон бусад сургуультай хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Цаашид улсын томоохон сургуулиудтай албан ёсны гэрээ байгуулан оюутан солилцоо болон багшийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллаасай гэж хүсч байна” гэж хэллээ. Мөн дээрх асуудлын хүрээнд 2+2 буюу дотооддоо хоёр жил БНСУ-ын их, дээд сургуульд хоёр жил суралцан хос дипломтой болох асуудлыг ч мөн хөндсөн юм. 
БНСУ-ын олон улсын боловсролын ассоциацийн И Чун Ёл, “Манай байгууллагын хувьд багш, оюутан солилцооны ажлыг Сөүл хотын Боловсролын газартай хамтран хийж байсан туршлагатай. Өнөөдөр багш, оюутан сургах систем ч илүү боловсронгуй болсон. Ирээдүйг бүтээгч багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь маш чухал. Энэ асуудал дээр хамтран ажиллахад бэлэн байгаа. Зөвхөн мэдлэг дээшлүүлээд зогсохгүй дадлагажиж, харилцааны чиглэлээр мэргэшүүлэх боломжтой” гэдгээ илэрхийллээ. 
Уулзалтын төгсгөлд хоёр тал дэлхийн боловсролыг ирээдүй болсон залуусыг сургах, багш нарыг чадавхижуулах, тодорхой хугацаанд хэрэгжүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлж, санал нэгдлээ.