sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Эн-Эйч-Кэй/. Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фөн Хө болон Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Нирмала Ситхараман нар пүрэв гарагт Шинэ Дели хотноо яриа хэлэлцээ хийж, цаашид цэргийн сөргөлдөөнөөс зайлсхийх зорилгоор хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Тус хоёр улс нь өнгөрсөн онд Гималайн нуруу орчмын хилийн бүс нутагт үүссэн маргаанаас улбаалан сөргөлдсөн юм. Хилийн маргаан дуусгавар болсноос хойш Хятадын батлан хамгаалахын сайд анх удаагаа Энэтхэг улсад айлчилж байгаа юм байна.
“Уулзалтын үеэр хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх хийгээд Энэтхэг-Хятадын стратегийн харилцааг өргөжүүлэх талаар онцгой анхаарал хандуулсан” гэж уулзалтын дараа Энэтхэгийн батлан хамгаалах яамнаас “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хятад улс нь Энэтхэгийн худалдааны томоохон түншүүдийн нэг юм. “Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар ирэх онд болох Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийг угтан Хятад улстай харилцаагаа тогтворжуулах хүсэлтэй байна” гэж ажиглагчид үзэж байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг