sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын долоо дахь өдөр Монголын баг тамирчид Жиү жицү, эрэгтэй волейбол, бадминтон эрэгтэй ганцаарчилсан төрөл, бокс зэрэг спортын төрлөөр өрсөлдөж байна.
 
 
Өнөөдөр орон нутгийн цагаар манай эрэгтэй волейболчид Ираны багтай тоглож 0:3 хожигдлоо. Жиү жицүгийн тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 49 кг-д хүч үзсэн Баттамирын Хорлоо Арабын Эмират тамирчинд хожигдсон бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Гантөмөрийн Баяндүүрэн Узбекстаны тамирчин Рузуев Достанд 0:4-өөр ялагдлаа.
 
 
 
Эрэгтэйчүүдийн 69 кг-д Мөнхтөрийн Батбилэг Казахстаны Казхеков Нартяад хожигдсон бол эмэгтэйчүүдийн 49 кг-д Мөнхгэрэлийн Баярмаа Казахстаны тамирчин Мекенбаева Молдирыг 2:0-ээр ялж медалийн төлөө АНЭУ-ын тамирчинтай хүч үзэхээр болов.
Мөн эрэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Өлзийтогтохын Эрдэнэбаатар Филиппиний тамирчин Де Жиан Тейлорыг ялснаар Казахстаны бөх Коныссов Куандуктай медалийн төлөө барилдана.
Манай боксчдын хувьд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Төмөрхуягийн Болортуул, үдээс хойш орон нутгийн цагаар 16 цагт БНАСАУ-ын боксчин Жо Сон Хва-тай тулалдаж баг тамирчдынхаа гарааны тоглолтыг хийж тэмцээний салхи хагална.
Мөн энэ өдрийн оройн 19 цаг 30 минутаас ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 69 кг-д Узбекстаны тамирчин Батуров Бобо Усмонтой хүч үзнэ. 
 
Д.Өлзий 
Эх сурвалж: Монцамэ агентлаг