sonin.mn
Жил бүрийн зургадугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд тогорууны баяр болдог уламжлалтай. Өнгөрсөн жил тус сумын Цагаан нуурын хөвөөнд 4.1 метр өндөртэй хамгийн том цэн тогорууны хөшөө боссон билээ. Цэн тогоруу төслийнхөн болон нутгийнхны хамтран бүтээсэн хөшөөний бүтээлгийг хуулахтай зэрэгцэн хажуугийн нуураас гурван цагаан тогоруу, гурван өвөгт тогоруу, хоёр халбаган хошуут нисэн ирж нар зөв гурвантаа эргээд нуурын мандалдаа эргэн буужээ. Байгаль эх ан амьтнаа хайрлах сэтгэлийг ийнхүү дэмжин баярласнаа илэрхийллээ гэж нутгийн иргэд бэлэгшээж байсныг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, биологич Б.Нямбаяр дурсан ярив.
Тус төв нь 2013 оны хавраас цэн тогорууны судалгааг Монгол орны зүүн болон зүүн хойд хэсэгт Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Олон улсын тогорууны сан, АНУ-ын Ойн Албатай хамтран хийж эхэлсэн билээ. Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогорууг хамгаалахын тулд амьдрах орчныг хамгаалалтад авч, үржлийн биологи, экологийг нарийвчлан судлах нь төслийн зорилго аж. Төслийн судлаачдын баг Хэнтий аймгийн Хурх- Хүйтэний хөндийд суурин ажиллаж цэн тогорууны өндөг болон дэгдээхэйн бойжилт, гол нутаг болон ус намгархаг газрын төлөв байдлыг тогтмол ажиглаж, судалдаг байна.
 
ЦЭН ТОГОРУУ ХАРАГДВАЛ ЗААВАЛ ХЭЛ ДУУЛГААРАЙ
 
Дэлхий дээр таван төрөл, 15 зүйлийн тогоруу тархсанаас манай оронд долоон зүйл тогоруу нүүдэллэн ирэх ба цэн, хархираа, өвөгт тогоруу гэсэн гурван зүйл нь зусдаг байна. Цэн тогоруу бол зөвхөн зүүн хойд Азид буюу Орос, Хятад, Монголын зүүн болон зүүн хойд хэсгийн нуур, голын хөндий дэх ус намгархаг чийглэг газарт үүрлэн үрждэг. Олон улсын ховордлын зэргээр эмзэг, манай орны Улаан номонд орсон шувуу юм. Ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, 130 см өндөр, 5-6 кг орчим жинтэй үзэсгэлэнт энэхүү том шувууны амьдрах нутаг улам хумигдаж, үржил багасч байгаад төслийнхөн санаа зовж байгаагаа хэлж байлаа. Тэд өнгөрсөн оны тавдугаар сарын эхнээс долдугаар сарын төгсгөл хүртэл Хурх-Хүйтэний хөндийд цэн тогорууны үүрлэлт ямар байгааг судалжээ. Сүүлийн жилүүдэд үргэлжилсэн хаврын салхи, хэт хүйтрэлт зэргээс шалтгаалан 61 үүрний 46 хувиас нь өндөг амжилттай хагарч 41 дэгдээхэй бойжжээ. Харин 2016 онд 51 үүрний 32.7 хувиас өндөг хагарч 22 дэгдээхэй бойжсон байдаг аж. Төслийнхөн 2013 оноос хойш 180 орчим цэн тогорууг бөгжилсөн бөгөөд тэдгээр тогоруу 2600 орчим км замыг туулж Хятадын Поянг нуурт очиж өвөлждөг байна. Хэрэв Хятад, Солонгос, Япон зэрэг оронд өвлийн улиралд цэн болон хархираа тогоруу харагдвал бидэнд заавал хэл дуулгаарай гэж цэн тогоруу төслийнхөн дамжуулсан юм.
 
АДУУ, НОХОЙНООС ТОГОРУУГАА ХАМГААЛААРАЙ
 
Зөвхөн цэн тогоруу гэлтгүй хошуу галуу, хонин тоодог, өвөгт тогоруу зэрэг ховор шувуудын үүр, өндөг, ангаахай, дэгдээхэй нь мал, амьтны хөлд сүйтгэгдэх нь их болжээ. Ялангуяа ус намгархаг газарт тогтмол идээшилдэг адуу нь тогорууны үүрийг сүйтгэх дуртайг камераар илрүүлсэн байна. Хурх-Хүйтэний хөндийд тогорууны үүрэнд тавьсан камерын зургийг гурван долоо хоногийн дараа шалгахад цэн тогорууны үүр орчимд гэрийн мал ойртсоноос хамгийн их ажиглагдсан нь адуу байжээ. Гурван долоо хоногийн 17 өдөрт нь адуу харагдсан бөгөөд хоёр дахь долоо хоногт нь хос тогоруу үүрээ орхин нисчээ. Түүнчлэн гэрийн болон тэнэмэл нохой нь хөөрхий шувуудын үр төлөөр хооллох нь ихэсчээ.
Дээрх камерт ч энэ нь бичигдсэн байна. Тиймээс иргэд, малчдад асар холоос нүүдэллэн ирсэн, сульдаж ядарсан ховор шувуудаа хайрлан хамгаалах үүднээс тэдний өндөгөө дарах, дэгдээхэй бойжих үе буюу дөрвөөс зургадугаар сард гэрийн нохойгоо уяж байхыг уриаллаа. Мөн энэ үед золбин, тэнэмэл нохдыг устгалд оруулах ажлыг сум, орон нутгаас зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
Тогоруу бол нүүдэллэх гайхамшигт чадвартай бөгөөд удаан хугацааны аяллын дараа нутагтаа бууж зусдаг шувуу. 2016 онд бие гүйцсэн есөн өвөгт тогоруу, 12 дэгдээхэйд дамжуулагч зүүн нүүдлийг нь судлахад есдүгээр сарын эхээр нутгаасаа нисч зүүн урагш нүүдэллэн Өвөрмонголын Улаанцав орчимд 10 хоног амраад Гималайн өндөр уулсыг даван арваннэгдүгээр сарын эхээр Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид өвөлжих газартаа хүрчээ. Харин хаврын нүүдэл нь гуравдугаар сарын сүүлээс эхэлж Гималайн уулсынхаа баруун талаар тойрч 30 хоногийн дараа Хурх-Хүйтэний хөндийдөө буцаж иржээ.  Ийн асар холын аяллыг жилдээ хоёр удаа хийдэг ховор шувуудынхаа нутгийг хамгаалах, амар тайван байлгахад нутгийн иргэдийн оролцоо, хичээл зүтгэл асар их юм. Тун удахгүй тэд алс холын аялалдаа гарч нутгаа орхино.
 
УС НАМГАРХАГ ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЬЯ
 
Тогорууны зусдаг гол нутаг бол ус намгархаг газар. Гол болон нуурын хөндийн татам, намагжсан газар, чийглэг нуга, хүлэрт намаг, нуур болон тэнгисийн түрлэгээр үүссэн шаварлаг хэсэг гэх мэт чийглэг газрыг ус намгархаг газар гэж ойлгож болно. Ийм газар нь экосистемд асар чухал үүргийг гүйцэтгэдэг.
Ялангуяа хүлэрт намаг, цэвдэг бүхий ус намгархаг газар нь дэлхий даяар олон сая хүний ундны усны хангамжийг бүрдүүлдэг. Усыг цэвэршүүлдэг, асар олон биологийн төрөл зүйлийг тэтгэдэг, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулдаг, гадаргын усыг тогтоон барьдаг гээд асар их ач холбогдолтой. Манай орны хувьд 1998 онд Ус намгархаг газрын тухай Рамсарын конвенцид 11 газрыг бүртгүүлсэн байдаг.
Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, ямар ч өнжөөлт, сэлгэлт байхгүй хэт олон мал бэлчээх, газар тариалах ихээр эрхлэх нь ус намгархаг газар хатаж үгүй болох, хуурайших, ургамлан бүрхэвч нь багасах олон доройтолд хүргэж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Дээрх 11 газрын нэг болох Хурх-Хүйтэн голын хөндийд гэхэд дэлхийд ховор усны шувууд болох цэн тогорууны популяцийн 11 хувь, хархираа тогорууны гурван хувь, өвөгт тогорууны нэг хувь, хар өрөвтасын 15 хувь амьдардаг. Гэвч дээр өгүүлсэн олон шалтгаан нь энэ хөндийд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс ус намгархаг газруудаа улсын тусгай хамгаалалтад авч, хатаж доройтон устахаас нь хадгалж үлдэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Малаа хяналттайгаар бэлчээрлүүлэх, малын усалгаа бүхий цэгүүдийг шинээр нээх, цас, борооны усыг газар тариаланд хэрэглэх, ховор шувуудын үүрлэдэг цэгүүдийг хашаалах, хамгаалах зэргээр авч хэрэгжүүлж болох олон арга байдаг ажээ.
“Зууны мэдээ” сонин энэхүү ус намгархаг газрын сэдвээр тусгайлан нийтлэл бэлтгэж хүргэх болно.
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин