sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Киодо/. АНУ-ын Флорида муж улсын нэгэн худалдааны төвд ням гарагт болсон компьютер тоглоомын тэмцээний үеэр зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудсаны улмаас 2 хүн амь үрэгдэж, 11 хүн шархадсан тухай тус муж улсын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.
“Уг хэргийг Мэрилэнд муж улсын Балтимор хотын оршин суугч, 24 настай Дэвид Кац гэгч этгээд үйлдсэн бөгөөд хүмүүсийг хөнөөж, шархдуулсны дараа өөрийгөө буудан амиа егүүтгэсэн” гэж цагдаагийн газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна. Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, дээрх гэмт этгээд нь компьютер тоглоомын тэмцээнд оролцож, хожигдсон аж. Тэрбээр өнгөрсөн онд болсон тэмцээнд түрүүлж байжээ.
Энэхүү аймшигт хэрэг нь Флорида муж улсын Жексонвилл хотод гарсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус муж улсын нэгэн ахлах сургуульд үйлдсэн халдлагын улмаас 17 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ. Мөн 2016 оны долдугаар сард Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газарт 49 хүн амиа алдсан хэрэг гарч байсан аж.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг