КАБУЛ. /Синьхуа/. Афганистан улсын зүүн нутгийн Нангархар муж дахь “Лалын улс” террорист бүлгийн түшиц газар руу АНУ тэргүүтэй НАТО эвслийн хүчин алсын зайн пуужин харвах үед уг бүлгийн томоохон удирдагчдын нэг амиа алдсан байна.
“Ням гарагт "Лалын улс" бүлгийн Нангархар мужийн нийслэл Жалалабад хотын Хогяни дүүрэг дэх түшиц газар руу харвасан пуужинд уг бүлгийн 14 босогч өртөн амиа алдсаны дунд удирдагч Абу Саад Эрхаби байсан. Үүний зэрэгцээ 7 босогч шархадсан” гэж Афганы цэргийн командлалаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
Асар хүчтэй дэлбэрэлт болох үед их хэмжээний зэр зэвсэг мөн сүйдсэн байна. Абу Саад Эрхаби нь 2017 оны дунд үеэс хойш Афганы зүүн бүс нутагт амиа алдсан дөрөв дэх удирдагч болсон аж. Хогяни дүүрэг нь аюулаас хамгаалах хүчин болон “Лалын улс” бүлгийн хоорондох хүчтэй мөргөлдөөний гол талбар болдог бөгөөд үүний улмаас тус нутгийн олон мянган оршин суугч дүрвээд байгаа юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг