sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. Германы Берлин-Хятадын Ухань чиглэлтэй X8044 аяллын дугаар бүхий галт тэрэг өчигдөр зорьсон газартаа амжилттай хүрч ирэв. Ийнхүү Хятад-Европ төмөр замын тээвэрлэлт хийж эхэлснээс хойших 10000 дахь галт тэрэг болон бүртгэгдэв.  
 Уг маршрутын хамгийн анхны галт тэрэг 2011 онд Хятадын Чунчин хотоос Германы Дуисбург хот руу хөдлөж байсан бол сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байна.
Галт тэрэг Хятадын аль хотоос хөдөлж, Европын аль оронд очихоос хамаарч туулах замын урт, хугацаа харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, дээрх Чунчин-Дуисбургийн маршрут гэхэд 15 хоногийн хугацаанд 11.000 км замыг туулдаг.
Хятад-Европ төмөр замын тээвэрлэлт нь Хятадын зүүн, төвийн, баруун бүс нутгуудаар буюу гурван маршрутаар Европт хүрдэг. Тодруулбал, баруун бүс нутгийн тээвэрлэлт Хятадын баруун хойд хэсэгт байрлах Алашань коу боомтоор, төвийн бүс нутгуудын тээвэрлэлт Эрээн боомтоор, баруун бүс нутгийн тээвэрлэлт баруун хойд хэсэгт байрлах Манжуур боомтоор тус тус дамжин хүрдэг.
Энэ оны 6 дугаар сарын статистикаас харахад, Хятад-Европын төмөр замын тээвэрлэлтэд Хятадын 48 хотоос Европын 14 улсын 42 хотруу нийтдээ 800 мянган контейнер ачаа барааг тээвэрлэжээ. 
Хятад-Европ төмөр замын тээвэрлэлт нь одоогоор Хятад улсын “Бүс ба Зам” санаачилгын хамгийн гол чухал төсөл болоод байна.
Дээр хэлсэн 3 маршрутын төвийн бүсийн маршрут манай улсыг дайран өнгөрч байна. Өөрөөр хэлбэл Хятадын гол үйлдвэрлэгч газар болох Гуанжоу хотоос хөдөлсөн галт тэрэг манай улсаар дамжин ОХУ-ын нийслэл Москва хот, цаашлаад Европын улсуудад хүрч байна.
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг