sonin.mn
ЛА-ПАС. /NHK/. Болив улсын нэгэн иргэнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж үзэж байна. Тэрбээр хэдий өндөр настай ч гэсэн "Чаранго" гэх таван утастай жижиг гитар тоглон, баяр хөөртэйгөөр дуулж суудаг ажээ.
Жулиа Флорис Колкүэ гэх энэ эмээ 1900 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн бөгөөд өдгөө 117 настай ажээ. Тэрбээр энэ олон жил наслахдаа дэлхийн хоёр дайныг нүдээр үзсэний зэрэгцээ 3000 хүн амтай байсан төрөлх Сакаба тосгоноо 175000 хүн амтай том хот болохыг нь харсан байна.
Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужийн 117 настай иргэн дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогддог байсан боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард нас барсан юм. Тиймээс Жулиа Флорис Колкүэ одоо дэлхийн хамгийн өндөр настай хүн байж магадгүй юм гэж "АР" болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэж байна.
Жулиа Флорис Колкүэ нь гэрийнхээ урд байрлах вандан дээр суугаад, гитар тоглон дуулах хоббитой ажээ.
“Эмээ маань ханиад хүрсэн ч гэсэн орондоо хэвтдэггүй. Тэрбээр үргэлж идэвхтэй байдаг бөгөөд энэ нь түүний урт насалж буй шалтгаан байж болох юм” гэж түүнтэй хамт амьдардаг 65 настай ач нь хэлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг