sonin.mn
Өдөр тутмын амьдралд ч аливаа хүн ихэд баярлан баясах, удаан хүлээсэн зорилго, зүйлдээ хүрэх, ялалт байгуулахдаа урай хашгирдаг. Түүнчлэн орчин цагийн олон улсын цэргийн хэргийн практикт урайлах буюу урай хашгиран сүрийг бадруулж, сэтгэл зоригоо илэрхийлэх зан үйл түгээмэл хэрэглэгддэг. Тухайлбал, оросууд "ура", түрэгүүд "хурра", англичууд улсын "оорай, хуррэй", герман, испаничууд "урра", чехүүд "ура", францууд "оуррэй", италичууд "орра" гэдэг бол япончууд давшилтанд орохдоо "Банзай" (энэ нь "Түм насла!" гэсэн үг буюу "Эзэн хаан түм насалтугай!" гэсэн ерөөлийн товчлол), хятадууд "Чун!, Чун!" гэж урай хашгирдаг. Монголчууд 1920-иод оны үеэс цэргийн жагсаалаа орос цэргийн дүрмийг хуулбарлан журамлах болсноос эхлэн орос лугаа адил "Ура" хэмээх болсон. Өмнө нь "Хурай! Хурай!" гэх юмуу "Урагшаа!", "Уухай!" хэмээдэг байжээ.
"Ура" хэмээхийн гарлыг орос хэлний тайлбар толиудад янз бүрээр тайлбарласан байдаг. Тухайлбал, Татаарын "Ур" мөн Хиргисийн "Ураан" хэмээх үгнээс гаралтай байж магадгүй хэмээн бичсэн байна. Мөн Оросын "Уразить", эсвэл Литовын "Вираи гэдэг үгнээс үүдэлтэй гэж дурджээ. Мөн Оросын армид "Ура" гэдгийг Петр хааны зарлигаар хэрэглэж эхэлсэн гэх ба тэр нь оросууд Полтаеын дэргэд Шведүүдтэй тулалдах үед Халимагийн морьт цэргүүд урай хашгиран сөрөг давшилт хийсний үр дүнд Шведийн дайралтыг няцаан бут цохисон түүхтэй холбоотой гэж үзжээ. Түүнчлэн Монголын цэрэг давшилтад орохдоо "Хурай" буюу урай хашгирдаг байснаас үүдсэн гэх тайлбар ч бий.
 
Харин Монголчуудын урайны тухайд гэвэл "Цэргийн дайрах болон ерөөс цог жавхлантайг үзүүлэхэд дуудан хашгирах үг" хэмээн Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольд тэмдэглэжээ. Харин "Хурай" гэдгийг "хүссэн зүйлээ биелээсэй, бүтээсэй хэмээн уриалан дуудах, бэлгэдэн даллахад хэлэх аялга", "Уухай" гэдгийг харваач сур харваж эхлэх дохио болгон оноо мөрөөдөн урих аялга, байлдаанд дайран орох цэргийн зориг, бахархлыг илэрхийлсэн дуудлага" гэж тус тус тайлбарлажээ. Түүнээс гадна шарын шашны зан үйлд хурай, хурай гэдгийн оронд Түвэдээс авсан "Хоржийлоо" гэдэг үгийг хэрэглэдэг байсан. Одоогийн бидний хэрэглэж байгаа "Ура" гэдэг аялга үг нь монгол хэлний "Урай", "Хурай"-гаас үүдэлтэй бөгөөд эртний монгол-татаар юмуу халимаг цэргийн сүрт урайнаас улбаалан орос цэрэгт "Ура" хэмээн хэрэглэгдэх болж, тэр нь XX зуунд оросоос хуулбарласан цэргийн дүрмээр дамжин Монголд эргэж ирэхдээ орос дуудлагаар "Ура" гэгдэх болсон нь тодорхой байна. Тиймээс "Ура" гэдэг харь хэлний аялгыг халах нь зүйтэй мэт. Гэхдээ "Хурай" хэмээх аялгыг цэргийн бус, энгийн ардын өдөр тутмын амьдралд олон зүйл дээр хэрэглэдэг тул хүмүүсийн сэтгэлд цэргийн жагсаалын урайтай харьцуулахад сүр багатай мэт хүрч сэтгэгдэнэ. Нөгөөтэйгүүр монголчууд "Ура"-г бичиглэхдээ оросоор "Ура" гэх боловч дуудахдаа монголоороо "Урай" гэдэг. Мөн их, бага аливаа шинэчлэлийг хийхэд уламжлалыг харгалзваас наалдацтай, үлдэцтэй байдаг нийгмийн амьдралын бичигдээгүй хууль бий. Тиймээс энэхүү хүчин зүйлийг харгалзан бүхэл бүтэн нэгэн зууны турш дадаж заншсан уламжлалыг бодолцон цэргийн дүрмээр "Ура" гэдгийг "Урай" болгож, ярианы болон бичгийн хэлний ялгааг нь арилган хэрэглэж дадах нь зүйтэй буюу. 
 
ҮБХИС-ийн профессор, доктор Ж.БАЗАРСҮРЭН