sonin.mn
Монголын зохиолчдын эвлэлийн 2 давхар шар байшинд хэлд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч  Д.Төрбаттай товлосон цагтаа уулзахаар очлоо. Буурал түүхтэй уг байрыг хуучин гэж гололгүй өрөө, тасалгаа бүрт нь хувийн хэвшлийнхэн бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Болзоот зохиолч маань өрөөндөө "хүнд байдал"-д орчихсон сууж байв. Тун аргагүй болсон тэмээгээ барьж тавин, дэмий л шатрын хөлөг ширтэн суух ахуйд МЗНЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Д.Чинзориг хожлын үнэр аль хэдийнээ авчихсан байлаа. Удалгүй хожил нь нэг тийшээ болж, яруу найрагч Д.ТӨРБАТТАЙ хэсэг хугацаанд хөөрөлдөх боломж олдов.
 
Таны уран бүтээлийн дийлэнх нь эх орон, эр цэргийн тухай шүлэг, зохиол байдгийн учир юусан билээ?
 
-"Тэнгэрийн соёрхол" хэмээх 12 жилээр зохиомжилсон 12 дэвтэр роман маань утга зохиол сонирхогч хүн бүрт хүрч, тэдний талархлыг хүлээсэн нь надад маш их урам өгснөөр маршал Х.Чойбалсангийн бодит амьдрал, гавьяа зүтгэлийн тухай 2 дэвтэр роман бичсэн. Залгуулаад Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан мөн 2 дэвтэр романыг гараас гаргалаа. Нэгэнт л 2 маршалаа бичсэн болохоор Өрлөг жанжин Г.Дэмидийг яахан орхих билээ гээд роман туурвисан. Эдгээр романууд маань бүгд л эх орон, эр цэрэгтэй салшгүй холбоотой. Би 7 дугаар ангид сурч байхдаа л "Монголын нууц товчоо"-г уншиж байлаа. Нууц товчоо бол маш нууц хэмээх хүүхдийн гэнэн бодолд дийлдэн гаднах хавтсыг нь хүртэл сонингийн цаасаар бүрж, далдалж байгаад л уншиж дуусгасан. Энэ үеэс л эх орон, эр цэргийн талаар илүү их сонирхож эхэлсэн. Энэ сэдэв бол ямар ч яруу найрагчийн зүрх, сэтгэлд мөнхийн уяатай байх ёстой. Тийм ч байхаас аргагүй. Хэчнээн хүн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа өргөсөн билээ, бид үүнийг мартах учиргүй. Одоо миний ажиллаж байгаа бүтээл мөн л эх орны тусгаар тогтнолтой холбоотой. Тодруулбал, их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмадуламын талаарх роман юм. Бид Д.Нацагдоржийг л яриад байдаг болохоос түүний эхнэрийн эмгэнэлт хувь заяаны талаар төдийлөн мэддэггүй. Үүнийг мэдрүүлэхийн тулд судалгаа хийж байна. Эх орон гэдэг нь түүх юм. Түүхийг хүн бүрт уншуулах ёстой гэж боддог.
 
Бид чинь асар их түүхтэй ард түмэн. Сүүлийн үед телевизийн суваг болгоноор Солонгос, Хятад улсын түүхэн олон ангит кино гарах юм. Заримдаа бараг манай түүхээс сэдэвлээд байгаа ч юм шиг санагддаг?
 
-Манай түүхээс үндсэндээ тэд хулгай хийдэг. Монголын түүхэн бүтээл бол "Мандухай цэцэн хатан" кино. Түүнээс өөр олигтой гэж хэлэхээр дэлгэцийн бүтээл хийгдээгүй. Үүнийг төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй. Түүхийг үе үеэр нь хэдэн зохиолч, судлаачдад хувааж өгөөд, жишээ нь Хүннү, Сяньби, Жужан, Нирун улсын түүхийг судалгааны үндсэн дээр дэлгэцийн уран бүтээл болгох хэрэгтэй. Түүхэн гавьяа байгуулсан баатрын хөшөө, дурсгалыг хаа сайгүй босгохоос илүүтэй дэлгэцийн бүтээл болгоод цацвал тэр чинь насан туршийн хөшөө болно гэж бодож явдаг. Саяхан үндэсний их баяр наадмаар Их Монгол Улс байгуулагдсаны 2227 жилийн ой болж өнгөрлөө. Энэхүү түүхэн хугацаанд их зүйл шинэчлэгдсэн нь ойлгомжтой. Тэгэхээр бид тухайн цаг үе, үйл явдлыг харуулсан түүхэн киног бүтээхийн тулд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн ч яадаг юм. Энэ мөнгө үндсэндээ баяр наадмын нээлт, хаалтын л мөнгө шүү дээ. Төр засгийн удирдлага үүнийг маш сайн ойлгож, дэмжих хэрэгтэй. Түүхээ амилуулж байж л эх орныхоо үнэ цэнийг үр хойчдоо мэдрүүлнэ. Улс оронд хамгийн хэрэггэй зүйл нь түүх, уран зохиол юм. Эхийн цагаан сүү, уран зохиол 2 л бие хүнийг бүрэн төлөвшүүлдэг. Хатуухан хэлэхэд сүүлийн 30 жил төр засгийн харанхуй, увайгүй бодлогын үр дүнд уран зохиол хаягдсан.
 
Ярианы сэдвээ хэвийлгээд идэр нас буюу цэрэгт алба хаахаар мордож байсан үеийн Д.Төрбат юу бодож, санаж явсан талаар сонирхвол?
 
-Би дунд сургуулийн сурагч байхдаа ангидаа хойгуурхан суудаг, хичээлдээ тааруу хүүхэд байсан. Харин уран зохиолын хичээлдээ хэнээс ч дутахгүй тийм л сурагч байлаа. Ингэж явсаар 8 дугаар ангиа төгсөөд ТМС-д орсон. Сургуулиа төгсөөд Барилгын цэргийн 158 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан. Мэдээж цэргийн алба бол амаргүй даваа. Их ч бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Байлдагч байхдаа гутлынхаа түрийнд харандаа, дэвтэр хоёрыг байнга л авч явдаг байлаа. Харсан үзсэнээ бичиж, тэмдэглэж аваад тэднийгээ зүүж шүлэг бичдэг байв. Шүлэг, зохиол оролддог байсан учир ангийн соёлын төвийн дарга Х.Төмөр "Цэнхэр дурдан алчуур" хэмээх дууг олноо хүргэсэн дуучин намайг тоож, урлаг, соёлын арга хэмжээ, үдэшлэг хөтлүүлдэг байв. Тэгээд л соёлын төв хавиар гүйж, ханын сонин гаргадаг байлдагч болсон доо.
 
Алба хааж байхад өөрт болон нөхдөд тань тохиолдож байсан хөгтэй, сургамжтай дурсамжаасаа хуваалцвал?
 
-Ер нь хуарангийн амьдрал сайхан. Уйлмаар, дуулмаар, инээмээр олон л зүйл тохиолдоно. Хал цэрэг ах нараасаа шанаа авдаг л байлаа. Ер нь шүлэг бичүүлэх гэж хал цэргүүд маань намайг их дууддаг байсан. Манай "жа" зузаан гэгчийн өврийн дэвтэртэй. Түүн дээрээ өдөр бүр хайрын тухай шүлэг бичиж надаар уншуулдаг байв. Би хайрын тухай юугаа мэдэх билээ дээ. Р.Чойном, Б.Явуухулан зэрэг найрагчийн шүлгээс хооронд нь хольж хутгаад л нэг шүлэг болгоод биччихдэг, бас зальтай нөхөр байсан байгаа юм. Хөгжилтэй зүйл гэвэл ТМС-ийг дүүргэсэн болохоор бусдаасаа арай дөнгүүр хэмээж 5 цэрэг ахлуулан барилгын дээвэр хийлгэхээр нэгэн сум руу явсан юм. Ид ажиллаж байхад сумын наадам болов. Манай нэг цэрэг би нэг зодоглоод үзье гэсээр бид ажлаа хаяад наадмын талбай руу очлоо. Нөгөө нөхөр маань шөвгийн 4-т үлдээд 25 төгрөгөөр шагнуулсан юм. Тэгээд л тэр мөнгөөрөө 25 ширхэг хуушуур аваад дээврийг нь янзалж байсан байр руугаа буцав. Хуушуураа идээд сууж байтал нэг байлдагч аль хэдийнээ нутгийн бүсгүйтэй танилцаад амжсан тухай хэлдэг байгаа. Хожим тэд гэр бүл болцгоосон.
 
Хугацаат цэргийн албаа хаагаад хаана, юу хийв?
 
-Ах маань хөөцөлдөж байгаад цагдаа болгосон. ЦЕГ-ын дарга, хошууч генерал С.Бүдрагчаа гуай зохиол их сонирхдог байсан учир намайг үүдэндээ суулгаж элдэв бичиг цаас ирвэл зохих газарт нь шуурхай хүргэж өг, хааяа шинэ бичсэн шүлгээсээ бас уншиж бай гэсэн цөөн хэдэн үүрэг өгдөг байв. Дараа нь 1981 онд МУБИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж байхдаа "Залуучуудын үнэн" сонинд идэвхтэн бичигч болж, сардаа 400-500 төгрөг "тоншчихдог" халаас зузаан оюутан байсан. Сургуулиа төгсөөд дээрх сонинд үндсэн сурвалжлагчаар хэсэг ажиллаж байхдаа буюу 1984 онд яруу найргийн "Болор цом" тэмцээнд анхны шүлгэн хүлгээ сойж байлаа. Үүнээс хойш тус наадмыг дунд нь 2 завсарласныг эс тооцвол нийт 10 удаагийн "Болор цом"-д оролцож, 1 удаа түрүүлж, 2 үзүүрлэж, 6 айрагдсан байх юм.
 
"Эх орны цэрэг" яруу найргийн тэмцээнд 2 удаа түрүүлж ган сэлэмний эзэн болж байсан. Мөн шүүгчээр ч бас ажилласан...
 
-Эх орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн энэ наадамд шүлгээрээ өрсөлддөг гэж боддог. Миний хувьд 1989 онд "Эх орны цэрэг" яруу найргийн тэмцээнд "Жанжин Дэмидийн тарьсан мод" шүлгээр тэргүүн байрт шалгарч байсан. 1999 онд "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын 10 жилийн ойгоор "Цэрэг төрөхийн цадиг" шүлгээрээ мөн 2 дахь цомоо хүртсэн. Дашрамд дуулгахад ирэх жил уг наадмын 30 жилийн ой тохионо. Үүнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага өндөр ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байна.
 
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байх Төгрөг хайрханы тухай таны шүлэг, зохиолд нэлээдгүй дурдагддаг? Өсч төрсөн нутагтаа сүүлд хэзээ очиж, мөргөж, хөрвөөсөн бэ?
 
-Билэг танхай хэдэн найрагч, бурхны оронд заларсан сайн нөхөр Ж.Наранцацралт нартайгаа сэржим өргөж, хууч хөөрч 2008 онд хамгийн сүүлд гарсан байна. Энэ бүхэн саяхан мэт л санагдах юм. Төрсөн нутгаа хааяа зүүдэндээ хардаг. Удахгүй нутгийн зүг жолоо залах бодол бий. Төрсөн нутгаа зүүдэлж сэрэх их хувь заяа гагцхүү монгол хүмүүст л оногдсон юм шиг. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Д.Төрбат гэдэг энэ эгэл хүний Монгол Улсын утга зохиол, урлаг, соёлыг түмэнд түгээхэд оруулсан их хувь нэмрийг залуус бид залгамжлан авч, өвлүүлэн үлдээх учиртай. Танд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
 
Дэслэгч А.АЛТАНХУЯГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин