Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчигч тээврийн үнэ есдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ гэсэн мэдээллийн дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨУҮГ-ын мэдээллийн албанаас тодруулахад “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнэд 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт орохоор болсон” гэж мэдээллээ.
Хотын хоорондын зорчигч тээврийн үнэ 2018 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдэхээр болж байгаа нь удаа дараагийн шатахууны үнийн өсөлтөөс хамаарч байгаа аж. “Үнэ хэдэн төгрөгөөр нэмэхийг одоогоор хэлэлцэж байгаа. Энэ талаар өөрчлөлт оруулах ЗТХ-ийн сайдын тогтоол бий. Түүний дагуу тооцон өөрчлөгдөнө” гэж албан эх сурвалж мэдээллээ. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл нийтдээ 60 орчим чиглэлд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэхээс өөр аргагүйд хүрснээ тодотгож байна.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг