sonin.mn
Өөрөө яг л хөгжим шиг. Ярьж байгаа, хөдөлж байгаа, инээмсэглэж байгаа нь. Шопенийн ихэмсэг хэрнээ яруухан аялгуу ч юм шиг. Бетховены хүчирхэг хэрнээ уянгалаг хөг ч юм шиг. Төгөлдөр хуурынхаа ард суугаад, нүдээ аниад орчлонгоос тасрахад нь хурууны хөдөлгөөн бүрээс нь хорвоогийн их л гоё, ер бусын аялгуу урсана. Гэхдээ их гэгээн бас гэгэлгэн юм. Чихэнд биш зүрхэнд хүрэм. Хааяа тэр тоглогч гэдгээ мартчихдаг. Өөрийнх нь бага насыг санагдуулам өхөөрдөм шавь нараа харахаар хөгжмийн урлагт дахиад л дурлана. Хөгжимд ухаангүй дурласан хүүхэд насандаа эргээд очсон мэт гэгээн дурсамжууд сүлэлддэг гэх. Энэ эрхэмсэг бүсгүй бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин, төгөлдөр хуурч Саянцэцэг. Түүнийг төрөхдөө л төгөлдөр хуур дарсан гэж хэлэхгүй ч “Хөгжим бүжгийн коллежи”-д шалгуулахаар очихдоо аль хэдийн энэ урлагт дурлачихсан байсан гэдэг. С.Саянцэцэг төгөлдөр хуурчаас гадна “Хөгжим бүжгийн консерватори”-ийн багш. Тиймээс хичээлийн шинэ жилийн эхний “Амьдралын тойрог” буланд түүний хөгжим шиг, хөг шиг, адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн амьдралын түүх содон байх болов уу.
 
ЕСӨН НАСТАЙ ШАВЬ НЬ БАГШИЙНХАА АДИЛ ДЭЛХИЙН ТАЙЗНАА ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ
 
 
Төгөлдөр хуурч С.Саянцэцэг шавь нарынхаа тухай ярихаар дуу нь өндөрсөж, нүд нь гэрэлтээд л. Өөрөө хүүхэд болчихсон юм шиг сэтгэл догдлолоо барьж ядна. Аргагүй л “багш” хэмээх алдартаа хайртай нэгэн аж. Зүгээр ч хайртай биш. Зүрх сэтгэлээ бүгдийг нь зориулсан нь харагдаж байв. С.Саянцэцэг багш Монголдоо суурьшаад зургаан жил болж байна. 2012 оноос “Хөгжим бүжгийн консерватори”-д багшилж эхэлжээ. Өөртэй нь адилхан урлагт хайртай, төгөлдөр хуурыг амьдралынхаа нэг хэсэг болгосон авьяаслаг шавь түүнд олон бий. Тэд энэ зуныг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлсэн тухайгаа хуучилсан юм. Испани, Франц, Англи, Италиар 46 хоног аялж, дөрвөн тэмцээнд оролцоод, ганзага дүүрэн иржээ. Тэрээр 13 шавиа хөтлөн Монголын сонгодог урлагийг дэлхийд гайхуулахаар сэтгэл шулуудсан, Английн хатан хааны өргөөнд хүртэл хүүхдүүдээрээ гангарсан “одтой” багш. С.Саянцэцэг болон түүний шавь нар энэ удаагийн аяллаараа Монголын хөгжмийн түүхэнд нэрээ мөнхлөөд иржээ. Учир нь түүний есөн настай авьяаслаг шавь, “Хөгжим бүжгийн консерватори”-ийн  дөрөвдүгээр ангийн сурагч О.Нандин дэлхийд алдартай 69 настай, морин хийлчтэй хамтарч том хүний тоглох ёстой зохиолыг амжилттай тогложээ. Энэ бол Монголын битгий хэл дэлхийн хөгжмийн түүхэн дэх гайхамшиг юм. Саяа багш энэ үед багш болсноороо, ирээдүйд Монголын урлагийн тэнгэрт од болон гялалзах өхөөрдөм шавь нараараа бахархаж, баярын нулимс унагаснаа нуугаагүй юм. О.Нандин таван настайгаасаа багшийнхаа адил төгөлдөр хуурт дурлажээ. Тэрээр сургуулиас нь зохион байгуулсан Ж.Чулууны нэрэмжит тэмцээнд найман настайдаа  түрүүлсэн адтай, авьяастай охин юм. Шавийн эрдэм багшаас гэдэг. О.Нандин бол С.Саянцэцэг багшийн гарын шавь. Авьяаслаг шавиа Парисын тайзнаа “Монгол” гэж дуудуулахад бахархах, омогших сэтгэл төрж байснаа хэлэв. О.Нандингаас гадна З.Амин-эрдэнэ, Г.Цэлмэг, Э.Энхманлай, Б. Биндэръя, Э.Цогт гээд түүнд авьяаслаг шавь олон бий. Багш нь тэдэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм. С.Саянцэцэг багш өөрийн мэддэг, чаддаг бүхнийг хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад заахдаа өөрийгөө хүртэл умартдаг хөдөлмөрч зантай аж. 6-16 насны хүүхдүүдэд 46  хоног гэрээсээ хол, байнга бэлтгэлтэй байна гэдэг хүнд даваа. С.Саянцэцэг багш бодож сууна. Өөрийгөө ямар зоригтой алхам хийгээ вэ гэж. Эцэг эхийнхээ өврөөс гараагүй хүний жаахан үрсийг хариуцаад, урт аялалд гарна гэдэг магадгүй энэ урлагт өөрийгөө зориулсан багш хүнээс, тэр тусмаа хаан хөгжмийн хатан хаан С.Саянцэцэг багшаас л гарах зориг, асар их сэтгэл байж. Хэдийгээр олон айлын хүүхэд явсан ч тэд эргэж ирэхдээ нэг гэр бүл болж чаджээ. Хүний л үрс юм хойно ээжийгээ санахдаа багшаа бараадаж, хамдтаа унтана, тэвэрнэ, үнсэнэ. Хөөрхөн хүүхдүүдээ эхийнх нь хайраар дутаахгүй юмсан, гэртээ байгаа юм шиг халуун дулаан бүхнийг өгөхсөн гэж багш нь чин сэтгэлээсээ хүсч, хичээжээ. Гадуур явахдаа хоёр хуруунаасаа хоёр хүүхэд хөтөлж, үдэш унтахдаа түмний хүүхдийг тэвэрч, нойроо хугасалсан ч багш нь хариуцлагатай бас аз жаргалтай байсан гэсэн. С.Саянцэцэг багшийн хүүхдүүд бие биедээ их урам өгч, дэм болдог аж. Томчууд нь дүү нартаа зөвлөж, сургана. Багачууд нь ах, эгч нараасаа үлгэр дууриал авч, амжилтаар нь тэтгэгдэж, хурцлагддаг гэсэн. Үүнээс С.Саянцэцэг багш шавь нараа зөвхөн төгөлдөр хуурч, уран бүтээлч болгоод зогсохгүй биеэ даасан, зөв төлөвшилтэй, зөв хүн болох үндэс суурийг нь тавьж чаддаг нь ажиглагдсан юм. Энэ тухай тэрээр “46 хоногийн аялалд гарахдаа хүүхдүүдээ ая тухтай байлгахсан, эцэг эхэд нь эрүүл саруул, амжилт бүтээлтэй аваачихсан гэж зорьж байлаа. Монголд газардах үед эцэг эхээ саначихсан хүүхдүүд намайг тоохгүй байх гэж бодсон. Гэвч багшаасаа салахгүй гээд бөөн уйлаан болсон. Багшаа тандаа баярлалаа гээд үнэхээр өхөөрдөм санагдсан. Хөгжим, урлагаар хүмүүжсэн хүүхэд ийм л зөв хандлагатай болдог. Эцэг эх нь хүртэл манай хүүхэд ганцхан сарын дотор их өөрчлөгдөж гээд талархсанаа илэрхийлсэн” гэсэн юм.
 
ААВ, ОХИН ХОЁРЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛЖЭЭ
 
 
Таван настай бяцхан охин С.Саянцэцэг.
 
 
С.Саянцэцэг хэмээх энэ эгшиглэнгийн үндэс суурь нь түүний аав, ард түмний хайртай хүү, алдарт “Зулай цагаан Алтай”-н эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж юм. Тэрээр Монголын хөгжмийн ертөнцөд тод гэрэлтсэн од байлаа. Уран бүтээлч хүн хэдий тэнгэрийн оронд заларсан ч туурвисан бүтээлүүд нь үеийн үед эгшиглэж байдаг гэгээн зам мөртэй. Өнөөдөр ч Ч.Сангидорж агсан бидний дунд амьдарсаар л байна. Үүнээс гадна эрхэм уран бүтээлч Монголын болон дэлхийн хөгжмийн ертөнцөд үзэсгэлэнтэй нэгэн сувд үлдээсэн нь түүний ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэг билээ. Аав нь охиноо зүгээр ч нэг төгөлдөр хуурч болгоогүй нь лавтай. Эцэг хүний алсын хараа, их бодлынх нь үзүүр өнөөдөр биеллээ олж байгаа нь энэ. Охин нь аавынхаа хүслийг гүйцээсэн дэлхийн хэмжээний уран бүтээлч, эх орондоо ихийг бүтээж, энэ цагийн шилдэг хөгжимчдийг бэлтгэсэн сүүн мөртэй багш болжээ. Магадгүй энэ нь аав, охин хоёрын эрт ярьсан яриа, зорьсон тэмүүлэл байсан биз. Нийтлэлийн баатар маань мэдээ орохдоо л төгөлдөр хуур тоглодог байжээ. Бага насны бүдэг дурсамжинд нь цагаан туузаар толгойгоо гоёсон, төгөлдөр хуурнаасаа өндөрдөхгүй, жаахан охин аавынхаа дэргэд тоглож байгаа нь тод  санагддаг гэсэн. Аав нь охиноо найман нас хүрэнгүүт “Хөгжим бүжгийн коллежи”-ййг зорьж. Гэтэл багш нар шалгаад төгөлдөр хуур тоглож чаддаг юм байна авахгүй гэжээ. Тэр хоёр ч сэтгэл дундуур ирсэн нь мэдээж. Гэтэл ээж нь охиноо дагуулаад С.Гончигсумлаа гуайтай уулзана гээд жирийчихэж. 40 мянгатын хуучин байранд очтол буурал үстэй, нэгэн хүн угтсан нь зорилгынх нь эзэн байв. С.Гончигсумлаа гуай ч “Сангиагийн охин уу. Ийм мундаг хүүхдийг авалгүй яахав” гэснээр хүссэн сургуульдаа орох эрхтэй болсон түүхтэй.
 
ЧАЙКОВСКИЙН НЭРЭМЖИТ СУРГУУЛЬД ШАЛГАЛТГҮЙ ТЭНЦСЭН АЛТАН ҮЕ
 
 
Тэрээр дэлхийд алдартай ЗХУ-ын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгссөн юм.
 
С.Саянцэцэгийн монгол багш нь Ардын жүжигчин Тувааны Цолмон ажээ. Тэрээр дөрөвдүгээр ангид байхдаа багштайгаа анх учирсан гэнэ. Харин наймдугаар ангид нь ЗХУ -ын Чайковскийн нэрэмжит, хөгжмийн дунд сургуулиас мэргэжилтэн багш нар ирж, хүүхэд шалгаруулах болов. Энэ шалгаруулалтад төгөлдөр хуурын ангиас ганцхан хүүхэд тэнцсэн нь Ч.Сангидоржийн охин Саянцэцэг байв. Ийнхүү тэрээр урлагийн чиглэлээр сурч буй хүүхэд бүхний мөрөөдөл болсон ЗХУ-ын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд сурч, дэлхийн хэмжээний төгөлдөр хуурч болох аз, од гийсэн боломжоо өөрийн авьяасаараа олж авсан байдаг. Мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэж, шантралгүй хөдөлмөрлөсний эцэст сургуулиа онц дүнтэй төгсчээ. Түүний дараагийн мөрөөдөл Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль. Гэвч С.Саянцэцэгийг төгссөн жил тус сургууль гадаад оюутан авахгүй гэсэн нь бяцхан охины хүсэл мөрөөдлийг унтраах шиг болж. Захирал багшийнхаа өмнө уйлж зогссон охиныг урлагийн тэнгэр Янжинлхам ивээсэн ч юм уу. Хувь тавилан түүний хүссэнээр эргэсэн юм. Сургуулийнх нь захиргаанд С.Саянцэцэгийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд ямар ч шалгалтгүйгээр авна гэсэн бичиг иржээ. Төгөлдөр хуурч маань мөрөөдөл нь биелсэн тэр үеийн сэтгэл хөдлөлөө хэзээ ч мартдаггүй гэсэн.
 
БАГШИЙН ГЭРЭЭСЛЭЛ ДЭХ ДЭЛХИЙН ТАЙЗ
 
Намар нь сургуульдаа очно гэж баярлан хөөрч байсан охиныг гэнэт Соёлын яамнаас явуулахгүй гэжээ. Хөдөө, орон нутагт очиж ажилла гэж үүрэгдэв. Дахиад л аавынхаа, Т.Цолмон багшийнхаа өмнө уйлж зогсоно. Аав, багш хоёр нь хөлөө эргэтэл гүйж, хөөцөлдсөний эцэст С.Саянцэцэг сургуульдаа явах эрхтэй болжээ. Магадгүй яамны шийдвэрийг хүндэтгэсэн бол Өмнөд Америк, Москва, Софи, Мексик, Герман, Солонгос, Япон, Испанийн нэртэй заалуудаар ганцаарчилсан тоглолт хийсэн, сонгодог урлагийнхны мөрөөдөл болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч төрөхгүй байсан билээ. Түүний тоглолтыг дэлхийн өнцөг, булан бүрээс хүмүүс ирж үздэг байж. Гэхдээ монгол төгөлдөр хуурч гэхээр их гайхаж, бахархдаг байсан нь С.Саянцэцэгийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч гэдгийг нь тодотгодог юм. Гэхдээ тэрээр өөрийнхөө энэ амжилтыг аав, багш нартайгаа холбож тайлбарладаг юм билээ. Анх ааваараа төгөлдөр хуур заалгаж, улмаар Т.Цолмон багшийн шавь болсон нь, цаашлаад Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн хамгийн алдартай төгөлдөр хуурч, багш М.А.Пёдорова багшдаа шавь орсон нь түүний энэ амжилтын эхлэл байв. Анх 64 настайд нь танилцсан монгол оюутан нь багшийгаа насан эцэслэтэл нь холбоотой байж, жил бүрийн зун зорьж очдог байж. Хэдийгээр багш нь олон оюутан төгсгөсөн ч тэдний дундаас авьяас чадвараараа цойлсон таван хөгжимчин байсны нэг нь С.Саянцэцэг юм. Төгөлдөр хуурч багш нь “С.Саянцэцэгийг 90 насны ой дээр минь ОХУ-ын хамгийн алдартай, том зааланд оркестертой тоглуулаарай” гэж гэрээслэлдээ захижээ. Энэ нь шавийнх нь хувьд нэр хүндийн хэрэг байв. Учир нь хэн хүссэн хөгжимчин ОХУ-ын хамгийн алдартай зааланд тоглож чаддаггүй билээ. С.Саянцэцэг одоо ч тоглолт хийхдээ аавдаа, одоо ч хажууд нь байгаа Т.Цолмон багшдаа, Хөгжмийн дээд сургуулийн буурал багшдаа хүндэтгэл үзүүлж, мөргөдөг гэж байв.
 
ХӨДӨЛМӨРЧ ААВЫН ХӨДӨЛМӨРЧ ОХИН
 
 
Тэрээр Өмнөд Америк, Москва, Софи, Мексик, Герман, Солонгос, Япон, Испанийн нэртэй заалуудаар ганцаарчилсан тоглолт хийсэн Монгол төгөлдөр хуурч юм.
С.Саянцэцэг гурван дүүтэй. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, загвар өмсөгч С. С.Ихэрцэцэг, С.Ижилцэцэг. Бүгд Хөгжим бүжгийн колле­жийн бүтээгдэхүүн. Нэг ёсондоо Ч.Санги­доржийнх гэдэг айл элит гэр бүл юм. С.Саянцэцэг аавыгаа авьяастайгаас гадна уйгагүй хөдөлмөрч хүн байсан гэж онцолсон юм. Хүүхдүүддээ урлаг соёлын сайхныг, ач тусыг өөрөөрөө үлгэрлэн ойлгуулжээ. С.Саянцэцэгийн бага насанд чөлөөт цаг гэж байсангүй. Айлын том охин учир дүү нараа цэцэрлэгт зөөхөөс гадна хөгжмөө бэлдэх ёстой. Аавынхаа зааж сургаснаас ийнхүү хөдөлмөрлөснийхөө хүчинд тэрээр өнөөдөр хаан хөгжмийн хатан хаан, дэлхийд данстай төгөлдөр хуурч болсон юм. С.Саянцэцэгт гадны сургуулиудаас багшлаач гэсэн хүсэлт их ирдэг юм байна. Гэвч аавынхаа сүүлчийн хүслийг гүйцээж, өөрийн чаддаг, мэддэг бүхнээ монгол хүүхдүүддээ заана гэсэн бодолтой явна. Ийм л нэгэн урлагийн төлөө төрсөн тэнгэрлэг нэгэн бүл бидний дунд хөг, аялгуу нэмэн аж төрж байна. Хэдийгээр дэлхийд нэрээ цуурайтуулсан хөгжимчин ч гэлээ “би” гэж өөрийгөө дөвийлгөх дургүй нь зангарагтай хэрнээ эгэл даруу, зөв хүмүүжлийн нь илрэл гэлтэй. Төгөлдөр хуурын төгс аялгуугаар хорвоог хөглөж, дэлхийд нэр алдраа мөнхөлсөн, өөртэйгөө адил хаан хөгжмийн хатан хаан олныг төрүүлээрэй багш минь.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин