sonin.mn
МАНИЛА. /Синьхуа/. Даваа гарагт Филиппин улсын Бикол бүс нутгийн Масбате боомтод дэлбэрэлт болсны улмаас тус улсын арми, эргийн хамгаалалтын хүчний хөнгөн хөлөг онгоцууд эвдэрч сүйджээ. Одоогийн байдлаар хүмүүс гэмтэж шархадсан гэх мэдээлэл алга байна.
“Дэлбэрэлт нь орон нутгийн цагаар 12:30 цагийн үед эргийн хамгаалалтын албаны хурдан завиудын зогсоолд гарсан” гэж тус албаны хэвлэлийн албаны төлөөлөгч, ахмад Арманд Балило мэдэгдлээ.
Хэргийн газрын ойролцоо байсан хүмүүсийн ярьснаар бол, дэлбэрэлт болохын өмнөхөн жижиг хөдөлгүүрт нэгэн завь ослын газарт харагдсан аж. Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагааны явцад уг халдлагыг үйлдэхдээ гар хийцийн тэсрэх бөмбөг ашигласныг тогтоосон боловч дэлбэрэлтийг чухам ямар бүлэг үйлдсэн нь тодорхойгүй байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг