Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
–ИНЕГ саяхан нисэх буудлуудтай холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэсэн. Бүтцийн өөрчлөлтөөр ажилтнууд шилжих, халж солих асуудал гарав уу?
 
-Агаарын тээврийн либералчлалыг эрчимтэй явуулах бодлогыг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар ярилцаад Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэст харьяалагддаг олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудаа  нэгдсэн удирдлагатай болгож, аж ахуйн үйлчилгээ явуулдаг хэсгийг ИНЕГ-аас салгахаар болсон.
ИНЕГ бол агаарын тээвэрт хяналт, шалгалт, гэрчилгээжүүлэлт гээд мэргэжлийн хяналт шиг үйл ажиллагаа явуулдаг үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ байгууллагатай хамт нисэх буудлууд байхаар бизнесийн үйл ажиллагааг хамтдаа хийгээд байна. Нисэх буудлууд бол цэвэр бизнесийн байгууллага. Тиймээс зарчмын ганц асуудал дээр тогтсон нь Нисэх буудлуудын удирдах газар гэж шинээр байгуулаад ИНЕГ-ын бүтцээс гаргаж байгаа юм. ИНЕГ-т нийт 2400 гаруй ажилтан харъяалагддагаас агентлагт 106 нь ажиллаж байна. Үүнээс үйлдвэрлэлийн нэгжүүд 1300 гаруй ажилтантай байж байгаад бүтцийн өөрчлөлтөөр нисэх буудлууд тусдаа гарахаар 1500 хүн нь тэнд очно. Нэг ч хүнийг халж, солиогүй. Бүтэц, үйл ажиллагааны хувьд дүрэм журмандаа нийцэж, олон улсын жишиг рүү дөхүүлсэн гэсэн үг.
 
–Хөшигийн хөндийн нисэх буудал хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр байна уу. Төсөл хэрэгжүүлж байгаа аль нэг талаас шалтгаалж саатаж, удааширч байгаа зүйл бий юу?
 
-Хөшигийн хөндийн төсөл бол иргэний нисэхийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт. Олон улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нисэх буудал баригдаж байна. Нисэх буудлыг барих асуудал 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Анх нисэх буудал барихын тулд Япон, Монголын тал хамтарч Улаанбаатар орчимд есөн газрыг сонгож судалгаа хийсэн. Налайх, Бүхэгийн хөндий, Чойр зэрэг есөн газрыг судалж үзээд гурван газарт тогтсон. Хөшигийн хөндий, Налайх, одоогийн Буянт-Ухаа нисэх буудлын урд хөндийн аль нэгд барихаар тогтсон юм.
Буянт-Ухаа нисэх буудал анх 400-500 хүний хүчин чадалтай баригдсан. Гэтэл зорчигч урсгалын өсөлт жилд 14 хувиар өсч ачааллаа дийлэхээ больсон. Бас нэг сул тал нь зөвхөн нэг талын оролттой буюу онгоц баруун хойноосоо буугаад, баруун хойшоо хөөрдөг. Урд талаасаа том онгоц буух боломжгүй. Энэ саадыг арилгах талаар судалж үзсэн байдаг. Жишээлбэл, Богд уулын том онгоц бууж ирэх хэсгийг нураагаад хоёр талын оролттой болгоё гэсэн ч зорчигчийн терминалыг томруулахад хэцүү юм байна гээд больсон. Харин Налайхын сонгогдсон хэсэг цэвдэгтэй байсан. Тиймээс ИНЕГ, Японы цаг уурын байгууллагатай хамтраад 12 жилийн хугацаанд Хөшигийн хөндийд цаг уурын станц байрлуулж хур тунадас, салхи, цаг уурын байдлыг судалсны үндсэн дээр нисэх буудал барих шийдэлд хүрсэн нь одоогийн төсөл хэрэгжих болсон шалтгаан. Хөшигийн хөндийн нисэх буудал энэ онд ашиглалтад орох байсан ч Монгол Улсын Засгийн газраас барих ёстой гурван барилга дээр хугацаа алдсан асуудал байсан. Энэ жил л дээрх ажил цэгцэрч байна. Одоо авиа компаниудын онгоц байрлуулж засвар үйлчилгээ хийдэг хэсгийн асуудал үлдлээ. Энэ бүхэн төлөвлөгөөний дагуу эрчимтэй явчихвал шинэ нисэх буудал ирэх онд ашиглалтад орох байх. Энэ жилийн арваннэгдүгээр сард барилга байгууламж дуусч онгоц хөөрч буухад бэлэн болно.
Миний бодлоор Япон, Монголын хэлэлцээ дуусч Засгийн газраас чиглэл өгвөл Хөшигийн хөндийн нисэх буудал 2019 оны хавраас өмнө үйл ажиллагаагаа эхлэх байх. Хөшигийн хөндийн засвал зам ирэх аравдугаар сард  ашиглалтад орох юм билээ.
 
–Шинэ нисэх буудал ашиглалтад орлоо гэхэд цаашид авч явах менежментийн асуудал хэрхэн яригдаж байна вэ?
 
-Нисэх буудлыг цаашид авч явах хуулийн этгээд тодорхой болох ёстой. Японы талаас таван компанийн консерциум оруулах санал тавьсан. Тодруулбал, Мицүбиши, Нарита, Ханита, Жайлюкс гэсэн компаниудын консерциум орж ирээд Монголын талтай хэлэлцээ хийж байна. Ерөнхий сайдаас томилж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалсан Хууль зүйн яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Төрийн өмчийн хороо, ИНЕГ-ын төлөөлөл оролцсон  Ажлын хэсэг хэлэлцээ хийж байна. Бид Монголын талд ашигтай байлгахын тулд бүхий л боломжоо дайчилж байна. Алдаа гаргах эрхгүй учраас асуудал, үг, таслал бүр дээр нь ажиллаж байна.
Ерөнхийдөө концессын хэлэлцээ хийх ажил үлдсэн. Японы тал 51, Монголын тал 49 хувиар хамтарсан компани байгуулж Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг авч явна.  Давуу талуудыг нь харвал Японы соёлын үйлчилгээ орж ирнэ, өндөр стандартууд тавигдана. Хамтарсан компани байгуулснаас жилийн дараа үйл ажиллагаагаа эхэлнэ гэсэн саналыг Японы тал хэлж байгаа ч аль болох хурдан ажиллуулахын төлөө хэлэлцэж байна.
 
–Урьдчилсан байдлаар тодорхой болсон асуудлууд бий юу?
 
-Хэлцэл хийгээд эцсийн байдлаар тохироогүй учраас хамаагүй ярьж болохгүй байх. Япончууд Хөшигийн хөндийн нисэх буудлыг 30 жилийн хугацаанд ашиглая гэж байсан бол хэлэлцээрийн үр дүнд 15 жил болгож наашлуулах талаар ярилцаж байна.
 
–Одоо ашиглагдаж байгаа “Чингис хаан” буудал өвөлдөө утаатай, нэг талын оролттой гээд асуудал их.  Гэтэл Хөшигийн хөндийд манан татдаг гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байсан. Энэ үнэн үү?
 
-Хэн нэгний амаар ийм зүйл бичихээсээ өмнө судалгаа хийсэн, мэргэжлийн байгууллагаас нь асуугаасай. Орчин үеийн онгоцууд тоноглолын хувьд маш өндөр чадамжтай болсон. Хараа тэг байхад онгоц буух чадвартай. Өөрөөр хэлбэл, цонхонд тулсан манантай, салхи, бороотой  байхад буух чадвартай болсон. “Чингис хаан” олон улсын нисэх буудал уулархаг бүсэд байдаг учраас урдаасаа салхитай үед онгоц хөөрөхгүй, хойноосоо салхитай үед буухгүй, зурвасаасаа давчих гээд байдаг. Хөшигийн хөндийн нисэх буудал бол хоёр талаасаа ямар ч саад байхгүй. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд байрлуулсан цаг уурын станц салхины 97 хувь нь баруун хойноос гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс хаанаас салхитай байна, тэрийг тооцоолж эсрэг талаас нь буух боломжтой. Хөшигийн хөндийн нисэх буудлын ойр орчимд мөн том нуур, гол байхгүй.
 
–Шинэ нисэх буудалд саяхан туршилтын нислэг үйлдсэн гэж сонссон?
 
-Өнгөрсөн долоо хоногт Хөшигийн хөндийн нисэх буудалд хэрэглэлийн шалгалтын нислэг хийгдсэн. МИАТ-ийн БОИНГ-737 онгоцоор дөрвөн цаг гаруй шалгалтын нислэг хийж 14 журмыг Японы зөвлөх баг, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны байцаагч нар туршаад 100 хувь амжилттай боллоо. Зурагласан схемийн дагуу шалгалтын нислэгийг амжилттай үйлдсэн.
 
–Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орохоор хуучин нисэх буудлаа хэрхэх вэ?
 
-Хөшигийн хөндийн нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхээр одоогийн “Чингис хаан”  нисэх буудлын үйл ажиллагаа шилжинэ. Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг 2-3 янзаар  гарган ажиллаж байна. Юуны өмнө олон улсын нислэгийг шилжүүлэхээр төлөвлөж байна. Хөшигийн хөндийн нисэх буудалд маш олон тоног төхөөрөмж ажиллана. Аль нэг талаар дутагдал гарах эсэхийг хэлж мэдэхгүй. Бэлтгэлтэй байхын тулд нөөц төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ дагуу хуучин нисэх буудлыг нөөцөнд байлгана.
 
–Хаврын чуулганаар агаарын тээврийн либералчлалыг нэлээдгүй ярилаа. Бодлого, шийдвэр ч гарлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд солигдсонтой холбоотойгоор өөрчлөгдөх, зогсох асуудал гарах уу?
 
-Агаарын тээврийн либералчлалыг олон жил олон хүн ярьсан ч зориглож орж чадаагүй. Харин Ж.Бат-Эрдэнэ сайд зоригтой барьж авч хийсэн. Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт орууллаа. Ингэснээр Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжингийн чиглэлд  хоёрдогч тээвэрлэгч орж ирэх бололцоо гарч ирсэн. Энэ бол агаарын тээвэрт хийсэн том либералчлал. Ингэснээр өрсөлдөгч компаниуд орж ирж, үнээ буулгах боломж бүрдэнэ. Зам, тээврийн хөгжлийн сайд солигдсон гээд энэ ажил зогсохгүй, эрчимжинэ. Хамгийн гол нь зорчигчдыг хямдхан тарифаар аль болох найдвартай, аюулгүй, тохитой үйлчилгээ үзүүлэх асуудлыг яаравчлах  чиглэлийг Засгийн газраас удаа дараа өгч байна. Солонгосын талд агаарын харилцааны хэлэлцээрт дахиж орьё, хэлэлцээгээ шинэчилье гэсэн саналыг тавьсан байгаа.
 
–Агаарын навигацын орлого төлөвлөсөн хэмжээнд орж байна уу. Монгол дээгүүр өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
 
-Энэ жил олон улсын нислэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн. Энэ хэмжээгээр Монголд ирэх зорчигчдын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил “Чингис хаан” олон улсын нисэх буудал түүхэндээ анх удаа 1.2 сая зорчигч хүлээж авлаа. Мөн навигацын дээгүүр өнгөрөлтийн асуудалд БНХАУ, ОХУ-тай маш ойр дотно түншийн харилцаагаар хамтарч ажиллаж байна. Энэ жил орон нутгийн нислэг 22 хувиар өссөн нь эдийн засаг сэргэж байгаа нэг үзүүлэлт гэж харж байна. Ингэж 14-22 хувиар өсч байгаа нь олон улсад бол маш том үзүүлэлт болдог. ИНЕГ-ын баг хамт олон гар сэтгэл нийлж  ажиллаж олон улсад Монголын агаарын зам ямар аюулгүй, найдвартайг харуулсны үр дүн гарч байна.
Навигацын орлого хэдийгээр байнга өсч байгаа ч эргээд тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх, засварлах, боловсон хүчнээ сургах асуудалд онцгой анхаарахгүй бол Монгол Улс олон улсын гэрээ конвенциор үүрэг хүлээдгийг мартаж болохгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа бүх агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Монгол Улс анх удаа жилдээ 110 мянган нислэг явуулсан. БНХАУ өдөрт 15 мянган нислэг хийдэг том зах зээл. Хятадын агаарын зайн ачааллаас болоод Сөүлээс Ази, Улаанбаатарын чиглэлд нисэх гэж байгаа онгоцууд байнга саатдаг. Тэгэхээр Хятадтай хамтарч яаж Монголын дээгүүр өнгөрч байгаа онгоцыг нэмэгдүүлэх болон Солонгос, Хятадын талтай уулзалт хийж паралель агаарын зам нээхээр ажиллаж байна.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин