sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс Эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг Сингапурын Темасек Олон Улсын сан, Наньян Политехникийн их сургуулийн дэмжлэгтэйгээр  2017-2018 онд 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа.Сургалтад хот, хөдөөгийн Эрүүл мэндийн салбарын 140-н удирдах албан тушаалтан, менежер, эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан хамрав.
 
 
Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад хамраад ирсэн ажилтнуудаа хүлээн авч уулзав. Тэрбээр “Дэлхийн улс орнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээнээс илүүтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэл рүү түлхүү анхаарч эхэлснийг Сингапурын мэргэжилтнүүд хэлж байна. Үүнтэй адилаар манай улс ч гэсэн өвчтөнийг эмчлэхийн зэрэгцээ, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж байна.  Монгол Улсын Засгийн газар 2018 оны төсөвтөө эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн сургалтад зориулж  2,8 тэрбум төгрөгийг анх удаа төвлөрүүлсэн. Өмнө нь Олон Улсын байгууллагын төсөл хөтөлбөр нь  буяны байгууллагын тусламж дэмжлэгээр явж байсан бол энэ удаад төрийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүдээ байнгын сургалтад хамруулах боллоо.
Энэ хүрээнд халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг анхан шатны, хоёр, гурав дахь лавлагаа шатны эмч, мэргэжилтнүүд нийгмийн эрүүл мэндийн  боловсролын сургалтад амжилттай хамраад ирлээ. Хөтөлбөрт хамрагсад сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, сургагч багш болон ажиллах л үлдээд байна. Цаашдаа хүн амаа урьдчилан сэргийлэх, тэр дундаа эрүүл хооллолтын чиглэлээр эмч мэргэжилтнүүд бэлтгэх тухайд Сингапурын Темасек Олон Улсын сан, Наньян Политехникийн их сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах талаар ярилцсан нь амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хөтөлбөрт хамрагдсын байр,сургалтын зардлыг Темасек Олон Улсын сан хариуцсан бол унаа хоолны зардлыг Монгол Улсын төсвөөс санхүүжүүлжээ.
Сургалтад хамарсан Хэнтий аймгийн ЭМГ-ын  дарга Ц.Гэрэлмаагаас сэтгэгдлийг нь сонсов.
Тэрбээр “Манай аймгаас энэ хөтөлбөрт эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, сум, багийн эмч нар багтсан. Хөтөлбөрт хамарснаар эрүүл мэндийн боловсрол олгох арга барил, нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд  ёс зүйн талаар дутагдалтай байдаг асуудлыг засч залруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй чанартай хүргэхэд зорьж ажиллана” гэлээ.Сургалтад хамарсан эмч мэргэжилтнүүд тус бүр салбарынхаа 5-6 хүнд өөрийн сурсан мэдсэнээрээ сургалт зохион байгуулах ажээ.
 
Б.Янжиндулам
Эх сурвалж: Монцамэ агентлаг