sonin.mn
ТОКИО. /Би-Би-Си/. Япон улсад сүүлийн 25 жилд болж байгаагүй хүчтэй далайн шуурга дэгдсэний улмаас 7 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж гэмтжээ.
“Жеби” далайн шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн байна.
Далайн шуургад нэрвэгдсэн бүс нутгуудад далайн хүчтэй давалгаа, үерийн гамшиг болон хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа гаргажээ.
“Жеби” шуурганы улмаас олон арван сая хүний байр байшингийн цахилгаан хангамж тасраад байгаа бөгөөд аюулгүй газар руу нүүхийг ард иргэдэд уриалжээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагийн үд орчимд Шикокү арал дээр далайн шуурганы улмаас хөрсний гулгалт үүссэн ба шуурга цааш Японы хамгийн том арал болох Хоншюг чиглэн урагшилж байна. Шуурга хойд зүгийг чиглэх үед хүч нь сулрах төлөвтэй байгаа аж.
1993 онд Японы томоохон арлууд дээр болсон далайн шуурганаас үүдэлтэй хөрсний гулгалтын улмаас 48 хүн амь үрэгдэж, сураггүй алга болж байжээ. Түүнээс хойш тохиож буй хамгийн хүчтэй далайн шуурга нь “Жеби” юм.
Японы Цаг уурын агентлагаас хөрсний гулгалт, үер усны гамшиг болон хүчтэй салхи дэгдэх талаар ард иргэдэд анхааруулаад байгаагийн зэрэгцээ далайн шуургад хэдийнэ нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдийг далайн давалгаа, аянга болон хар салхины аюулаас сэрэмжлүүлжээ.
Энэ зун Япон улсад хүчтэй далайн шуурга удаа дараа дэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард хэдэн арван жилийн турш тохиогоогүй хөрсний гулгалт, үер болсны улмаас 200 гаруй хүн амиа алдсан байна. Үүний дараа хэт халалт болсон билээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг