sonin.mn
ТЕГЕРАН./IRNA/. 2022-2025 онд Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагыг /ОАНА/ даргалахаар Ираны мэдээллийн агентлаг /IRNA/ нэрээ дэвшүүлжээ.
Тегеран хотноо болсон ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 43 дугаар хуралдааны хаалтын үеэр Исламын Бүгд найрамдах улсын мэдээллийн агентлагийн /IRNA/ гүйцэтгэх захирал Зиа Хашеми дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Олон жилийн турш ОАНА-гийн эгнээнд байгаа Иран улс 1997-2000 онд тус байгууллагыг даргалж байсан юм. Одоо тус улсын мэдээллийн агентлаг ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 
ОАНА нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэдэг. Тус байгууллага нь дэлхий даяар түгээж буй мэдээллийн гуравны хоёрыг нийлүүлдэг юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг