sonin.mn
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн онд нээж, мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
Тус төвийн дэргэдэх БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” ("MKIT") мэдээллийн технологийн сургалтын төвийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад энэ онд 297 залуу хамрагдснаас 121 залуу сертификатаа аваад байсан юм. Өнөөдөр 30 залуу амжилттай төгсөж, мөн сертификатаа гардан авлаа.
“Эм Кэй Ай Ти” ("MKIT") мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшний нарийн мэргэжлийн нийт 8  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.
Сургалтыг амжилттай төгссөн залуучуудыг бизнес инкубатор төвд сар бүр 440,000 төгрөгийн цалинтай дадлагажуулж, гадаад, дотоодын “IT”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад хандан, өндөр цалинтай ажлын байранд холбож өгдөг юм.
Өнөөдрийн байдлаар мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтад нийт 1890 залуус хамрагдсанаас 642 залуу амжилттай төгсөөд байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.