sonin.mn
“Контрол” цахим телевизийн “Комментатор” нэвтрүүлэгт Монголч эрдэмтэн Юра Кручкин оролцлоо. Энэ ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
 
–Бид эртний танил. Та санадаг болов уу. Москва хотод МГУ-ын бэлтгэл ангийн хэдэн монгол оюутан трамвайнд Оросуудын дунд монголоор чөлөөтэй ярьж байтал гэнэт нэг орос хүн монголоор яриад эхлэхэд цочих шиг болж билээ?
 
-Монголоор орчуулбал, Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургууль шүү дээ.
 
–Ихэнхдээ элит гэр бүлээс гаралтай, сурлага сайтай хүүхдүүд тэнд суралцдаг байсан. Та тэгэхэд Саратов мужаас элссэн байх аа?
 
-Саратов мужаас би ганцаараа тэр сургуульд элсэж чадсан. Манай муж ч бас том, бараг гурван сая хүн амтай. Аз л таарсан болов уу.
 
–Монгол хэлийг та оюутан байхдаа сурсан гэсэн. Гэхдээ дөнгөж  I, II дамжааны оюутнууд тань шиг мундаг байгаагүй. Учир юунд байв?
 
-Би монгол оюутнуудтай нэг өрөөнд амьдардаг байсан. Гуравдугаар дамжаанаас эхлээд монгол хүүхдүүдэд үйлчилж, Артекийн пионерийн зусланд гурван жил орчуулагчаар ажилласан учир хүссэн, хүсээгүй хэлээ сайн сурсан.
 
–Ингэхэд яагаад монгол хэлийг сонгочихов?
 
-Би Саратов мужийн хөдөө тосгонд өссөн.Тосгоны номын санд Монголтой холбоотой олон ном байсан. Монголын тухай анхны мэдээллээ тэдгээр номноос олж авсан. Мөн Халх голын чөлөөлөх дайнд оролцсон 600 гаруй хүн манай гудамжинд амьдарч байсан нь их нөлөөлсөн гэж боддог.
 
–Та Монголын тухай нэвтэрхий толь хийсэн. Түүнийгээ үргэлжлүүлж байгаа юу?
 
-Монголын тухай “Нэвтэрхий толь”-д нийт есөн мянган материал орсон. Зөвхөн хүмүүсийн талаар гэхэд л гурван мянган материал бий. Газар нутгийн тухай мэдээлэлд бүх аймаг, сумыг багтаахыг зорьсон. Зарим мэдээллийг үнэн бодитой болгох зорилгоор тухайн аймаг сумын удирдлага руу залгаж байж авсан шүү. Монголын статистик тоо баримт өөрөө их өвөрмөц сонин. Москвагийн эрдэмтэн Гольманд Марк дэлхийд гурван  төрлийн өвөрмөц статистик байдаг. Түүний нэг нь Монголын статистик гэж онцолсон байдаг.
 
–Юу гэсэн үг вэ. Тогтвортой биш, хөдөлгөөнтэй гэсэн үг үү?
 
-Сумын захиргаа нь хот руу шилжсэн хүмүүсээ тоолдог. Солонгос руу ажиллахаар одсон хүмүүсээ бүртгэдэг. Тэгсэн хэрнээ тухайн суманд яг хэдэн хүн амьдарч байгааг бүрэн хэлж чаддаггүй. Харин малаа  бол тоолж чадна. Хүмүүсээ тоолж чаддаггүй.
 
–Монгол хэлийг их баян гэж би боддог. Жишээлбэл уул гэдгийг англиар ганцхан уул л гэнэ. Монголоор уул, гүвээ, даваа, толгод гээд олон янзаар нэрлэдэг. Орос хэл ч бас баян хэлний тоонд ордог?
 
-Толь бичиг хийхэд монголоос гадна орос хэлээ их сайн мэдэх хэрэгтэй. Надаас гадна монголчууд “Монгол-Орос толь бичиг”-ийг хийсэн тохиолдол бий. Өмнө ч, өнөөдөр ч. Гэхдээ толь бичгийг сайн хийх учиртай. Өмнөхтэй би ярихгүй.Сүүлд хийсэн толь бичигт асуудал байна. Би өрсөлдөгч гэж үгүйсгэж байгаа юм биш. Оросын буриадуудыг толь хийхдээ татан оролцуулсан байсан. Гэхдээ тэдний хийсэн толь бичиг үнэндээ хангалтгүй. Би багаасаа л Оросын пийшэн дээр унтаж өссөн. Оросын сэтгэл зүйг сайн мэднэ. Тиймээс зарим нэр томьёо ойлголтуудыг яаж хэрэглэх, ашиглах  зэргийг бараг төрснөөсөө хойш ухаарсан.Өнөө цагийн сайн гэгдэх монгол, буриад эрдэмтэд зарим зүйлийг үнэндээ ойлгохгүй байна. Ийм алдаатай толь бичиг эрхэлж гаргасан Баабарт хандаж “Монгол-Орос толь бичиг” хийж буй бол ядаж орос хүнээр уншуулах шаардлагатай гэж хэлмээр байна.
 
–Толь бичиг хийх амаргүй байх. Эх хэл, гадаад хэлний мэдлэг чухал. Түүнээс гадна аргачлал, туршлага гэж чухал зүйл байх шиг байна?
 
-Би толь бичиг хийхдээ монголчуудаас заавал зөвлөгөө авдаг.Олон ч хүн надад тусалдаг. Миний дотны найз Мэргэнээс өгсүүлээд Санжаасүрэн гуайг нэрлэнэ. Тэд миний толь бичгийг хянадаг. Ер нь ямар ч толь бичиг хийсэн хоёр тал хамтран ажиллах хэрэгтэй.
 
–ТАСС-ын сурвалжлагч Шинкарёв “Нравы и быть Монголии” гэж ном хэвлүүлснийг уншаад их уур хүрч билээ. Уг номонд монголчуудын аж байдлыг өөрсдийнхөөрөө дүрслээд биччихсэн. Тухайлбал дээлийг нөмөрвөл хөнжил , дэрлэвэл дэр, аягаа арчвал аяганы алчуур гэдэг ч юм уу. Монголоо өмөөрөх сэтгэл оволзож, Шинкарёв гэдэг хүнд тун дургүй хүрч билээ?
 
-Тухайн үед Монголын тухай хоёр боть ном гаргаж байсныг та санаж байгаа байх. Гэхдээ зөвхөн сайн талаас нь, монголчууд баатарлаг, хөдөлмөрч, дэлхийн хамгийн том гүрэн байгуулсан гэдэг ч юм уу. Муу зүйл бичиж байгаагүй. Мэдээж магтсан өнгө агуулга бүхий хоёр номтой зэрэгцүүлээд Шинкарёвын ном гарахад хүмүүс их эмзэг хүлээж авсан. Аливаа ард түмэн өөрийгөө шоолох чадвараа огт гээж болохгүй. Ёгтолж хэлснийг хүлээж авах чадвартай байх ёстой.
 
–Харин “Эрх мэдэл ба эмгэнэл” романыг нь Казахстанд Олон улсын хуралд оролцох үеэр уншсан. Уншууртай, мөлжүүртэй, амттай ном санагдсан. Мэдээж эрх мэдэл, эмгэнэл хосолсон. Эмнэгэлт төгсгөлтэй түүхэн роман. Гэхдээ л гялсхийх нэг гэрлийг тэндээс би олж харсан.Тэр их эмгэнэл гашуудал дунд ганц гэрэл ассан нь Цэдэнбал даргын ач охин байсан. Дараа нь, Шинкарёв гуайтай Москвад дахин уулзаж, түүнээр дамжуулан Бал даргын ач охин Настятай анх уулзсан. Та Настятай холбоотой байдаг уу?
 
-Бид холбогдсон. Нөхөртэй болсон байна лээ. Нөхрөө дагаад Шриланк улсад Оросын элчин сайдын яаманд ажиллаж байгаа гэсэн. Оросын гадаад хэргийн сайд нар Шриланкаас ажлын намтраа эхэлдэг шүү, Оросын Гадаад Хэргийн сайд Лавров ч наанаас чинь гараагаа эхэлсэн гээд ерөөл маягийн захидлыг түүнд бичсэн.
 
–Анастасия Москвагийн Их Сургуулийн дорно дахины судлалын анги төгссөн. Настяг өвөөгийнх нь нутагт сайхан амраасан. Монгол наадам ч үзүүлсэн. Их ч догдолж, их ч баярласан. Ийм зүйл болно гэж санаагүй гэж хожим хэлж байсан?
 
-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудыг, яг Настя шиг хүмүүсийг монголчууд сайн дэмжих хэрэгтэй. Би зүгээр зөгнөлт маягийн юм хэлье. Гадаадад байгаа монголчуудыг ямар нэг аргаар монголд авчраад Улаанбаатарт биш цоо шинэ хот байгуулаад хоёр зуун мянган хүнийг тэнд суурьшуулаад ажиллуулах юм бол Монгол Улсын нэлээд олон асуудал, бэрхшээл устаж алга болно. Ялангуяа сэтгэл зүйн хувьд. Ер нь Улаанбаатар чинь буруу замаар явж байгаа шүү дээ, 30 жилийн турш хүн ам нь гурав дахин нэмэгдсэн. Хөдөөнөөс ирсэн хүмүүс хэчнээн цагаан цайлган сэтгэлтэй ч хотын хүмүүс болж чадаагүй. Хотынхон бас үүргээ биелүүлж чадахгүй ч юм уу. Улаанбаатар шиг гэр хороолол, орчин үеийн байшин хосолсон ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Хотын гэр хороололд хүмүүс хамгийн бага зардлаар амьдарч болно. Дэлхий даяарх том хотуудад амьдралын өртөг өндөр байдаг. Гэтэл энд гэр хороололд ажил ч үгүй, орлого ч үгүй хүмүүс амьдраад байдаг. Энэ бол Монгол Улсын хувьд хэзээ нэгэн цагт нийслэлээ нүүлгэх шаардлага гарч магадгүй гэсэн дохио.
 
–Улаанбаатар ачааллаа дийлэхээ больсон. Замын ачаалал, утаа дэндсэн. Хот зохион байгуулалт бүрэн алдагдсан. Анхны төлөвлөснөөс тооцоолоогүй хүн амтай болсноос үүдэн гажуудал үүссэн байх л даа?
 
-Үүнээс гадна монголчуудын зан авир их өөрчлөгдөж байх шиг. Перживальскийн бичсэнээр монголчууд их тэвчээртэй, хүлээцтэй гэдэг.Өнгөрсөн жил би Америкт хоёр сар болоход машин сигналдахыг нэг ч удаа сонсоогүй.Харин Улаанбаатарт бол бүгд яараад, давсаг нь хагарах гэж байгаа юм шиг минут секунд тутам сигналддаг.
 
– “Эрх мэдэл ба эмгэнэл “ роман руу яриагаа эргүүлье. Цэдэнбал даргын эмгэнэлт амьдралын тухай бичсэн тэр романыг уншиж байхад Бал даргын гэргий Филатоваг өөрийн эрхгүй өрөвдсөн. 1990 оны Ардчиллын уур амьсгал дор монголчууд бид тэр эмэгтэйг дэндүү их гутааж гэх харуусал төрж байсан?
 
-Энэ номд Филатова­гийн тухай би бичсэн. Намайг Эрдэнэт хотын Консулын газарт ажиллаж байхад Цэдэнбал дарга Оросын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Нуриевтай бас хамт Эрдэнэтэд зочилсон.Филатова бас дагалдаж явсан.Тэд Хивсний үйлд­вэрээр орж, ажилчидтай уулзаж, танилцсан. Дарга нар нь хивсний үйлдвэр 1000 гаруй эмэгтэй ажилтантай, цалин өндөр. Бүгд орон сууцанд орсон гэж танилцуулсан. Харин ажилтнууд нь худал гэж хоорондоо шивнэлдэхийг сонсоод  “Энэ дарга нар худлаа ярьж байна. Хивсний үйлдвэрийн 10 гаруй эмэгтэй л орон сууцанд орсон. Тэр нь хивсний үйлдвэрээс олгосон байр биш. ГОК-ийн эрчүүдтэй гэр бүл болж, ГОК -оос олгосон байранд орсон юм байна” гэж Филатовад хэлсэн. Би залуу ч байж, өөрөө.Тэгэхэд Филатова гэнэт уурлаж, “Та хоёр том удирдагч байж эдгээр хүмүүсийн худал яриаг яагаад сонсоод байгаа юм. Энэ ажилчид чинь байр байхгүй” гэж Цэдэнбал даргыг загнасан. Хороолол бариулъя гэсэн саналыг Филатова тэр хоёрт дэвшүүлсэн. Эрдэнэтийн тавдугаар хороолол чинь Филатовын ачаар л тэгэж баригдсан шүү дээ.
 
–Монголчууд бид энэ эмэгтэйн талаар зөв ойлголтыг сэргээх ёстой юм болов уу л гэж бодогдоод байх юм?
 
-Тэр номыг Мэргэн гуай их сайн орчуулсан. Ер нь Монголын уран зохиолд сайн орчуулга хийж яваа хэдхэн хүн бий.  Тэдний ачаар л монгол улсын оюун санааны хөгжил явж байгаа. Хамгийн сайн орчуулагч бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Даанч улс төрийн ажил хийгээд явчихсан. С.Баяр бас сайн. Мөн л завгүй гэх юм. Тэдний араас Мэргэн орно гэж би боддог.
 
–Манай улс сүүлийн 20 гаруй жил эрдэмтдийг, соёл урлагийг зөнд нь хаячихлаа. Энэ салбарууд зөнгөөрөө явж байна. Путин гэхэд л Соёл урлаг, шинжлэх ухаанаа дэмжих дорвитой шийдвэрийг Орос оронд гаргаж байна?
 
-Монголын уран бүтээлчид, зохиолчид, орчуулагчид бол жинхэнэ амь хайргүй ажиллаж байгаа хүмүүс. Жинхэнэ эх орончид гэж нэрлэж болно. Номын дэлгүүрээр ороход хүмүүсийг ном сонирхох нь их болсон нь ажиглагддаг. Намтарын ном ч их хэвлэгдэж байна.Тэр нь ч зөв.  20-р зууны хүмүүсийг бид янз янзаар ойлгодог.Түүнийг зөвөөр ойлгоход тэдгээр ном тустай.
 
–Бодлого үгүйлэгдсэнээс болж, Монголын зохиол бүтээл гадаад хэл рүү орчуулагдах нь сүүлийн жилүүдэд үед орхигдох боллоо?
 
-Азийн орнуудад бодлогоор орчуулагчдаа бэлддэг. Японы зарим зохиолчид Япон улсаасаа олдож байгаа шагналаар биш гадны оронд хэвлэгдсэн номын шагналаараа илүү сайхан амьдарч байгаа. Жишээлбэл Мураками. Мураками бас монгол улстай холбоотой, Халх голын дайны тухай ном бичсэн байдаг. Миний сонссоноор хамаатнууд нь Халх голын дайнд оролцож байсан юм гэдэг.
 
–Ном, соёл гэдэг онцлогтой. Тэр тусмаа, манайх шиг жижиг орны хувьд соёлоо хадгалах, хөгжүүлэх гэдэг нь маш чухал. “Чонон сүлд” романыг хятад хүн бичиж, дэлхий даяар тамгаллаа. Монгол хэлнээ орчуулагдсан. Түүний оронд монгол зохиолч бичиж болох л байсан даа?
 
-Миний бодоход ойрын хэдэн жил монголчууд дэлхийн соёлын тайзан дээр гарахыг зорих хэрэгтэй. Зүгээр л англи хэлээр дуулахад монголчууд хол явна гэж бодож байна. Саяхан Америкт “Азийн орнуудын баячууд” гэдэг кино амжилттай явж байна. Америкт байгаа хятад гаралтай эмэгтэй, Сингапураас гаралтай эрэгтэй хоёрын хайр дурлалын түүх гардаг. Ер нь Азийн улс орнуудын иргэд нэлээд олон салбарт том том ажилд орж байгаагийн адил Монголчуудад ч ийм боломж бий. Монголын зураачид гадаадад их алдартай болж байна. Монгол яруу найргийг сайн орчуулах юм бол Япон, Хятадын яруу найргаас дутахгүй, илүү ч байж магадгүй.Сайн орчуулаад, сайн сурталчилаад хэвлүүлэх хэрэгтэй.
 
–Хятад зохиолчийн “Чонон сүлд”-ийг уншихад хүнд , удаан уншигдах ном санагдсан. Ур чадварын хувьд доогуур. Манай зохиолчдоос Намсрай, Дог­мид, Баярсайхан, Жаргал­сайхан, Энхболд гээд хүмүүс энэ романыг бичсэн байсан бол хэдэн тохой илүү бичих байсан ч юм шиг?
 
-Гоголийн тухай Оросын телевизээр кинонууд их гардаг. Гоголийн бүх зохиолыг Оросын цагаан хаан санхүүжүүлдэг байсан гэдэг нэг баримт бий. Монголын хөрөнгөтөн баячууд ганц яруу найрагчийг ганц нэгээр сонгож аваад ингэж “тэжээсэн” бол их хувь нэмэр оруулахсандаа. Энэ олон машинаас юу ч үлдэхгүй.
 
–Яруу найрагч Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбарын бичсэн шүлгийг тэднээс өөр хэн ч бичихгүй.Тиймээс тэднийг хайрлах, дэмжих учиртай. Д.Урианхай, Чилаажав, Б.Золбаяр зэрэг хэдэн зохиолчийг Баяраа гэдэг бизнесмэн ивээлдээ авсныг би мэднэ. Байр сав, унаа машин гаргаж өгсөн. Цалинжуулна. Юу ч нэхэхгүй.Та зохиолоо л санаа зовохгүй бич гэж? 
 
-Тэрнээс гадна судалгааны ажил их байна. Цэдэв зохиолч нэлээн хөөцөлддөг. Монголын уран зохиолтой холбоотой архивын материалууд Орост нэлээд байгаа.Тэрийг судлаад хэрэгтэй зүйл байвал худалдаж, эх орондоо авчрах хэрэгтэй. Монголын их яруу найрагч Д.Нацагдоржийн эхнэр Ленинградад амьдарч байсан.Тэр хүний үлдээсэн юм байж болно. Ламакино гэж зохиолч байсан.Тэр хүнд олон материал байсан. Монголын түүхийг бодож байгаа бол Оросоос ч бай, өөр хаанаас ч бай олж судалж, авчрах хэрэгтэй.
 
–Монголын зохиолчдын хороо тухайн үедээ их нөлөө бүхий байгууллага байж. Улсаас санхүүждэг. Дэргэдээ фондтой, санхүүтэй. Мөн “Утга зохиол, урлаг” гээд том сонинтой. Утга зохиолыг хөгжүүлэх хүчтэй бодлого явуулж, жилдээ 4-6 зохиолчийг мэргэжлийн зохиолчоор ажиллуулдаг. Ажлын өрөө байраар хангаж, цалинжуулна. Утга зохилыг хөгжүүлэхэд их анхаардаг байсан байна?
 
-Мэдээж төрийн дэмжлэг байх хэрэгтэй. Миний судалснаар 1990-ээд оны үед Оросын бараг бүх нэртэй зохиолчид Монголд ирж, Монголын зохиолчидтой уулзалт хийдэг байсан. Айтматов гэх зэргээр та бүхэн мэдэж байгаа байх.
 
–Ерөнхийлөгч Х.Бат­тулгын тухай бичсэн номыг Та саяхан орчуулж гаргасан. Оросуудад гайгүй хүрсэн үү?
 
-Хүмүүс сонирхож байгаа. Гэхдээ, Х.Баттулга ерөнхийлөгчийн тухай өөр ном бичих хэрэгтэй гэж би бодсон. Баттулга өөрөө бичвэл сонин. Өөрийнхөө амьдрал, ажлын тухай бичвэл хүмүүс илүү сонирхоно. Энэ ном Баттулгыг Ерөнхийлөгч болохоос өмнө бичигдсэн учир сүүлийн хоёр, гурван жилийн үйл явдал огт ороогүй.Тэгэхээр өөр шинэ ном хэрэгтэй. Путины тухай ном шиг.
 
 –Путин гэснээс Орос улсыг сүүлийн хэдэн жил АНУ- өрнөдийн зүгээс эдийн засгийн хувьд нэлээд дарамт шахалтад оруулсан. Миний харснаар Орос л өөрийгөө авч явж, амжилттай даван туулж хүчирхэг гүрэн гэдгээ харуулж байх шиг байна.Та юу гэж харж байна?
 
-Орос ерөнхийлөгчийн засаглалтай байвал илүү юм уу гэж боддог. Монголын тухай яривал Чингисийн үед одоогийн их хурал үйл ажиллагаа явуулж байсан бол Чингис хааны хүүхдүүд хэзээ ч дэлхийн хэмжээний улс байгуулахгүй байсан гэж боддог.Оросын хувьд асуудал их байгаа. Хүмүүс олон янзаар хүлээж авдаг. Гэхдээ Америкийн дарамт бол хоёр талын асуудал. Америк, Европын улс орнууд өөрсдөө одоо биш ч гэсэн хохирч байгаа.
 
–Та нэвтрүүлгийн эхэнд Оюутолгой , Эрдэнэт хоёрын тухай харьцуулаад ярих зүйл надад бий гэсэн?
 
-Оюутолгойд очиж үзсэн. Орон сууцгүй. Настай хүмүүс, хүүхэд, нохой, муур, цагдаа байхгүй. Архичин бас байхгүй. Нэг талаасаа зүгээр ч юм уу. Нөгөө талаасаа тэд хөрөнгөтний аргаар ажиллуулж байгаа учир хүмүүсийн амьдрах, эмчилгээ хийлгэх, сургуульд сурахыг үл тоож байна. Эрдэнэттэй харьцуулахад. Цаашид энэ асуу­дал яригдаж шийдвэр­лэх байх гэж бодож байна.
 
–Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай байх. Та Монголын эдийн засаг шинэ эхнэр авч байна гэсэн хэллэг гаргасан байсан. Оросуудтай хамтрах нь багассаныг хэлсэн байх. Одоо бол хамтын ажиллагаа төмөр зам л байна?
 
-Төмөр замыг хоёр улсын удирдагчид уулзахдаа хэлэлцэх байх.Ирэх жил 70 жилийн ой болно.Их сонин түүхтэй, ээдрээтэй, хэн нь барьж байгуулсныг хэн ч ярихгүй. Улс төрийн хоригдлууд ч барьсан байх, 505 гэж байгууллага ч байсан. Оросын зохиолч Солженицин хүртэл бичиж байсан.Их юм бичээгүй ч гэсэн тэмдэглэж байсан байдаг.Түүх бол түүх.Тэрийг судлах хэрэгтэй.
 
Ц.Энхбат
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин