Хорвоо гэж сонин юм шүү, хоёр хүйсийг холбож төрнө. Тэгсэн хэрнээ эр эм, чи би гээд л энд тэндгүй ялгараад, яллаад хэвтчихнэ. Уг нь би хүйсийн ялгаралд дургүй хүмүүсийн нэг. Угаасаа л хүйсээ сонгож амжилгүй энэ ертөнцөд ирцгээчихээд уйлаад яалаа, уурлаад ч яалаа, ялгараад ч яана, ямбалаад ч хаачих юм. Тэгсэн сүүлийн үед хүүхнүүд рүүгээ хүрээ хотоороо дайрдаг болчих юм. Бүүр гайхаж унамаар, гацаж шогтмоор үзэгдэл юм даа. Эрчүүдтэй зэрэгцэн бүтээн байгуулалт хийж, бүхэл бүтэн компани, шинэ технологийн үйлдвэр барьчихсан Ц.Гарамжав гэж эмэгтэй байна. "Монцемент"-ийг босгосон гэхээр арвин туршлага, агуу хөдөлмөр. МАК-ын Нямтайширтай хэн тэгж өрсөлдөж чадсан юм. Анзаараад байхад парламентад жинтэй үг хэлж, хуулийн хуудууг зоригтой илчилдэг асаалттай танк шиг нэгэн юм билээ. Тэгэхнээ Ц.Гарамжавыг ялих шалихгүй шалтгаанаар шахаж гүжирдэж байхыг зөндөө харав. Ямар ч гэм хийсэн амьтан юм, яагаад ч тэгж буланд шахаад байдаг юм, ер ойлгомжгүй. Ц.Цогзолмаа гэж боловсролын салбарт утгаар нь бодлого авчирч буй бас нэг эмэгтэй байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог өсгөж, Соёлын багц хууль батлуулахаар шамдаж буй түүний хийж, хэлж байгаа болгон нь энэ салбарт бугшсан хуучин дэглэмийг нураахад чиглэж байгааг хичээвэл хэн ч ойлгоно. Гэтэл хөөрхийг хичээл хаялтаар сүрдүүлээд, хэвлэлийн албаны саяхан хуримаа хийсэн бүсгүйг нь хүртэл боорлоод дайрчих юм. Үгүй тэр Цогзолмаа хийснийхээ төлөө адлуулж байдаг мөн лайтай хүн ээ. Эрүүл мэндийн нийгмийн даатгалыг хүртээмжтэй болгосон Д.Сарангэрэл гэж дайчин эмэгтэй бас бий. Салбарын хүн биш гэдэг ганцхан шантаажаар жил гаруй бөмбөгдлөө. Яасан гээд, яагаад энэ эмэгтэйчүүдийг оролдоод байдаг юм бол гэж гайхмаар. Өнөө хэд нь зодуулаад сурчихсан гөлөг шиг ганц ган хийхгүй ажлаа хийгээд л амжуулж явах. Сүүлдээ бодлоо. Ер нь яагаад эмэгтэйчүүдээр л оролдоод байдаг юм бол, царай зүс нь хэцүү, цамц даашинз нь өнгөгүй, ааш зан нь адайр, амьдрал ар гэр нь аймаар юм болов уу гэж санагдаж байх юм аа. Үгүй шүү. Бүгд л царайтай зүстэй, арчаатай амьдралтай, үртэй хүүхэдтэй улс байх юм. Эмэгтэй хүн хүчтэй байх тусмаа хүнд адлагддаг болчихсон хорвоо юм уу? Гэртээ хормогч зүүчихээд цай хоол, ач зээ гэж суувал л таалагдах уу? Эмэгтэйчүүдээ барьж зоддог өнгөрсөн нийгмийн сэтгэхүй давамгайлаад байна уу гэж хардмаар. Тэгэхнээ тэдэн рүү эрээ цээргүй дайрч байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэй байх юм. Эсвэл энэ Засгийн газрын ганц сул тал нь эмэгтэйчүүд болж харагдаад байгаа бол хүчтэй л байна гэж хэлье. Улстөрөөс бид лидер хүсдэг. Лидер алга гээд л алгаа дээш нь харуулж, мөрөө хавчиж байгаад хоосон царайлдаг. Лидер тосч авах хөрс, сэтгэл бидэнд өөрсдөд маань алга. Тэр тусмаа эмэгтэй лидерт дасч, хүлээн зөвшөөртлөө хол байна даа, хол байна...ямартай ч миний хэзээ ч чадахгүй, хүсээд ч амжуулахгүй ажлуудыг хийж, бүтээж, энэ их хэл ам, хэцүү хатууг туулж яваагийнх нь төлөө би тэднийг өмөөрнө, яадаг юм. Одоо намайг барьж ид дээ, учир нь би ч бас ээмэгтэй.

 

Р.Эмүжин