sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Агаарын тээврийн "Emirates" компанийн нисэх онгоцоор Дубай хотоос Нью-Йоркт ирсэн бүх зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж дууссан байна. Үзлэгийг АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд хийсэн тухай Нью-Йорк хотын дарга хэвлэлийн төлөөлөгч Эрик Филлипс мэдэгдлээ.   
“Бүх зорчигчдыг үзлэгт хамруулсан, тэд бүгдээрээ онгоцноос гарч явсан. Тэднээс 19 хүн өвчтэй байсан ба 10 хүнийг эмнэлэгт хүргэсэн бол 9 нь эмнэлгийн тусламж авахаас татгалзсан” гэж Э.Филлипс твиттер хуудсандаа бичжээ.
“Эмч нар сорьцыг шинжилж байна. Уушигны хурц хэлбэрийн өвчин байж магадгүй шинж тэмдгүүд илэрсэн” гэж тэрбээр мөн бичсэн байна. Э.Филлипс өмнө нь мэдээлэхдээ, “EK203 дугаарын нислэгээр Нью-Йоркт ирсэн 432 зорчигч бүгдээрээ эмнэлгийн үзлэгт хамрагдсан бөгөөд тэд бүгд эрүүл байсан” гэж байсан юм. Харин телевизийн NBC сувгийн мэдээлснээр, Emirates компанийн онгоцонд нийт 521 зорчигч сууж явсан байна.
Дубай хотоос Нью-Йоркийн чиглэлд хөөрсөн уг нисэх онгоц орон нутгийн цагаар 09:12 цагт Ж.Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь “олон зорчигч өвчилсөн” тухай мэдээлэлтэй холбоотой байжээ.
 
Б.Адъяахүү   
Эх сурвалж: Монцамэ агентлаг