sonin.mn
Монгол Улсын төрийн гурван удаагийн соёрхолт, Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. 
Түүний охин Анна Цендинаг “ТВ9” телевизийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт урьж оролцуулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
-Энэ жил Ц.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа юм байна. 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байсан. Тэр тухай дурсаач?
 
-2008 онд бид Дорнод аймаг, нийслэл хотод аавын мэндэлсний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Эрдэм шинжилгээний хурал, тоглолт зохион байгуулсан. Мөн аавын хамт ажилладаг байсан хүмүүс, шавь нарынх нь бүтээлүүдээс ном болгон гаргаж байлаа.
 
-Энэ жил ямар үйл ажиллагаа төлөвлөж байгаа вэ?
 
-110 ТЭГШ TOO биш боловч аавыг маань хүндэтгэдэг хүмүүс тэмдэглэе гэсэн санал гаргасан. Юун түрүүнд олон улсын эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөж байна. Мөн аавын гэр музейд хадгалагдаж байгаа хуучин ном судрын гарчигт тгэл хийж байгаа. Ойд зориулж эмхэтгэл гаргах санаатай байна.
 
-Гэрэлт хөшөө босгох ажил яригдаж байгаа гэсэн?
 
-Тийм санал гарсан. Манай гэр бүлийнхэн 100 жилийн ойгоор нь босгож чадаагүй. Энэ жил гэрэлт хөшөө босгох саналыг нутгийнхан, сэхээтнүүд, хамт олон нь их дэмжсэн. Ерөнхийлөгч санаачлаад Хотын захиргаа дэмжсэн. Тендерт нь бид оролцсон боловч миний санаачилсан төсөл унасан. Тийм болохоор хаана, ямар загвартай хөшөө босгох гэж байгаа, ажлын явц ямар байгааг сайн мэдэхгүй байна.
 
-Гэр бүлийнхнийх нь санал уг нь чухал баймаар юм?
 
-Уг нь тийм байх л даа. Би хэлж мэдэхгүй байна.
 
-Танд танилцуулсан зүйл байхгүй юм байна. Тийм үү?
 
-Тийм ээ. Одоогийн байдлаар үзсэн юм алга байна. Удахгүй би буцна. Уг нь наймдугаар сарын сүүлээр учир олдох байх гэж бодож байсан ч сураг алга.
 
-Ц.Дамдинсүрэн гуай олон удаа хэлмэгдсэн байдаг. Тэр тухай та ярьж өгөөч?
 
-Биднийг төрөөгүй байхад 800 бод малтай баян айлын хүүхэд гээд малаа хураалгаснаас эхлээд олон удаа хэлмэгдсэн хүндээ. 1938 онд Японы тагнуулын хэргээр шоронд жил гаран хоригдоод гарсан. Орос-Монгол хэлний толь бичгийн хавсралтад хятад хаадын нэрийг оруулаад, марксизм, ленинизмийг бага оруулсан гээд номоо шатаалгаж байлаа. Зарцуулсан мөнгийг нь аавд тохож байсан. Ер нь нэлээн хэцүү амьдрал туулсан хүн шүү дээ.
 
-Тэр хэцүү амьдрал дуядуур өнөөгийн нийгмийн тулгуур болсон эх хэлийг орчин цаг руу шилжүүлсэн гавьяатай. Тухайн үед энэ ажлыг хийхэд хэр их хугацаа зарцуулж байсан юм бол. Уйгаржин монгол бичгийг крилл үсэгт шилжүүлэхэд ядах юмгүй байсан гэсэн хандлага ч байсан. Гэхдээ дүрмээс эхлээд бүгдийг шилжүүлэх амаргүй ажил байсан байх?
 
-Зохиоход тийм их хугацаа ороогүй байх. Харин хамгаалахад бүх насаа зориулсан. Бүгд мэднэ дээ. 1940-өөд онд Зөвлөлтийн шахалтаар кирил үсэгт шилжих шаардлагатай болсон. Эхлээд хэд хэдэн хүн оролдсон. Дараа нь манай аав намын тушаалаар тэр ажлыг авсан. Шинэ бичиг зохионо гэдэг уйгаржин бичгийг шууд буулгачихсан хэрэг биш юм. Бүхэл бүтэн шинэ дүрэм зохионо гэдэг мэдээж амаргүй байсан байх.
 
-Орчуулгын үгнүүдийг хэрхэн оруулах вэ гэдгээс эхЛээд олон асуудал бйй шүү дээ?
 
-Тэгэлгүй яахав. Тэр үед нэр томьёоны комисс гэж байсан. Монголд физик, биологи, анагаах ухааны гэх мэт тийм олон нэр томьёо байсангүй. Зармыг нь хэрэглээд явж байна. Орхигдсон юмнууд ч бий. Хэл бол амьд организм шүү дээ. Монгол хэл улам муудаж байна, мөхөж байна гэж шүүмжилцгээдэг. Би ч гэсэн тийм сайн ярихгүй байгаа байх. Гэхдээ энэ шүүмжлэлийг би зөвшөөрдөггүй. Хүссэн хүсээгүй дэлхийн хөгжил хэл соёлд нөлөөлнө. Компьютер, техникийн үг хэллэгүүд сүүлийн үед хүч түрэн гарч ирж байна. Энэ бол яах аргагүй үйл явц юм. Угаасаа дийлэхгүй. Залуучуудын зарим үгийг одоо бид ойлгодоггүй. Энэ бол нуугдаж болохгүй үнэн.
 
 Монгол хэл улам муудаж байна, мөхөж байна гэж шүүмжилцгээдэг. 
 
-Ярианы хэлээр ойлголцоод байгаа хэрнээ бичгийн хэл маш их алдаатай болж байна. Энэ нь таны бодлоор хэлний уналт мөн үү?
 
-Би хэлний чиглэлийн хүн биш л дээ. Өөрийн үзэл санаагаа л хэлж байгаа төдий. Миний бодлоор цахим орчин их нөлөөлж байна. Уран зохиол, ном бага уншдаг болсон байна. Дүрэм бодохгүйгээр шууд бичдэг болсон байна. Үүнийг хэлний уналт гэх үү, үгүй юу сайн хэлж мэдэхгүй юм. Ер нь зөв бичгийн дүрмээ хэрэгжүүлэх л хэрэгтэй.
 
-Манайд ажиглагдаж байгаа зүйл нь хэл бичгийн асуудал дээр олон тал болж маргалддаг асуудал байна. Тэгж бичихгүй, ингэж бичнэ гээд л. Орост ийм маргаан байдаг юм уу?
 
-Байна аа. Гэхдээ орос хэл бол монгол хэлнээс арай эрт утга зохиолын хэвшмэл хэлтэй болж чадсан учраас харьцангуй гайгүй.
 
-Та хамгийн сүүлд Монголын орчин цагийн утга зохиолын номнуудаас ямар бүтээл уншив?
 
-Хэлэхэд хэцүү юм. Хуучин зохиолыг бол уншиж байна. Орчин цагийн уран зохиолыг маш бага уншиж байна. Энэ миний буруу байх.
 
-Аавын тань тухай үргэлжлүүлэн ярилцъя. Түүний хэл шинжлэлийн салбарт бүтээсэн бүхэн хэвлэгдэн гарч чадсан уу. Дутуу орхигдсон зүйл байгаа юу?
 
-Ааваас хойш олон жил өнгөрчээ. Хэд хэдэн ойг нь бид тэмдэглэсэн. Тэр үед нооргуудыг эс тооцвол хэвлэгдээгүй үлдсэн зүйл бараг байхгүй байх. Миний санаа зовж байсан зүйл бол өдрийн тэмдэглэл нь байсан. Аав мань 1959 оноос хойш бараг өдөр болгон өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Хэдэн арван дэвтэр нь надад байгаа. Шинэ, хуучин үсгээр, тайлагдахгүй үсгээр бичсэн нь ч бий. Би цахим хэлбэрт оруулж байгаа. Талаас илүүг нь оруулчихсан байгаа.
 
-Эрдэм номтой хүний үр хүүхэддээ хэлдэг байсан захиас юу байсан бол?
 
-Хүн бүр, сэтгүүлч болгон надаас ингэж асуудаг юм. Манай аав сургаал, захиас хэлж байгаагүй. Би гурван ахтай. Хоёр нь өнөөдөр энэ орчлонд алга. Аав бидэнд “За чи ингээрэй, ингэх хэрэгтэй” гэж хэлсэн удаа нэг ч байхгүй. Тэр өөрөөрөө л үлгэрлэсэн. Их хөгжилтэй, шоглоомтой хүн байсан. Тэр чанар манайханд бас бий. Өглөөнөөс орой хүртэл ажилладаг хөдөлмөрч хүн байсан. Тийм л байх ёстой гэж ах нар ч, би ч хичээж ирсэн.
 
-Та энэ жил Дорнодод очив уу?
 
-Очиж чадсангүй. Нутгийнхнаасаа уучлалт гуйсан. Тэд маань харин ирж уулзсан шүү.
 
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин